Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0488

 

“Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, гуравдагч этгээд Ц.Д*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 12 дугаар зүйлийн 12.6.3-т заасныг баримтлан Н*******т холбогдуулан гаргасан Ц.Д*******ийн үйлчилгээний барилга /эскиз зураг хувилбар-2/-ын зургийг баталж зөвшөөрсөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн үйлдэл, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Ц.Д*******ийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар оруулсан өөрчлөлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Ц.Д*******ийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хууль буруу хэрэглэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар иргэн Ц.Д*******ид Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 215 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсгийг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, барилга байгууламж барих эрх олгогдоогүй зөвхөн газар эзэмших эрхтэй байсан.

Гэтэл хариуцагч Н******* Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг зөрчин нийслэлийн Засаг даргын барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гараагүй байхад иргэн Ц.Д*******ид 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бусаар батлан өгсөн. Мөн барилгын зургийг баталж зөвшөөрсөн нь үндэслэлгүй. Холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн Засаг дарга эзэмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай захирамж гаргадаг. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Э*******” ХХК-д барилга барих захирамж, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн байна гэх 8/1077 тоот албан тоот өгсөн нь үүнийг нотолно.

Иргэн Ц.Д******* нь 2012 оны зунаас 215 м.кв эзэмшил газраасаа хэтрүүлэн 259 м.кв газарт барилга барьж эхэлсэн. Тухайн үед Ц.Д*******ид архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл байгаагүй. Үүнийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн барилга угсралтын ажлыг зогсоох тухай 02-07-81/1413 тоот албан шаардлага, 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай албан шаардлага гарч, шалган тогтоосон.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 3/10 дугаар тогтоолын 4-д “Газар эзэмших, ашиглах эрх болон барилга байгууламж барих тухай иргэн, аж ахуйн нэгж, бапгууллагын өргөдөл, хүсэлтийг дараах тохиолдолд нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа болон холбогдох бусад байгууллагууд зохих зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байхыг үүрэг болгосугай гээд 4.2-т “Эзэмшил ашиглалтад олгосон газрын хэмжээнээс хэтрүүлэн нийтийн эдэлбэр болон бусдын эзэмшил газарт оруулан барилга байгууламж барихаар төлөвлөсөн”, 4.5-д “Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 183 дугаар тушаалаар Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журмын дагуу төслийн хэлэлцүүлэг хийгээгүй, олон нийтийн санал аваагүй”, 4.7-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан болон барилга угсралтын ажил эхлүүлсний дараа барилга барих зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлт” гэж заасан.

Дээр дурдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/644 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн 4.3-д “Дараах тохиолдолд газрын болон барилгын зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй” гээд 4.3.2-т “Эзэмшил ашиглалтад олгосон газрын хэмжээнээс хэтрүүлэн нийтийн эдэлбэр болон бусдын эзэмшил газарт оруулан барилга байгууламж барихаар төлөвлөсөн”, 4.3.5-д “Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 183 дугаар тушаалаар батлагдсан Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журмын дагуу төслийн хэлэлцүүлэг хийгдээгүй, олон нийтийн санал авалгүйгээр хүсэлт ирүүлсэн”, 4.3.7-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан болон барилга угсралтын ажил эхлүүлсний дараа барилга барих зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлт ирүүлсэн” гэжээ.

Хариуцагч дээр дурдсан тогтоол, захирамжийг зөрчиж, иргэн Ц.Д*******ийн барилгын зургийг 2 удаа баталж, архитектур төлөвлөлтийн даалгавар гарган, нэмэлт оруулсан нь хууль бус гэж үзэж байна.

Иргэн Ц.Д*******ийн 18.0х14.4 метр хэмжээтэй зоорьтой 10 давхар барилгын газар шороо, суурь, 5, 10 давхрын хэв хашмалын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 207/2013 тоот зөвшөөрлийг 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгоод, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүчингүй болгосон байдаг. Гаргасан зөрчил дутагдлаа арилгаагүй, барилгын норм ба дүрэм зөрчигдсөн хэвээр байхад 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18.0х10.0 метр хэмжээтэй зоорьтой 4 давхар барилгын газар шороо, суурь, 1, 4 давхрын хэв хашмалын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 521/2013 тоот зөвшөөрлийг дахин олгосон.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Э*******” ХХК-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 тоот тогтоолын 4.5 дугаар зүйлд заасанчлан орчны оршин суугчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвшилцөн санал хүсэлтийг бичгээр авч дээрх зөрчлүүдийг арилгах хүртэл барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг өгөхгүй тухай албан ёсоор иргэн Ц.Д*******ид мэдэгдсэн болно гэх 8/1077 тоот албан тоот өгсөн. Гэтэл иргэн Ц.Д******* нь орчны оршин суугчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвшилцөн, тэдний санал хүсэлтийг өнөөдрийг хүртэл аваагүй байгаа.

Батлагдсан 2 зургаар маргаж буй барилга, “Э*******” ХХК-ийн барилгын хоорондох зай 2,9 метр байхаар төлөвлөгдсөн, бодит байдал дээр ийм зайтай байгаа.

Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтээс харахад энэхүү барилга хоорондын зай 8 метрээс багагүй байх ёстой.

Хавтаст хэрэгт авагдсан онцгой байдлын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20/31 тоот дүгнэлтээр: “Э*******” ХХК-ийн барилга нь гал тэсвэршилтийн III зэрэгт хамаарна. Энэ тохиолдолд заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 3-д гадна ханандаа цонхгүй барилгын гал тусгаарлах хамгаалалтын зайг гал тэсвэршилтийн III-IV зэрэгтэй барилгаас бусад барилгад 20 хувь хүртэл бууруулахыг зөвшөөрнө гэснийг баримтлан барилга хоорондын зайг 8 метрээс багасган төлөвлөж болохгүй гэсэн үг. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.8, 22 дугаар зүйлийн 22.1.3, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг тус тус зөрчиж байна.

Маргаж буй барилга, түүний зүүн талд байрлах цахилгааны дэд өртөө нь сууриараа 2,9 метр, консолиороо 1,2 метр зайтай баригдсан бөгөөд батлагдсан зургаараа ч тийм байгаа. Энэ нь Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн нэгийн 3, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын еренхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга иргэн Ц.Д*******ийн үйлчилгээний барилгын зургийг баталж зөвшөөрөх үндэслэл байхгүй.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/224 дүгээр захирамжаар иргэн Ц.Д*******ид 215 м.кв газар эзэмшүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбай нь 70 хувиас ихгүй гэсэн атлаа үндэслэлгүйгээр 180 м.кв газарт барилга барихыг зөвшөөрсөн байдаг. 215 м.кв газрын 70 хувь нь 150,5 м.кв болохоос 180 м.кв биш. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дутаар зүйлийн 12.6.3, 12.8, 22 дугаар зүйлийн 22.1.1, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11-д заасныг тус тус зөрчсөн.

Мөн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 5758 дугаар захирамж гарч, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс иргэн Ц.Д*******ийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар нэмэлт өөрчлөлт оруулж, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны актад хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулж баталсан хариуцагчийн үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Барилгажих талбайн схем зурагт нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн өмчлөлийн хими цэвэрлэгээний барилгыг Т үсгээр тэмдэглэн ямар нэгэн тайлбар бичээгүй, объект байхгүй мэтээр харагдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, зурган дээрээс маргаж буй газар дээр барилга, байгууламж барихтай холбоотой зөвшөөрөл олгох, зураг төсөл техникийн баримт бичиг батлахад “Э*******” ХХК-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг харагдуулахгүй байх зорилготой.

Хариуцагч тал холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу суурин болон хээрийн судалгаа хийх ёстой байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Суурин судалгаагаар кадастрын нэгдсэн бүртгэлээс “Э*******” ХХК-ийн өмчлөлийн барилгыг харах боломжтой. Харин хээрийн судалгаагаар шинээр баригдаж буй барилгын 2 талд компанийн өмч болон цахилгааны дэд өртөө байрлаж байгааг, хоорондын зай нь барилгын норм ба дүрэм, стандарт зөрчигдсөн болохыг тогтоох боломжтой.

Гуравдагч этгээд Ц.Д******* нь маргаан бүхий газрыг анх 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар эзэмших, ашиглах эрхтэй болсон гэдэг боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддогтүй.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 485 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Д*******ид 66 м.кв газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон. П.Д*******ийн 2003 онд газар ашиглах эрх авахдаа өгсөн бүрдүүлбэр байгаа. Иргэн П.Д*******оос гэрчийн мэдүүлэг авсан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн.

Иргэн П.Д*******ийн 66 м.кв газар ашиглах эрх 2005 онд дууссан байтал 2012 онд Ц.Д*******ид хэмжээг нь томсгон 215 м.кв газар эзэмшүүлэхдээ энэ 2 хүнийг 1 хүн мэтээр бичиг баримт бүрдүүлснийг анхан шатны шүүх бодитой үнэлж дүгнээгүй.

Анхан шатны шүүх гуравдагч этгээд Ц.Д*******ийг өмнө нь эзэмшиж байсан газар дээрээ үйл ажиллагаа явуулж байсан хуучин павилионы суурийг томсгож барилга барихаар төлөвлөсөн байх тул холбогдох дүрэм журам, ерөнхий төлөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагагүй гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн.

Маргаан бүхий барилга нь 66 м.кв газарт баригдсан тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй. “Э*******” ХХК нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй. Нөгөө талаас хэрэгт павильон байсан, түүнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан гэх нотлох баримт авагдаагүй. Иргэн П.Д******* 2003-2005 онд 66 м.кв газар ашиглах эрхтэй байсан, харин гуравдагч этгээд Ц.Д******* 2012 онд 215 м.кв эзэмшил газрынхаа 180 м.кв газарт барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй.

Хэрэгт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 354 дүгээр шийдвэр авагдсан. Уг шийдвэрээр зөвхөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн. Харин маргаан бүхий актуудтай холбоотой шүүхийн шийдвэр биш.

... Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн актуудын улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болон зэргэлдээх барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдал алдагдаагүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/224 дүгээр захирамжаар иргэн Ц.Д*******ид Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байршилтай 215 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд Ц.Д******* нь уг газартаа барилга барих зөвшөөрөл хүссэний дагуу нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын эскиз зургийг баталж, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосноор барилгын ажлаа эхлүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын барилгын /эскиз зураг хувилбар 2/ зургийг баталсан үйлдэл, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг хүчингүй болгуулах үндэслэлээ дэмжин тайлбарлаж буй Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Барилга угсралтын ажлыг зогсоох тухай” 02-07-81/1413, 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” 02-07-81/626 дугаар албан шаардлагууд нь тухайн актуудыг гарахаас өмнө буюу Ц.Д*******ийн үйлчилгээтэй, орон сууцны 18.0х14.4 м хэмжээтэй, 10 давхар барилга баригдаж байх үед гарсан байх бөгөөд гуравдагч этгээд нь уг албан шаардлагуудын дараа барилгын өндрийг 4 давхар, барилгажих талбайн хэмжээг 18.0х10.0 м болгон багасгажээ.

Гэтэл гуравдагч этгээд Ц.Д*******ийн барилга нь холбогдох хууль, норм, дүрмийн заалтуудыг зөрчиж байгаа тул цаашид үргэлжлүүлэн барих боломжгүй талаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/065/671 дүгээр дүгнэлт гарч, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн мөн өдрийн 08/065/113 дугаартай “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” акт гарсан байна.

Улмаар иргэн Ц.Д******* нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлснээр түүний 4 давхар, үйлчилгээний барилга нь “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” 30.01.04, “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн холбогдох заалтуудыг хангасан талаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/094/627 дугаартай дүгнэлт гарснаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн мөн өдрийн “Барилга угсралтын үйл ажиллагааг сэргээх тухай” 07/094/92 дугаар актаар Ц.Д*******ийн үйлчилгээтэй барилгын барилга угсралтын үйл ажиллагааг сэргээсэн байна.

Түүнчлэн Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд гуравдагч этгээд Ц.Д*******ийн 4 давхар үйлчилгээний барилгын ажлын зураг төсөв, гүйцэтгэлийн ажилтай танилцаж, эрчим хүчний норм, дүрэмд дэд станцын барилгад байх хамгаалалтын зурвасын талаар тодорхой заалт байдаггүй, дэд өртөөнд ажил үйлчилгээ явуулахад орц, гарцад нөлөөлөхгүй, “Э*******” ХХК болон иргэн Ц.Д*******ийн барилга хоорондын хана нь цонх, хаалгагүй бөгөөд тус тусын барилгад галын машин 3 талаар орж, гарах боломжтой байдлуудыг тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дүгнэлт гаргасан байна.

Ийнхүү хэрэгт авагдсан шинжээчийн болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүдэд гуравдагч этгээдийн барилгыг холбогдох хууль тогтоомж, барилгын норм дүрмийг зөрчсөн гэж дүгнээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан Ц.Д*******ийн барилга нь барилгын болон эрчим хүчний холбогдох хууль, норм, дүрмийг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Үүнээс гадна маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайг 18.0х10.0 метр гэж заасан байх боловч Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т заасан “төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй нь цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол байх“ гэсэн шаардлага нь өөрийн эзэмшил газарт байсан павильоныг буулгаж, шинээр барилга барихаар төлөвлөж байгаа тохиолдолд хамааралгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрх байдлаар хариуцагч маргаан бүхий актуудыг гаргахдаа нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

                    ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН