Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0125

 

2016 оны 2 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0125

Улаанбаатар хот

 

М.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч М.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй, М.Д-н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Түргэн сумын Ойн ангийн даргаар томилогдон ажилласан юм. 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тухайн ажил үүргийг хангалттай сайн гүйцэтгэж байсан. 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга Г.Б ирж миний ажил шалгасан. Тухайн үед ийм шалгалт хийх талаар надад хэлээгүй гэнэт ирсэн бөгөөд ямар чиглэлээр шалгалт явуулж байгааг би мэдээгүй. Гэтэл тухайн оны 8 дугаар сараас эхлээд ажлаа өг гэдэг байдлаар шахалт үзүүлж эхэлсэн. Хамгийн сүүлд 2015 оны 1 дүгээр сарын 10-ны үед Хууль зүйн хэлтсийн дарга намайг дуудаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өг гэсэн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өглөө ажилдаа ирэхэд 2015.01.23-нд өөрийг тань ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж гарсан байгаа гээд миний ажлыг хүлээж авахаар комисс ирсэн байсан. Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэлийг дурдсан байсан. Миний бие дээрх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь 1 дэх үндэслэлийн хувьд миний урьд эрхэлж байсан Түргэн сумын Ойн ангийн даргын ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд миний оронд Түргэн сумын Ойн ангид инженерээр ажиллаж байсан хүнийг томилсон. 2 дахь үндэслэлийн хувьд миний ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон комиссын дүгнэлт гараагүй. Ийм учраас намайг ажлаас чөлөөлсөн Аймгийн Засаг даргын 2015.01.23-ны өдрийн Б/02 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие анх Сум дундын 24 дүгээр шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх тухайн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэргийн давж заалдах шатны 6-р шүүх хэргийг хянан хэлэлцээд тухайн маргаан нь иргэний хэргийн маргаан бус захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан байна гэж шийдвэрлэсэн тул танай шүүхэд хандаж байна. Иймд Увс аймгийн Засаг даргын ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Түргэн сумын ойн ангийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 4297860 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Д-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Түргэн сумын Сум дундын Ойн ангийн даргаар ажиллаж байсан М.Д-д холбогдох гомдол, мэдээллүүд Аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас 70452222-д удаа дараа ирж байсан. Үүний дагуу Аймгийн Засаг даргаас баталсан мониторингийн удирдамжийн дагуу Аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Г.Б, ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн З.С нар нь Түргэн сумын Сум дундын ойн ангид санхүүгийн анхан шатны болон тушаал, шийдвэр, бусад баримт бичигт хяналт, шалгалт хийсэн байдаг. Энэ хяналт шалгалтын явцад олон ноцтой зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон ба гаргасан зөрчил дутагдлын талаар Сум дундын Ойн ангийн дарга М.Д, хамт олонд нь танилцуулсан. М.Д нь гаргасан алдаа дутагдал, зөрчлийг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Үүнийг тухайн үед хамт байсан ажилтнууд нотолно. Сум дундын Ойн ангийн дарга М.Д нь албан бичиг хэргийн стандарт барьж ажилладаггүй, төрийн хууль тогтоомжийг илтэд ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан тогтоогдсон байдаг. Ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар М.Д-д танилцуулсан болохоос, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өг гэж элдвээр дарамталсан зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Увс аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/518 дугаар захирамжаар Түргэн сумын Сум дундын Ойн ангийн дарга М.Д нь мэргэжил, ур чадварын хувьд үүрэгт ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж байгаа эсэхэд үнэлгээ хийж ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг ойн ангийн дарга М.Д-г ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгааг давхар тогтоосон байдаг. М.Д нь уг ажил, албыг хаших мэргэжлийн бус хүн юм. М.Д-г мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажилдаа тэнцэхгүй болохыг ажлын хэсэг тогтоосон байдаг. Аймгийн Засаг дарга ажлын хэсэг байгуулсан захирамжаа Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан. М.Д-н нэхэмжлэлтэй холбогдуулан нэмэлт нотлох баримт, тайлбарыг гаргаж өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н овогтой Г би 2007 онд Улаангом хотын 1-р сургуулийг 11-р анги, 2011 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2013 онд Увс аймгийн Түргэн суман дахь Сум дундын ойн ангид Ойн инженерийн орон тоонд сонгон шалгаруулалтад орж улмаар тэнцэж Ойн ангийн даргын 2013 оны Б/8 тоот тушаалаар томилогдон ажилласан. Аймгийн Засаг даргын 2015.01.23-ны өдрийн Б/03 тоот захирамжаар намайг Түргэн суман дахь Сум дундын Ойн ангийн даргаар томилон ажиллуулах шийдвэр гарсан. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.О-р ахлуулсан ажлын хэсэг Ойн ангийн даргын ажлыг хүлээлцүүлсэн. 2015.01.26-ны өдрөөс эхлэн өдийг хүртэл Түргэн суман дахь сум дундын ойн ангийн даргын үүргийг гүйцэтгэж байна. Аймгийн Засаг даргын 2015.01.23-ны өдрийн Б/02 тоот захирамжаар Түргэн суман дахь сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байсан М.Д-г ямар шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлснийг би мэдэхгүй. Харин 2014.07.17-ны өдөр Аймгийн Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг, мөн 2014.10.14-ны өдөр Аймгийн Байгаль орчны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Түргэн суман дахь сум дундын Ойн ангийн үйл ажиллагаа болон санхүү, бичиг баримтын шалгалтыг тус тус явуулсан. Уг шалгалтын үеэр би өөрөө Ойн нөөц, ашиглалт, хамгаалалт хариуцсан инженерээр ажиллаж байсан ба хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулж шалгуулж байсан. 2015.01.26-ны өдөр ажил хүлээлцүүлэхдээ өөртөө ашиглаж байсан байгууллагын зарим багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй болно.

Тухайлбал: дружба хөрөө, зургийн аппарат, халаагч тень, хөрөөний цепь гэх мэт нийт 531000 /таван зуун гучин нэгэн мянга/ төгрөгийн. Түргэн суман дахь сум дундын ойн ангийн 2014 оны төсвийн гүйцэтгэлээр 3.000.000 /гурван сая/ орчим төгрөгийн өртэй гарсан ба 2015 онд ажил хүлээж авснаас хойш өрийн хэмжээг 50 хувиар бууруулан ажиллаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2011 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Түргэн сумын ойн ангийн даргаар ажиллаж байсан. 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өглөө ажилдаа ирэхэд намайг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын шийдвэр гарсан байсан. Тэгээд ажлын хэсэг ирж миний ажлыг хүлээлцүүлээд 2015 оны 1 дүгээр сарын 23-аар миний ажлыг дуусгавар болгоод чөлөөлсөн. Ойн ангид инженерээр ажиллаж байсан Н.Г-г томилсон шийдвэр гарсан байсан. Тэгээд 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дараа нь хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан. Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Тэгээд энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн. Мөн хуучин ажиллаж байсан Түргэн сумын сум дундын ойн ангийн даргаар томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Түргэн сумын Сум дундын Ойн ангийн даргаар ажиллаж байсан М.Д-н талаар иргэдээс гомдол мэдээлэл аймгийн Засаг даргын тамгын газрын 70452222 утсанд их ирдэг байсан. Энэхүү ирж байсан гомдол мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын баталсан мониторингийн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн. Гаргасан зөрчил дутагдлын талаар танилцуулахад М.Д болон хамт олонд нь танилцуулсан. М.Д нь гаргасан алдаа дутагдал, зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Үүнийг тухайн үед хамт байсан ажлын хамт олон нь нотолно. Сум дундын ойн ангийн дарга М.Д нь албан хэрэг хөтлөлтийн стандарт баримталж ажилладаггүй, төрийн хууль тогтоомж ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдсон байдаг. Ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар М.Д-д танилцуулсан болохоос ажлаа хүлээлгэж өг гэж дарамталсан зүйл байхгүй. Увс аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 518 дугаартай захирамжаар Түргэн сумын Сум дундын ойн ангийн дарга М.Д нь мэргэжил ур чадварын хувьд үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэж байгаа эсэхэд үнэлгээ хийж ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг Сум дундын ойн ангийн дарга М.Д-г ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгааг давхар тогтоосон. М.Д нь уг ажил албыг хашихад мэргэжлийн бус хүн юм. М.Д-г мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэдгийг уг ажлын хэсэг тогтоосон байдаг. Увс аймгийн Засаг дарга ажлын хэсэг байгуулсан захирамжаа хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан гэжээ.

Гуравдагч этгээд Н.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би Увс аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/23 дугаартай захирамжаар Түргэн сумын Сум дундын ойн ангийн даргаар томилогдсон. М.Д-г ажлаас чөлөөлж намайг томилохдоо Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.О-р ахлуулсан ажлын хэсэг ирж ажил хүлээлцүүлсэн. М.Д-г ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь надад хамааралгүй гэж үзэж байна. 2014 онд Ойн анги дээр шалгалтууд ирж хийгдэж байсан. Тухайн үед шалгалтын дүнг танилцуулаад явдаг байсан. Надад өөр тайлбар байхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Д-н өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: М.Д-н шүүхэд гаргасан Увс аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж Түргэн сумын ойн ангийн даргын ажилд эргүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Яагаад гэвэл Увс аймгийн Засаг даргын М.Д-г ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Захирамжийн гол үндэслэлээ болгосон хуулийн холбогдох заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтуудыг баримталсан нь М.Д-н ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлтэй нийцэхгүй байгаа. Учир нь Түргэн сумын ойн ангийн бүтэц орон тоо хасагдсан боловч ойн ангийн даргын албан тушаал хадгалагдаж байгаа. Энэ албан тушаал дээр тухайн үед инженерээр ажиллаж байсан Н.Г томилогдон ажиллаж байгаа.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар М.Д-г мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэж үзсэн. Гэтэл М.Д нь бакалаврын боловсролтой, Улаанбаатар их сургуульд магистрын сургалтад сураад төгсөж байгаа. Энэ талаар сургалтын албаны бичиг, кредит цагийн тооцоо зэрэг баримтууд нь байгаа. М.Д 2012 онд Мод бэлтгэлийн талбай тусгаарлалт, Ойн хортон шавж судалгаа тэмцлийн ажлын үр дүн 2013 онд ойн болон газарзүйн мэдээллийн сангийн программ хангамжтай ажиллах сэдэвт сургалтуудад хамрагдаж шалгалтдаа тэнцэж ирсэн байдаг. Хариуцагчийн зүгээс М.Д-г ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна. Хууль буруу хэрэглэсэн, тушаал хавсралттай гэсэн хэрнэ хавсралтгүй байсан гэдгийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол Увс аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаартай захирамж нь хуульд байхгүй заалт хэрэглэсэн байгаа. Хууль буруу хэрэглэсэн нь ноцтой зөрчил гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн М.Д-г ашиг сонирхлын зөрчил гаргасан, бусад ноцтой зөрчлүүд гаргасан гэж тайлбарласан байдаг.

Тухайн үед М.Д энэ ноцтой зөрчлүүдийг гаргаад байсан бол 2014 оны 8 дугаар сард уг шалгалт хийгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт тухайн сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд тухайн зөрчилд нь таарсан сахилгын шийтгэл оногдуулна гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл 2014 оны 8, 10 дугаар сард шалгалтууд хийгдсэн. 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлж байгаа нь илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн. Мөн ажлаас чөлөөлөх тухай захирамжид М.Д-тэй холбоотой хуулийн зохицуулалт байхгүй байгаа. Хариуцагчийн төлөөлөгчийн дурдаад байгаа ноцтой зөрчлүүд гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлах ёстой байсан. Энэ заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно гэж заасан байдаг. Хууль тухайн гаргасан зөрчилтэйгөө нийцэж байх ёстой.

Гэтэл энэ бол нийцэхгүй байна. Ажлын хэсгийн дүгнэлт нь мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэсэн комиссын шийдвэр юм гэж хариуцагчийн зүгээс тайлбарласан. Гэрч Б.Р-н мэдүүлэгт удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгээгүй ажлын хэсгийн ахлагч надад яг энэ удирдамжийн дагуу хийнэ гэж танилцуулаагүй гэсэн байдаг. Бид мэргэжил ур чадварын хувьд тэнцэнэ, тэнцэхгүй гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм. Зөвхөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгадаг. Хуулиар бол манай байгууллагатай зөвшилцөж шалгалт хийх ёстой. Гэтэл шалгалт хийх талаар албан тоот ирүүлээгүй, даргад утсаар мэдэгдсэн байсан. Тухайн шалгалт ямар зорилготой байсныг би сайн мэдэхгүй гэх мэдүүлэг, Б.Р нь дүгнэлт гаргасан гэх этгээдүүдийн нэг нь байгаа. Үүнийг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэлт гаргасан гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа. Гэрч Г.Н-н мэдүүлэгт тухайн үед удирдамж байгаагүй. Аймгийн Засаг даргын захирамжийг удирдамж гэж ойлгосон. Шалгалт хийсэн ажлын хэсэг намайг хөдөө томилолтоор явж байх үед хуралдсан гэж байсан. Би тухайн үед нь саналаа өгөөд явсан. Манайх акт тавьдаггүй зөвхөн заавар зөвлөмж гаргадаг байсан гэж мэдүүлэг өгсөн. Тэгэхлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд Улсын дээд шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаартай тайлбар байдаг. Ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар төрийн буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон энгийн хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны шийдвэр дүгнэлт гаргасан байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Тэгэхлээр М.Д-г ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэсэн албан ёсны шийдвэр гараагүй.

М.Д-г мэргэжлийн бус хүн юм гэдгийг өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байсан. Хариуцагчийн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаан дээр энэ талаар ярьж байсан учраас үүнийг тодруулж хэлэх нь зүйтэй байна. 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын дүрэм заавар батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар ойн ангийн дүрмийг баталсан байдаг. Энэ дүрмийн 6.2.1 дэх хэсэгт ойн ангийн дарга ойн чиглэлийн дээд боловсролтой хүн байна гэж заасан байсан. Гэтэл энэ дүрэм нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/155 дугаартай тушаалаар хүчингүй болсон. Өнөөдөр хэрэгт авагдсан байгаа Засаг даргын захирамжаар батлагдсан ойн ангийн дүрэм дээр ойн ангийн дарга ойн чиглэлээр дээд боловсролтой байна гэсэн шаардлага байхгүй байгаа. Хариуцагчийн М.Д нь мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэсэн тайлбар нь ингэж үгүйсгэгдэж байна. Тэгэхлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчсөн. М-н Ш гэдэг хүүхэд 2012 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Энэ хүүхэд М.Д-н хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байхад 3 нас хүрээгүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд жирэмсэн эмэгтэй, 3 нас хүрээгүй хүүхэдтэй эхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад зөрчил гаргасан үед ажлаас халж болохгүй гэж заасан байдаг. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь хэсэгт Аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн Байгаль орчны газрын харьяанд ойн асуудал эрхэлсэн нэгж байгууллагын бүтэц, орон тоо, дүрмийг батлан тэдгээрийн даргыг тухайн Байгаль орчны газрын даргатай зөвшилцөж томилох ёстой байдаг. Мөн аймгийн Засаг даргын баталсан ойн ангийн дүрэм дээр үүнийг зааж өгсөн байдаг. М.Д-г ажлаас чөлөөлөхдөө аймгийн Байгаль орчны газрын даргатай зөвшилцсөн зүйл байхгүй. Тийм учраас Увс аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, М.Д-н урьд эрхэлж байсан Түргэн сумын ойн ангийн даргын ажилд эргүүлэн тогтоохыг даалгах, мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.6, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Д-г Түргэн сумын Сум дундын ойн ангийн даргын ажилд эгүүлэн томилохыг Увс аймгийн Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-аас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны /9 сар 15 хоногийн/ цалин нийт 6958440 /зургаан сая есөн зуун тавин найман мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Түргэн сумын иргэдээс Түргэн сумын Сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байсан М.Д-тэй холбоотой гомдол, мэдээллүүд аймгийн Засаг даргын Тамгын газрын нээлттэй утас 70452222-д удаа дараа ирж байсан. Түргэн сумын Сум дундын ойн ангийн дарга М.Д нь өөрийн нөхөр болох Э овогтой М-г 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 дүгээр тушаалаар тус ойн ангид жолоочоор ажилд авсан байдаг.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 11, 12, 23 дугаар зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байдаг.

Аймгийн Засаг даргаас баталсан мониторингийн удирдамжийн дагуу аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Г.Б, ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн З.С нар нь Түргэн сумын Сум дундын ойн ангийн санхүүгийн анхан шатны болон тушаал, шийдвэр, бусад баримт бичигт хяналт шалгалт хийж, зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан. Тухайн үед гаргасан зөрчил, ажлын алдаа дутагдлаа М.Д дарга хүлээн зөвшөөрч, өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу ажлын хэсэг томилж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилласан.

Иймээс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Д-ээс Увс аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжаар Увс аймгийн Түргэн сумын Сум дундын ойн ангийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, уг ажил албан тушаалыг хаших мэргэжлийн бус хүн, ажлыг нь шалгахад зөрчил, дутагдал илэрсэн гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гарган маргажээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Ц нэхэмжлэгч М.Д-г Увс аймгийн Түргэн сумын Сум дундын ойн ангийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх захирамждаа “Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11 дүгээр зүйлийн 11.13 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн гэж” нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг заасан боловч хуульд байхгүй заалтыг баримталсан, үндэслэлүүд нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан үндэслэлээс зөрүүтэй, өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актад заасан байгууллага салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлснээс ажлаас чөлөөлөх болсон, түүнчлэн мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдал бий болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...Засаг даргаас баталсан мониторингийн удирдамжийн дагуу Г.Б, З.С нар шалгалт хийж, зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан. Тухайн үед гаргасан зөрчил, дутагдлаа М.Д хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан...” гэж дурджээ.

Увс аймгийн Засаг даргын баталсан 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Сумдад ажиллах мониторингийн удирдамж”-ын дагуу аймгийн 19 сумдад хавар цагийн цаг үеийн ажил байдалтай танилцаж, бүтээн байгуулалт, засвар тохижилтын ажлын явцыг эрчимжүүлэх, зөвлөн туслах зорилгоор ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдсон байна.

Дээрх мониторингийн удирдамжийн дагуу Түргэн суманд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдоогүй аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Г.Б, мэргэжилтэн Ж.С нар Түргэн сумын Сум дундын ойн ангид шалгалт хийж, алдаа зөрчил илрүүлсэн талаар дүгнэлт бичиж, мониторингийн удирдамжийн дагуу шалгалт хийсэн хэмээн танилцуулсан нь удирдамжид заасан зорилгодоо нийцээгүйгээс гадна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байна”, 4.1.6 дахь хэсэгт “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ” гэсэн хяналт шалгалтын зарчимтай нийцээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн “...Хууль зүйн хэлтсийн дарга Батмөнх ирж миний ажлыг шалгасан. Тухайн үед шалгалт хийх талаар надад хэлээгүй гэнэт ирсэн, ямар чиглэлээр шалгалт явуулж байгааг би мэдээгүй...”  гэсэн тайлбар үндэстэй байна.

Уг хяналт шалгалтын дараа аймгийн Засаг дарга дахин 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдөр А/518 дугаар захирамж гаргаж, нэхэмжлэгч М.Д нь мэргэжил, ур чадварын хувьд үүрэгт ажилдаа тэнцэж байгаа эсэхэд үнэлгээ хийж, хянан шалгах ажлын хэсэг байгуулан дүнг танилцуулахыг үүрэг болгожээ.

Захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр М.Д-г мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэж байгаа эсэх талаар хяналт шалгалт явуулж, М.Д зохих ёсоор үүргээ гүйцэтгэдэггүй, үйл ажиллагаатай холбоотой зөрчил илэрсэн, ойн ангийн дарга ойн чиглэлээр дээд боловсролтой, мэдлэг, дадлага, туршлагатай байх гэсэн шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргаснаар хариуцагч уг дүгнэлтийг М.Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх нэг үндэслэл болгож, маргаан бүхий захирамж гаргасныг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд аймгийн Засаг дарга хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулахаар арга хэмжээ авах эрхтэй хэдий ч уг хяналт шалгалт нь хуульд заасан журмын дагуу явагдах ёстой бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд удирдамжид шалгалтын зорилго, арга хэлбэр, шалгалтын хүрээ, эхлэх, дуусах хугацаа зэргийг тусгаж, мөн зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэхээр байна.

Хуульд хяналт шалгалтыг албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу явуулж, удирдамжид заасан асуудлын хүрээнд шалгахаар зохицуулсан байхад баталсан удирдамжгүйгээр хяналт шалгалт явуулж, нэхэмжлэгчийг ажил мэргэжилдээ тэнцэхгүй талаар дүгнэлт гарган хуульд заасан журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн ажил мэргэжилдээ тэнцсэн эсэх нь аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр бус, харин тухайн салбарын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоогдож тэнцсэн эсэх тухай шийдвэр гаргасан байхыг ойлгох бөгөөд Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд хөдөлмөрийн удирдлагыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд ажлаас чөлөөлөх ёстой юм. Гэтэл хариуцагч аймгийн Засаг дарга хуульд заасан хяналт шалгалт явуулах журмыг зөрчиж явуулсан хяналт шалгалтаар эрхэлсэн ажил мэргэжилдээ тэнцэхгүй хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр байна.

Хэрэгт нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны 2 өөр тодорхойлолт авагдсан байх бөгөөд түүнийг ажилд томилогдох үед мөрдөгдөж байсан ажлын байрны тодорхойлолтод Засаг даргын А/518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр боловсруулж, баталсан тодорхойлолт дээрх шаардлага тавигдаагүй байсан тул сүүлд гарсан тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд өмнөх ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаж байсан болох нь нэхэмжлэгчийн дипломын хуулбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч М.Д-г ажилд нь эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу, учир нь шүүх ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоосон тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийг дахин томилох шийдвэр гарахгүй юм.                   Иймд шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтын “...ажилд эгүүлэн томилохыг Увс аймгийн Засаг даргад даалгаж...” гэснийг “...ажилд эгүүлэн тогтоож...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ