Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

        2022         03           03                                      2022/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гд холбогдох эрүүгийн 2219000000048 дугаартай хэргийг 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Залуучууд гудамжны 317-27 тоотод хохирогч З.Оыг хөлөөрөө хавсарч унаган, нуруун тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Э.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө эхнэрийн дүү болох А.Тий гэрт очиход эхнэр хэдэн хүмүүстэй хэрэлдэж байсан. Би хажуу өрөөнд нь байсан. Эхнэр “Г хайраа” гэж дуудахаар нь очтол нэг хүн эхнэрийн үснээс зулгаасан, хэдэн залуус тойрч зогссон байдалтай байсан. Хамгийн наад талд нь зогсож байсан залууг зүүн мөрөн дээрээс нь татаж аваад хавсарч унагаасан. Тухайн айлаас гарч ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Тэгээд би гэртээ харьсан гэсэн мэдүүлэг,  

Хохирогч З.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд тэр эмэгтэй нөгөө хэд рүү хэл амаар дайраад байж байсан би тэр эмэгтэй рүү хэдэн юм хэлээд байж байтал гаднаас нэг танихгүй нөхөр намайг хоёр хөлийг хавирч унагаагаад унасан хойно миний нуруу руу 2-3 удаа өшиглөөд унагасан ....тэгээд нөгөө 3 залуугийн дуудсан эмэгтэй намайг түшээд байрнаас гаргасан тэгээд тэндээсээ эхнэрээ дуудаад хамт эмнэлэг рүү явсан .... одоогийн байдлаар Э.Г нь миний биед учруулсан хохирол болох 330.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа гэхдээ хоорондоо уулзах үед төлж барагдуулахаа илэрхийлсэн .... гэсэн мэдүүлэг, ( хавтаст хэргийн 6, 43 дугаар тал),

 

Гэрч А.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэнд нөгөө танихгүй залуу Урангоо эгчтэй хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд Урангоо эгч Г гээд дуудах шиг болсон. Тэгсэн чинь Г манай өрөөнөөс том өрөө рүү орж очоод нөгөө залууг заамдаад унагасан .... гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/078  дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 45 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө  Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Залуучууд гудамжны 317-27 тоот байранд хохирогч З.Оыг хөлөөрөө хавсарч унаган, нуруун тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч З.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд тэр эмэгтэй нөгөө хэд рүү хэл амаар дайраад байж байсан би тэр эмэгтэй рүү хэдэн юм хэлээд байж байтал гаднаас нэг танихгүй нөхөр намайг хоёр хөл хавирч унагаагаад унасан хойно миний нуруу руу 2-3 удаа өшиглөөд унагасан ... гэсэн мэдүүлэг, гэрч А.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г манай өрөөнөөс том өрөө рүү орж очоод нөгөө залууг заамдаад унагасан .... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/078  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Г нь хохирогч З.Оын биед тархи доргилт, зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна.

 

Шүүгдэгч Э.Ггийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч З.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Гд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр нь шүүгдэгч Э.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Гд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Э.Ггийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулав.

 

Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Гд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй,иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН