Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 25

 

Н.Энхчимэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Энхчимэг, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 755 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0740 дүгээр магадлалтай, Н.Энхчимэгийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 755 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 21 дүгээр зүйлийн 21.2, 17 дугаар зүйлийн 17.4, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Энхчимэгийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0740 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Энхчимэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, адил чанарын өөр ажил, албан тушаалд Н.Энхчимэгийг томилж ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн “2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалинг гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Н.Энхчимэг нь 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш одоог хүртэл ажил, албан тушаал эрхлээгүй, мөн нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа ажилд орох хүсэлтээ 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргаснаас хойшхи хугацаанд ажил эрхлээгүй байх тул хуульд зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэж Н.Энхчимэгт 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалинг олгох үндэслэлгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар тушаалаар тус газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.

Н.Энхчимэг нь Австрали Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Сиднейн их сургуульд суралцах болсон тул Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 441, 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаартай тушаалуудаар түүнийг төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэн, Ашигт малтмалын газартай 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай 83 дугаартай “Гадаадад суралцуулах сургалтын гэрээ”-г байгуулсан.

Н.Энхчимэг нь суралцах хугацаандаа буюу 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Австрали улсад хүү А.Мөнхбаясгаланг төрүүлж, энэ тухайгаа хариуцагч талд мэдэгдсэний үндсэн дээр хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас жирэмсний тэтгэмж олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг.

Тэрээр 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сургуулиа төгсөж Монгол Улсад ирээд хүүгээ 1 нас 5 сартай байхад буюу 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмалын газрын даргад хандаж ажилд орох хүсэлтээ гаргасан боловч хариуцагч тал 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2/7135 тоот албан бичгээр “орон тоо цомхотгосон тул сул орон тоо байхгүй” гэсэн үндэслэлээр ажилд нь томилоогүй байсан.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 36 дугаар зүйлийн 36.2-д “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Н.Энхчимэгийг ажил, албан тушаалд томилж, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байсан.

Хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Н.Энхчимэг ажил эрхлээгүй, эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх түүнийг өөрөө сайн дураараа ажил эрхлээгүй, хүүхдээ асарч байсан мэтээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Н.Энхчимэгт 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ТЗ-6-2 зэрэглэлтэй дүйцэх ажил, албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0740 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1-д зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч Н.Энхчимэгт ТЗ-6-2 зэрэглэлтэй дүйцэх ажил, албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнийг ажилгүй байсан хугацаанд буюу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Ашигт малтмалын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Захиргаа, хамтын ажиллагааны тасаг /хуучин нэрээр/-ийн мэргэжилтэн Намсрайжавын Энхчимэгийг Австрали улсад англи хэлний бэлтгэл сургалтанд 6 сарын хугацаагаар суралцах болсонтой холбогдуулан Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 441, 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлж, төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Н.Энхчимэгийг хүүхэд асрах чөлөө эдлэх эрхтэй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн фактыг буруу дүгнэж, өөр эрх зүйн зохицуулалт бүхий харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийг хэрэглэж, улмаар үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Н.Энхчимэг нь Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдөж, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэнээс хойш Ашигт малтмалын газар /хуучнаар/-аас ямар ч тушаал гараагүй бөгөөд түүнийг ажилд томилсон, эсхүл хүүхэд асрах чөлөө олгосон эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хуулийн дагуу жирэмсний тэтгэмж тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байснаас...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжпэгч Н.Энхчимэг нь Ашигт малталын газартай 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Гадаадад суралцуулах сургалтын гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээ болон Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаар тушаалд заасны дагуу түүний суралцах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлөхөөр заасны дагуу төлөгдсөн болно.

 Түүнчлэн гэрчээр асуугдсан Ашигт малтмал, газрын тосны газрын нягтлан бодогч У.Цэвэлмаагийн тайлбарт ч энэ талаар тодорхой дурдсан байдаг.

3. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, мөн зүйлийн 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд хуульд заасны дагуу нөөцөд бүртгэлтэй иргэдээс холбогдох журамд заасны дагуу нөхөхөөр заасан.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын “Тав”-д сул орон тоо гарсан тохиолдолд нөөцийн бүртгэлээс хэрхэн нөхөх журмыг нарийвчлан зохицуулсан байна. Гэвч Н.Энхчимэгийг ажилд орох хүсэлт гаргах үед буюу 2015 оны 08 дугаар сард Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст мэргэжилтэний сул орон тоо байхгүй байсан тул түүнийг томилох боломжгүй байсан. Нэгэнт сул орон тоо байхгүй тул түүний ажилд томилуулах хүсэлт /өргөдөл/-д Ашигт малтмалын газраас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2/7135 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь үндэслэлтэй юм.

4. Н.Энхчимэгт Ашигт малтмалын газраас албан бичгээр 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2/7135 тоот албан бичгээр хариу өгсөн бөгөөд уг албан бичгийг хүлээн авснаас хойш 8 сарын дараа Төрийн албаны зөвлөл, 9 сарын дараа шүүхэд ийнхүү хандаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байхад шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

Дээр дурдснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0740 дугаартай магадлал хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж чадаагүй,  Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг зарим шаардлагыг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасантай нийцээгүй байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан  Н.Энхчимэг нь Монгол-Австрали Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, Австрали Улсын Сиднейн их сургуульд магистрийн зэрэг олгох сургалтад 1 жил 3 сарын хугацаатай суралцах болсноор тус агентлагийн даргын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас түр чөлөөлж, төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор шийдвэрлэжээ.

Мөн Ашигт малтмалын газар, Н.Энхчимэг нарын хооронд “Гадаадад суралцуулах сургалтын гэрээ”-г 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс  2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэхээр байгуулж, уг гэрээгээр суралцагч нь суралцаж ирээд захиалагч байгууллагын томилсон албан тушаалд 3-аас доошгүй жил ажиллах, суралцагчийг төгсөж ирэхэд нь суралцсан чиглэлийн дагуу ажил, эсхүл өмнө ажиллаж байсан ажлын байраар хангах үүргийг талууд харилцан хүлээсэн байна. 

Төрийн жинхэнэ албан хаагч нь гурван сараас дээш хугацааны сургалтаар  бэлтгэгдэх болсон нь түүнийг захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болох, ийнхүү түр чөлөөлөгдсөнөөр “төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох” –ыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсгүүдэд тодорхой заажээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ...гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, цэргийн жинхэнэ алба хаах болсон зэрэг мөн зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”,  4.2 дахь хэсэгт “Энэхүү журмын ... 2.2.1, ...т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн  бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж зааснаас үзвэл Н.Энхчимэг нь одоог хүртэл нөөцийн бүртгэлд хэвээр байгаа гэж үзэхээр байна.

Иймээс Н.Энхчимэг нь урт хугацааны сургалтад хамрагдан, төрийн албанаас түр чөлөөлөгдөж, нөөцөд байгаад тооцохоор шийдвэрлэгдсэнээс үүсэх  үр дагавар, хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой асуудал нь дээрх хууль болон холбогдох журмаар зохицуулагдах юм.

Тодруулбал, Н.Энхчимэг сургалтаа дуусгаж, төрийн жинхэнэ албанд орох асуудал нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон уг албан тушаалыг нөөцийн сангаас нөхөх талаар дээр дурдсан журамд зааснаар хэрэгжих учиртай, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Н.Энхчимэг нь төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байх хугацаанд хүүхэд төрүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан “хүүхэд асрах чөлөө”-ний хугацаанд хамруулах үндэслэлгүйг буюу хүүхэд асрах чөлөөний талаарх зохицуулалт  нь ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд хамаарах талаар анхан шатны шүүхийн шийдвэрт зөв дүгнэсэн, давж заалдах шатны шүүх ажил үүргээ гүйцэтгээгүй харилцаанд дээрх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.  

     Иймд “...ажилдаа орох тухай...” нэхэмжлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан хүсэлтэд хариуцагч захиргааны байгууллага 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “... ажлын байрны сул орон тоо байхгүй...” тухай мэдэгдсэнийг буруутгах, үүнийг “ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй” гэж тооцох үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулах тухай Н.Энхчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0740 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ