Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1029

 

                                                        М.М-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Буяндэлгэр,

хохирогч Г.Бямбасүрэн,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,     

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1704000950076 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Цахар овгийн М.М-, 1996 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Багануур дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            М.М- нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Мянган Уулс” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа, 7 настай Ж.Тэмүүжингийн уг дэлгүүрт гээгдүүлсэн иргэн Г.Бямбасүрэнгийн Хаан банкны 5750117521 дугаарын дансны картнаас 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд 120 удаагийн үйлдлээр 556.550 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газраас М.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.М-г гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.М-гаас 556.550 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Бямбасүрэнд олгож, М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие бусдын карт дэлгүүрт орхигдсон талаар мэдээгүй, уг картнаас мөнгө аваагүй. Анхан шатны шүүхээс намайг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь, шүүхээс үндэслэл болгосон нотлох баримтууд нь намайг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл нотолбол зохих зүйл буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг мөрдөгч, прокуророос эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй байхад шүүх буруу шийдвэр гаргалаа. Мөн насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа тул ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байна. Тухайлбал насанд хүрээгүй гэрчийн өгсөн мэдүүлгүүд тогтворгүй байдаг бөгөөд түүнийг таньж олуулах ажиллагаанд оролцуулахдаа хууль ёсны төлөөлөгчийг нь байлцуулаагүй байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан надад холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Г.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэв.

Шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасан. Гэвч энэхүү хэргийн гол нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан байдаг. Тухайлбал, насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжингийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх буюу энэ хэргийн хохирогч Г.Бямбасүрэнг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хохирогч нь насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа тул хууль ёсны төлөөлөгчөөр хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг тогтоох нь зүйтэй байсан. Энэ нь цаашлаад хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулсан байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн насанд хүрээгүй гэрчийг таньж олуулах ажиллагаанд оролцуулахдаа түүний хууль ёсны төлөөлөгчийг байлцуулаагүй, таньж олох этгээд нь өөрөө байсаар байтал түүний гэрэл зургийг ашигласан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих шаардлагыг зөрчсөн. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтуудыг үндэслэж М.М-г гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Б.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М-гийн гэмт үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

М.М- нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мянган Уулс” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа, 7 настай Ж.Тэмүүжингийн уг дэлгүүрээс худалдан авалт хийснийхээ дараа гээгдүүлсэн “иргэн Г.Бямбасүрэнгийн Хаан банкны 5750117521 дугаартай дансны” картнаас 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд 120 удаагийн үйлдлээр 556.550 төгрөгийг завшсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Хохирогч Г.Бямбасүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5750117521 дугаартай дансны картаа хүү Ж.Тэмүүжинд өгч, дэлгүүрээс худалдан авалт хийлгэхээр явуулснаас хойш 2017 оны 8 дугаар сарын 30-наас 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд данснаас нь 120 удаагийн гүйлгээгээр нийт 556.550 төгрөг “Мянган-Уулс” нэртэй хүнсний дэлгүүрийн дансанд өөрт мэдэгдэлгүйгээр орсон байсан /хх-ийн 13, 32-34, 228-229/ талаар, насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжин нь “...тухайн өдөр “Мянган-Уулс” нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, өөрийн эх Г.Бямбасүрэнгийн өгсөн банкны картаар худалдан авалт хийсэн, гарахдаа кассан дээр картаа мартсан...” /хх-ийн 36-37/ талаар тус тус мэдүүлсэн нь Хаан банкны 5750117521 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25-26/-аар давхар нотлогдсон бол шүүгдэгч М.М- нь тухайн хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Мянган-Уулс” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа, тус дэлгүүрийн банкны карт уншигч ПОС төхөөрөмжийг хариуцан ажиллуулж, зөвхөн өөрөө гүйлгээ хийж байсан, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус дэлгүүрээр үйлчлүүлсэн Ж.Тэмүүжингийн гээгдүүлсэн банкны картыг олж авч, уг картны эзэмшигчид мэдэгдэлгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд 120 удаагийн гүйлгээгээр /4950 хүртэлх төгрөгөөр/ нийт 556.550 төгрөгийг банкны карт уншигч ПОС төхөөрөмж ашиглан өөрт завшсан болох нь гэрч П.Цолмон /хх-ийн 14, 38, 40-41, 157/, Д.Саруул /хх-ийн 41-43, 169/, Н.Гиваамаа /хх-ийн 44/, Б.Ариунзул /хх-ийн 166/ нарын мэдүүлэг, “Мянган-Уулс” хүнсний дэлгүүрт картаар үйлчлүүлсэн иргэдийн гүйлгээний мэдээлэл /хх-ийн 27-29/, насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжингээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, уг ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31/ зэргээр хөдөлбөргүй нотлогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай төдийгүй хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан байна.

Шүүгдэгч М.М- давж заалдах гомдолдоо, мөн түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжингийн хууль ёсны төлөөлөгчөөр хохирогч Г.Бямбасүрэнг тогтоосон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаанд, таньж олуулах этгээд болох М.М-, П.Цолмон нарыг биеэр оролцуулах боломжтой байсан атал тэдгээрийн гэрэл зургийг ашиглан таньж олуулсан нь хууль зөрчсөн...” гэжээ.

Хохирогч Г.Бямбасүрэн, насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжин нар нь энэ хэрэгт нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд бөгөөд насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжингийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх Г.Бямбасүрэнг тогтоосон нь хуульд харшлахгүй юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь зөвхөн өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох асуудалд хамаарахаар байна.

Хэргийн материалаас үзэхэд, гэрч П.Цолмонг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зорилгоор түүний 99944384 дугаарын утас руу 2017 оны 11 дүгээр сарын 16, 29-ний өдрүүдэд удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан талаар мөрдөгчийн тэмдэглэлд тусгагджээ. Улмаар гэрч П.Цолмонг биеэр ирүүлэх боломжгүй байдлыг харгалзан П.Цолмон, М.М- нарын гэрэл зургийг ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр таньж олуулах ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Үүнээс гадна, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 01 минутаас 20 цаг 20 минутад П.Цолмонгоос гэрчийн мэдүүлэг авсан байх ба эдгээр ажиллагаанууд нь цаг хугацааны хувьд тус тусдаа явагдсан болохыг дурьдах зүйтэй.

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон зүйлийг бусдад мэдэгдэхгүйгээр авч, хууль бусаар завшиж, өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах эрх олсноор энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.   

Анхан шатны шүүх М.М-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө, … бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тус тус тогтоосон байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр М.М-д холбогдох дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр М.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан маргасан шүүгдэгч М.М-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Цахар овгийн Мөнхбаярын М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                   Н.БАТСАЙХАН