Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01006

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01006

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 16 дугаар байр, 185 тоотод оршин байх, “Пюрхаус” ХХК /5672805/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 дугаар байр, 33 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Ганболд /РД: ЧЗ83102215/ -д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 7,515,740.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Пюрхаус” ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Пюрхаус” ХХК нь тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Алтай хотхоны нийт 11 орон сууцны суугчидтай гэрээ байгуулсны үндсэн дээр дундын өмчлөлийн орон сууцны байшингийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. Л.Ганболд нь тус хотхоны 18 дугаар байрны 33 тоотод оршин суудаг ба тус байр ашиглалтад орсон цагаас буюу 2013 оны 03 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир, халуун ус, халаалт, дулааны үйлчилгээний хураамж, цахилгаан, цахилгааны суурь үнэ, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул, хог, гэрэлтүүлэг, лифт, жижүүрийн төлбөрт 2013 онд 966,474.12 төгрөг, 2014 онд 1,508,003.35 төгрөг, 2015 онд 1,502,808.93 төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 1,216,062.6 төгрөгийн, нийт 5,193,349 төгрөгийг төлөөгүй, гэрээний дагуу алдангийг тооцоход 2,322,391.27 төгрөг, нийт 7,515,740.27 төгрөг болоод байна. Иймд энэхүү төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Пюрхаус” ХХК нь хариуцагч Л.Ганболдод холбогдуулан 2016 оны 3 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир, халуун ус, халаалт, дулааны үйлчилгээний хураамж, цахилгаан, цахилгааны суурь үнэ, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул, хог, гэрэлтүүлэг, лифт, жижүүрийн төлбөрт 5,193,349 төгрөг, алданги 2,322,391.27 төгрөг, нийт 7,515,740.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хариуцагч Л.Ганболдод шүүх хуралдааны товыг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр мэдэгдэж, хариуцагч баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу “хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Пюрхаус” ХХК нь 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Алтай” хотхоны 8, 10, 12, 14, 16, 18, 20, 25, 27, 29, 31 дүгээр байруудын цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгаа, цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцаж ажиллахаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуулгын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 39 дугаартай Тусгай зөвшөөрлөөр эрх олгогдсон.

 

Мөн нэхэмжлэгч “Пюрхаус” ХХК нь хариуцагч Л.Ганболдтой 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээг тус тус байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Алтай” хотхоны 18 дугаар байрны 33 тоот орон сууцны халаалт, халуун ус, цэвэр, бохир ус, харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, лифт, нийтийн эзэмшлийн талбайн засвар үйлчилгээг хариуцахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.” гэж зааснаар хариуцагчаас ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Л.Ганболд нь халаалт, цэвэр, бохир, халуун ус, халаалт, дулааны үйлчилгээний хураамж, цахилгаан, цахилгааны суурь үнэ, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул, хог, гэрэлтүүлэг, лифт, жижүүрийн төлбөрт 2013 онд 966,474.12 төгрөг, 2014 онд 1,508,003.35 төгрөг, 2015 онд 1,502,808.93 төгрөг, 2016 оны 1-ээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 1,216,062.6 төгрөг, нийт 5,193,349 төгрөгийг төлөөгүй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээний 4.1-д “Орон сууц өмчлөгч, эзэмшигч нь орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрөө дараа сарын 25-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд төлөх бөгөөд алдангийн хэмжээ нь хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байна” гэж заасны дагуу алдангид 2,322,391.27 төгрөг, нийт 7,515,740.27 төгрөгийг хариуцагч Л.Ганболдоос гаргуулж нэхэмжлэгч “Пюрхаус” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Ганболдоос 7,515,740.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Пюрхаус” ХХК-д олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 135,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 135,202  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР