Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

     

   2022         03           07                                      2022/ШЦТ/41

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ат холбогдох эрүүгийн 2219000000018 дугаартай хэргийг 2022 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .........

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.А нь Дорноговь аймгийн ........... 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.Чийг бусадтай хардан хэрүүл маргаан хийх явцдаа О.Чийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 07-56 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон ар талын салхины шил рүү блок буюу чулуу шидэн хагалж 460.000 төгрөгийн,

мөн Жэй траст инвест ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй Д.Оийн эзэмшлийн Хонда инсайд маркийн 35-32 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон ар талын салхины шил, хажуугийн 2 толь руу чулуу шидэн хагалж 625.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Т.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр эхнэрийн гар утсанд мессеж ирсэн болохоор хардаад гэрээс гартал хадам ээжийн машин байхаар нь цонхыг нь хагалж дараа нь өөрийнхөө машины цонхыг хагалсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...өөрийн эзэмшлийн Хонда инсайд маркийн мөнгөлөг саарал өнгийн 35-32 УББ улсын дугаартай автомашинтай .... 15 цаг 20 минутад очиход хүргэн А болон Чг 2 хоорондоо хэрэлдэж байхаар нь би гэрт ороод “та 2 яагаад муудаад байдаг юм, ядаргаатай юм бэ” гэж хэлэхэд хүргэн А нь надад хандаж “танай охин чинь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөр эрэгтэй хүнтэй мессежээр харилцсан байна” гэхээр нь би “яахаараа хүнтэй харилцаад мессеж бичээд байдаг юм, наад хүн чинь байнгын ажилтай байдаг хүндээ” гэж хариулсан. Хүргэн А архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хүргэн охин хоёр хэрэлдэж байхад охин, хүргэн Ат хандаж миний утас, машины түлхүүрийг өгчхөөд гэрээс явдаа гэж хэлсэн ...би хүргэний ар талаас барих үед намайг гэрийн баруун талын шкаф руу түлхчихээд гараад явсан. Би араас нь гарахад хүргэн А нь хашааны гадаа миний Хонда инсайд маркийн машины ар талын салхины шилийг чулуугаар цохисон, мөн урд талын салхины шил рүү 2 удаа чулуу  шидэж хагалсан, мөн 2 толь хагалсан байсан. Миний машины салхины шилийг хагалчхаад өөрийнхөө хашаан догор байсан приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд, ард салхины шил рүү блокны талыг шидэж хагалж байхыг харсан. Машины шил хагалчхаад хашаанаас гараад явсан, гомдолтой байгаа, харин миний эзэмшлийн Хонда инсайд маркийн машины ар талын салхины шилийг чулуугаар цохиж цууралт үүсгэсэн, мөн урд салхины шил рүү 2 удаа чулуугаар шидэж хагалсан, мөн 2 талын толь хагарсан байсан ...тус тээврийн хэрэгсэл нөхөр Д.Энхбат бид хоёрын дундын эзэмшил юм, А хохирлыг төлж барагдуулсан ...миний зүгээс Т.Ат холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 9-10, 13дугаар тал),

 

Хохирогч О.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нөхөр Атай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн үед ажилдаа буюу Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлэхээр машинтайгаа гэрээс гараад элс авдаг хогийн хонхорт очиж хувийн асуудлаас болж маргаж эхэлсэн. 14 цаг 30 минутын үед гэртээ нөхрийн хамт эргэн ирж гэрт мөн адил муудалцсан. Нөхөртэйгээ муудалцаж байхад ээж ганцаараа орж ирсэн. ...А гэрээс гарах гэхээр нь би гар утас, машины түлхүүр үлдээгээд яв гэж хэлээд куртикнээс нь татахад намайг болон ээжийг түлхчихээд гэрээс гарч явахаар нь би араас нь гарахад А хашааны зүүн талд тавьсан мөнгөлөг өнгийн Хонда инсайд маркийн автомашины арын салхины шилийг газраас чулуу аван 1 удаа, урд талын салхины шилийг 2 удаа чулуугаар цохиж хагалчихаад хашаан дотор байсан миний эзэмшлийн цэнхэр өнгийн приус-20 маркийн машины урд, ард талын салхины шилийг блокоор шидэж хагалчихаад явсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, нөхрийн хамт би 0.75 литрийн соёрхол архи гэрийн гадаа хувааж уусан. ...гомдол, санал байхгүй тул хэргийг хөнгөн шийдэж өгнө үү.... гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 16 дугаар тал),

 

ХАС үнэлгээ ХХК-ны 81, 82 дугаартай “...Тоёота приус 20, О.Ч эзэмшдэг 07-56 ДГН, 2005 онд үйлдвэрлэгдсэн ...нийт 460.000 төгрөг ...Хонда Инсайд, Жэй траст кредит ББСБ эзэмшдэг ...35-32 УББ, 2010 онд үйлдвэрлэгдсэн. ...нийт 625.000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ  ( хавтаст хэргийн 38-42 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 60 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Алтанжолоо 1405 тоотод байрлах өөрийн хашаандаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.Чийг бусадтай хардан хэрүүл маргаан хийх явцдаа түүний эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 07-56 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон ар талын салхины шил рүү блок буюу чулуу шидэн хагалж 460.000 төгрөгийн,

мөн Жэй траст инвест ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй  хадам ээж Д.Оийн эзэмшлийн Хонда инсайд маркийн 35-32 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон ар талын салхины шил, хажуугийн 2 толь руу чулуу шидэн хагалж 625.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... хүргэн А нь хашааны гадаа миний Хонда инсайд маркийн машины ар талын салхины шилийг чулуугаар цохисон, мөн урд талын салхины шил рүү 2 удаа чулуу  шидэж хагалсан, мөн 2 толь хагалсан байсан.” гэсэн мэдүүлэг, хохирогч О.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нөхөр Атай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... 14 цаг 30 минутын ...Нөхөртэйгөө муудалцаж байхад ээж ганцаараа орж ирсэн. ...А гэрээс гарах гэхээр нь би гар утас, машины түлхүүр үлдээгээд яв гэж хэлээд куртикнээс нь татахад намайг болон ээжийг түлхчихээд гэрээс гарч явахаар нь би араас нь гарахад А хашааны зүүн талд тавьсан мөнгөлөг өнгийн Хонда инсайд маркийн автомашины арын салхины шилийг газраас чулуу аван 1 удаа, урд талын салхины шилийг 2 удаа чулуугаар цохиж хагалчихаад хашаан дотор байсан миний эзэмшлийн цэнхэр өнгийн приус-20 маркийн машины урд, ард талын салхины шилийг блокоор шидэж хагалчихаад явсан... гэсэн мэдүүлэг, ХАС үнэлгээ ХХК-ны 81, 82 дугаартай хохирлын үнэлгээ  зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.А нь хохирогч О.Ч,  Д.О нарын тээврийн хэрэгслийн урд болон ар талын салхины шил хажуугийн 2 толийг чулуугаар цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна.

 

Шүүгдэгч Т.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч О.Ч,  Д.О нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Ат прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболд нь шүүгдэгч Т.Ат холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Т.Ат танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Т.Аын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулав.

Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Ат оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН