Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 389

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 04 өдөр           Дугаар 128/ШШ2020/0389          Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Н” ХХК,

Хариуцагч: БОАЖС,

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А нарыг оролцуулав.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Н” ХХК нь Байгаль орчны сайдын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/329 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн амны хязгаарлалтын бүсэд байрлах 10 га газрыг ашиглах эрхтэй болсон.

Тухайн газарт холбогдох гэрчилгээг авч, зохих журмын дагуу гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ Богдхан уулын хамгаалалтын захиргаанд удаа дараа гаргаж байсан. Гэтэл захиргааны байгууллагаас гурвалсан гэрээг байгуулж өгдөггүй атлаа зохих хүсэлтүүдийг шийдвэрлээгүй юм. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 531 тоот албан бичгээр Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар мэдэгддэг. 2018 оны Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр гарсан.

2018 оны маргаан бүхий тушаалыг 2020 онд нэхэмжлэгч компани мэдсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх сонсгох ажиллагааг хийх ёстой. Мэдэгдэх сонсгох ажиллагааг зохих ёсоор хийсэн гэж үзэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа хийхдээ газрын эрх цуцалсан бол мэдэгдэх сонсгох ажиллагааг иргэн хуулийн этгээдэд тус бүрт нь хийх ёстой суурь зарчим байдаг.

1997 онд батлагдсан Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу гэрээ байгуулагдсанаар түүний үндсэн дээр ашиглах боломж нь бүрдэнэ. 2018 онд Сайдын тушаал гарахад хүчин төгөлдөр өөрчлөх боломж байсан. Сайдын тушаал нь нэгдүгээрт шийдвэр гаргах ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Бодит хууль зүйн үндэслэл байхгүй учраас Байгаль орчны сайдын 2018 оны 05 дугаар 07-ны өдрийн А/121 тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан...” гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. БОАЖСын 2018 оны 05 дугаар 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөлтэй газарт 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэж тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон байдаг. Тухайн үед нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн учраас зарим аж ахуй нэгжүүдэд сонсгох ажиллагаа явуулаагүй гэдэг нь тогтоогдохгүй. Богдхан уулын хамгаалалтын захиргаанд ямар нэгэн байдлаар гардуулсан баримт байхгүй. “Монгол шуудан” ХК-иар баримтжуулан дамжуулагдсан зүйл байхгүй учраас хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа “БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тодорхойлжээ.

 Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн, болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.

Анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-319 дүгээр тушаалаар Тусгай хамгалалттай газар нутагт газар ашиглах хүсэлт гаргасан “Н” ХХК-д Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс Ташгайн аманд 10 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож, газар ашиглах гэрчилгээ олгожээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дуаар албан бичгээр газар ашиглах эрх авсан газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг хүргүүлсний дунд нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр багтсан байна.

Дээрх албан бичгийг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Тусгай хамгаалалттай  нутгийн удирдлагын газраас өөрийн цахим хуудаст улсын тусгай хамгаалалттай  газруудад газар ашиглагч иргэн, хуулийн этгээдэд зориулан газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл бүрдсэн болохыг  мэдэгдсэн зарыг тавьж, энэ зарын 77-д “Н” ХХК-ийн нэр бичигдсэн байна.

 БОАЖСын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар 78 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эхийг дуусгавар болгож шийдвэрлэснээс 53-д “Н” ХХК-ийн  нэр орсон байх бөгөөд хариуцагчаас  энэ талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч “Монгол шуудан” ХХК, болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас тус шүүхэд ирүүлсэн албан бичигт дээрх тушаалыг хүргүүлж байгаагүй талаар баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон нэхэмжлэгчийг оролцуулан хийсэн газрын үзлэгээр тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон.

 Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл  ямар ч хариу аваагүй тул тухайн газраа ашиглах болон газрын төлбөрөө төлөх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзвэл тус компани  захиргааны байгууллагад анх 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хамгийн сүүлд 2019 оны  01 дүгээр сарын 07-ны өдөр гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ гаргаж байсан болох нь нотлогдож байгаа хэдий ч үнийг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл гэж үзэхгүй.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9-д тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам зэргийг тогтоох бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад олгосон, энэхүү эрхийнхээ хүрээнд Байгаль орчны сайд 2001 онд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам батлах тухай 218 дугаар тушаалыг гаргаж,тус журмын 3 дугаар зүйлийн 3.4-д “…гэрчилгээ  олгосон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг заасан байна.

Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуйн нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-т “иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад газар ашиглах тухай хүсэлт гаргах”, 36 дугаар зүйлийн 1-д “төрийн  захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газар ашиглуулах шийдвэр гаргах” гэж тус тус заасны дагуу газар ашиглагчийн эрх үүрэг нь эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар үүсэхээр байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасны дагуу газар ашиглах эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд гэрээ байгуулах нь сум, дүүргийн Засаг даргын үүрэг боловч тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглагчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй юм.

Нэхэмжлэгч нар нь газар ашиглах эрх үүсч, газар ашиглах эрхийн гэрчилгээ эзэмшсэн хугацаанаас буюу 2014 оны 09 дугаар сараас хойш тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь газар ашиглах гэрээ байгуулаагүйтэй холбоогүй,  энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч нарыг газраа зориулалтын дагуу ашиглахад эрх бүхий байгууллага, аливаа этгээдээс ямар нэгэн саад учруулсан, гэрээ байгуулахаас зайлсхийсэн, эсхүл гэрээгүй гэдгээр хориглосон гэх баримт тогтоогдоогүй, газар ашиглах гэрчилгээ авснаас хойш газраа ашиглаагүйг гэрээ байгуулагдаагүйгээс болсон гэж үзэж, хүндэтгэх шалтгаанд тооцох боломжгүй юм.

Нөгөө талаар гэрээ байгуулсны дараа газраа ашиглах байсан гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг хүлээж авах боломжгүй, нэгэнт гурвалсан гэрээний талуудыг гэрээгээ байгуулахгүй байсныг хууль бус гэж үзсэн бол уг асуудлыг эрх бүхий байгууллага, албан хандаж шийдвэрлүүлж байгаагүйгээс үзвэл энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгч  тухайн газрыг ашиглахтай холбоотойгоор 2014 оноос хойш маргаан бүхий акт гарсан 2018 оны хооронд хийж батлуулсан бичиг баримт байгаа эсэхийг тодруулахад 2014 онд батлуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнээс өөр  нотлох баримт гаргаж өгөөгүй, 2015 онд улсын байцаагчийн “…газар ашиглах гэрчилгээнд заагдсан солбилцлын цэгийг тогтоолгүйгээр хашаа барьсан нийтийн эзэмшлийн зам гарцыг хааж хашаалсан…” гэсэн үндэслэлээр албан шаардлага авч байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн “...хуулиар тогтоосон журмыг баримталж, гэрээ байгуулж, газрын төлбөрөө зохих ёсоор төлсний дараа газраа ашиглая гэж үзсэн компаниудын эрхийг ийнхүү цуцалж байгаа нь төрийн захиргааны албан тушаалтны буруутай үйл ажиллагаа” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3,  106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлээр БОАЖСад холбогдуулан гаргасан “БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ