Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

 

 2022        03            22                                      2022/ШЦТ/48

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болор,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... Бд холбогдох эрүүгийн 2219000000040 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт 34-71 УБМ улсын дугаартай ниссан кубе маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.”; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: б. “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.”, мөн дүрмийн 12.3. дугаар зүйлд заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр замд явж байгаад нэг мэдэхэд л машин онхолдсон гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд манай хадам ээж Ш.Б нь Сайншанд сум руу өөрийнхөө хувиараа ажиллуулдаг “Хос буян ундраа” дэлгүүрийн бараагаа худалдаж авахаар явах гэж байхаар нь би цагаан сарын идээгээ авах санаатай хамт явсан юм. Тухайн үед манай хадам ээжийн автомашинд хадам ээж машинаа бариад, дүү Б жолоочийн хажууд, манай төмөр замын ажилтан Уа нь манай хадам ээжийн ард, би дүү Бын арын суудалд суугаад явж байсан юм. Тэгтэл Зүүнбаян багаас Сайншанд сум руу явж байх замд ойролцоогоор 13км явсны дараа гэнэт машин шарваад л уначихсан. Тэгээд унасныхаа дараа харахад миний дээрээс манай төмөр замын ажилтан Уа миний дээрээс уначихсан байсан бөгөөд Уа бид хоёр машины жолоочийн эсрэг талын хойд талын хаалгыг нээгээд машинаас бууцгаасан. Энэ үйл явдал нь маш хурдан хугацаанд болоод өнгөрчихсөн. ...Манай хадам ээж нээх айхтар хурдан яваад байдаггүй болохоор ойролцоогоор 50-60км цагийн хурдтай л явсан байх. Би яг хурдыг нь хараагүй учраас тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. ...Би өмнө нь нурууны суулт өвчтэй байсан бөгөөд ослоос болж миний нурууны суулт нь хөндөгдсөн байж болзошгүй тул яаралтай Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа. Урьдчилаад миний биед яг ямар гэмтэл учирсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. ...”, “... Манай хадам ээж миний биед учирсан гэмтлийн эмчилгээний мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Надад санал гомдол байхгүй....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 11, 100 дугаар тал),

 

  Гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд манай төмөр замын Ш.Б эгч Сайншанд сум руу өөрийнхөө хувиараа ажиллуулдаг “Хос буян ундраа” дэлгүүрийн бараагаа худалдаж авахаар явах гэж байхаар нь би Сайншанд суманд хоёр ихэр хүүхэд рүүгээ очихоор хамт явсан юм. Тухайн үед Б эгч машинаа бариад, Б эгчийн зээ охин Б жолоочийн хажууд, би жолоочийн ард, Ц нь жолоочийн эсрэг талын арын суудалд суугаад явж байсан юм. Тэгтэл Зүүнбаян багаас Сайншанд сум руу явж байх замд ойролцоогоор 13км явсны дараа гэнэт машин шарваад л уначихсан. Тэгээд унасныхаа дараа харахад би Цгийн дээрээс уначихсан байсан бөгөөд Ц бид хоёр машины жолоочийн эсрэг талын хойд талын хаалгыг нээгээд машинаас бууцгаасан. Энэ үйл явдал нь маш хурдан хугацаанд болоод өнгөрчихсөн. ...Б эгч нээх айхтар хурдан яваад байдаггүй болохоор ойролцоогоор 50-60км цагийн хурдтай л явсан байх. Би яг хурдыг нь хараагүй учраас тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. ...Уг ослоос болж миний цээж, далны орчимд хөндүүрлээд байна. ...”, “... надад санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 13-102 дугаар тал),

 

  Техникийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай “... 34-71 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь зүүн хойд дугуй хагарсан байсныг мэдээгүй замын хөдөлгөөнд оролцож явснаас осол гарахад нөлөөлсөн байна. ... хойд суудлын 3 ширхэг бүс хэвийн ажилтай байгаа нь суудлын бүсийг зорчигч зүүгээгүйг илтгэж байна. ...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 842 дугаартай "... Үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.837.000 төгрөг. ...” гэсэн хохирлын үнэлгээ ( хавтаст хэргийн 28 дугаар тал),

 

  Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/072 дугаартай "... Д.Эийн биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

 

  Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/074 дугаартай “... Т.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 39 дүгээр тал),

 

  Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/075 дугаартай "... Б.Уын бие зүүн бугалганд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ....” гэсэн дүгнэлт( хавтаст хэргийн 65 дугаар тал),

 

  Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн "... 34-71 УБМ улсын дугаартай, хар саарал өнгөтэй, ниссан кубе маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан /..../, 67 настай, эмэгтэй, Баянбогд овогт Шарбанди овогтой Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ. Үүнд: 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.”; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: б. “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.”, мөн дүрмийн 12.3. дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна. ...” гэсэн магадалгаа ( хавтаст хэргийн 72-73 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 77-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт 34-71 УБМ улсын дугаартай ниссан кубе маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.”; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: б. “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.”, мөн дүрмийн 12.3. дугаар зүйлд заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Э, гэрч Б.Уа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Техникийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай “... 34-71 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь зүүн хойд дугуй хагарсан байсныг мэдээгүй замын хөдөлгөөнд оролцож явснаас осол гарахад нөлөөлсөн байна. ... хойд суудлын 3 ширхэг бүс хэвийн ажилтай байгаа нь суудлын бүсийг зорчигч зүүгээгүйг илтгэж байна. ...” гэсэн дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/072 дугаартай "... Д.Эийн биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/074 дугаартай “... Т.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн магадалгаа зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Г.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Ш.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.Бг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй нь шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Ш.Бд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Ш.Бгийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

 

 Шүүгдэгч Ш.Бгийн тэтгэвэр, бусад орлого олох боломж,санхүүгийн чадварыг харгалзан торгох ялыг  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т  зааснаар 6 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч .... Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

          З. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэх төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

           4. Шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН