| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/00555/И |
| Дугаар | 102/ШШ2017/01157 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/01157
| 2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/01157 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүрэг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Их үүсгэлийн байрны зүүн хашаанд байрлах, “Иннова” ХХК /РД:2835339/-д холбогдох 77,524,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иннова” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 51 682 859 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 19 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан заалтын дагуу “Иннова” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 51,682,859 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 25,841,429 төгрөг, бүгд 77,524,288 төгрөгийг “Иннова” ХХК-ийн хөрөнгөөе гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэгт “Иннова” ХХК нь Баянгол дүүрэг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн шимтгэл төлөлтийн 51,682,859 төгрөг, алданги 25,841,429 төгрөг, бүгд 77,524,288 төгрөг нэхэмжилсэн талууд харилцан тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч “Иннова” ХХК нь 10,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь алдангий 25,841,429 төгрөгөөс татгалзаж, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 10,000,000 төгрөг тухайн сарын шимтгэл 2,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 12,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сард 12,682,859 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 77,524,288 төгрөгийг хариуцагч “Иннова” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 77,524,288 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алданги 25,841,429 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Иннова” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн. 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 10,000,000 төгрөг, тухайн сарын шимтгэл 2,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 12,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сард 12,682,859 төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна” гэжээ.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 77,524,288 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын алданги 25,841,429 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Иннова” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн. 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 10,000,000 төгрөг, тухайн сарын шимтгэл 2,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 12,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сард 12,682,859 төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Иннова” ХХК-иас 208,182 төгрөгийг гаргуулж /2602002965/ улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР