Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

       

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болор,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... Эид холбогдох эрүүгийн 2219000000042 дугаартай хэргийг 2022 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..........

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч З.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын  12-ны өдөр ..... газарт нутаглах  Ш.Бгийн итгэмжлэн хариуцуулж маллуулахаар үлдээсэн хониноос хар толгойтой эр хонь, хар халзан эр хонь, хар хүзүүтэй бүдүүн эр хонь, шар халзан шүдлэн зөв чих зүрх, буруу их араасаа хайчин эмтэй, сэрээн дээрээ цэнхэр будагтай нийт 4 тооны хонийг завшиж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч З.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байсан архийг уугаад Стай ярьж архи ундаа авчраад нэг хонь аваадах гээд дуудсан. С наашаа ирж байгаад замдаа машин нь эвдрээд над руу ярьсан, тухайн үед би 1 км орчим зайтай ойрхон байсан болохоор очтол С Аыг дуудсан байсан. Тэгээд бид 3 Аын машинтай гэр лүү очоод Сд нэг хонь өгөхөд А 150 000 төгрөгт зарах хонь байна уу, авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2 хонь ачиж өгөөд явуулсан. Шөнө байсан болохоор сайн харагдахгүй хүргэн болох Бгийн хониноос барьж өгсөн байсан. Манай хүргэн Б урьд өдөр нь эмнэлэгт үзүүлэхээр яваад намайг хонио харж бай гээд үлдээсэн байсан юм. Би өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Хохирлыг өөрийн хониноос төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг,  

Хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр хүүхдүүдийн хамт Сайншанд явах гээд хадам ах Эээр малаа харж үлдээгээд орхиод Зүүнбаян баг дээр очиж машинаа засаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 07 цаг 30 минутад Сайншанд явах гээд байж байсан чинь манай хадам ээж Д гэх хөгшин рүү манай хадам ах Э нь залгаад юу хийж байна гээд согтуу утсаар ярихаар нь би хадам ээж Дг хөдөө гэртээ Э дээр аваачиж орхиход хадам ах Э шал согтуу байсан. Тэгээд хадам ээж Д, хадам ах Э хоёрыг хөдөө гэртээ орхичхоод эхнэр 2 хүүхдийн хамт Сайншанд орж ажлаа амжуулаад тэр оройдоо буцаж Зүүнбаянгийн төвд байх гэртээ хоночхоод 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө хөдөө гэртээ очиход Э нь халамцуухан сууж байсан. Тэгээд би хонины хашаан дээр очиход хонь ачсан мөр байсан тухайн үед би хадам ах Эийн архийг нь гайгүй болохоор нь ямар хонь хэнд өгчихвөө гэж асуусан чинь шар халзан шүдлэн эр хонь өгсөн гэж надад хэлсэн. Өөр хонь өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд малаа тоолж үзэхэд 4 эр хонь дутсан. Хар толгойтой эр хонь, хар халзан эр хонь, хар хүзүүтэй бүдүүн эр хонь, шар халзан шүдлэн зөв чих зүрх, буруу их араасаа хайчин эмтэй, сэрээн дээрээ цэнхэр будагтай нийт 4 тооны хонь дутсан байсан. Тэгээд би хадам ээж Дг Зүүнбаян руу гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ байсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө би эхнэр хүүхдүүдийн хамт Сайншанд явах гээд Зүүнбаян руу орж ирсэн байсан. Тухайн үед Э ахыг бас ганцааранг нь үлдээчихсэн байсан тэгсэн араас Зүүнбаян баг дээр ирчихсэн А гэх айлын гадаа явж байхаар нь би уурлаад “яахаараа мал харж байж энд явж байдаг юм бэ” гэж хэлсэн чинь Э “хонь өгсөн үү гэж асуух гээд явж байна” гэж хэлэхээр нь би уурласан. Би тэгээд С буюу хөлгүй С гэж дууддаг хүнтэй уулзаад та нар хонь авсан байна гэж хэлэхэд нэг нь хонь авсан хар халзан хонь авсан гэж хэлэхээр нь одоо хаана байгаан тэр хонь гэж асуухад манай хашаанд таамбарт байгаа гэж хэлэхээр нь очиж үзэхэд манай хар халзан эр хонь байсан. С нь манай хүргэн ах Эид А нь танай хар хүзүүтэй бүдүүн эр хонийг авсан гэж хэлсэн байсан. ... мөн Эийн өөрийнх нэр дээр тоологддог 128 тооны бог мал бас хамт байдаг. Энэ хонинууд бүгд миний нэр тоологдсон байсан хонинууд юм. ...Би нэг хонио 300.000 төгрөгөөр үнэлж байна. 3 хонь нь нас бие гүйцсэн эр хонинууд байсан. Нэг нь шүдлэн эр хонь байсан. Нийт 1.200.000 төгрөгөөр үнэлж байна.А, С, хадам ах Э нараар хонио төлүүлж авмаар байна. Хэдий ах дүү хүргэн ч гэсэн миний малыг захиран зарцуулах эрх Э гэх хүнд байхгүй. ...”,"... Миний зүгээс З.Эээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. З.Э нь миний хониноос авсан бүх хонио өөрийнхөө хониноос нас хүйсээр нь өгсөн тул ямар нэгэн гомдол саналгүй. ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 07-09, 12дугаар тал),

 

Гэрч Р.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 10 билүү 11-ний өдөр манай найз болох Э хөдөө гэрийнхээ буюу хадам дүү Бгийнхээ утсаар залгаад өөрийнхөө ехсеl маркийн 96-11 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очихоор явсан чинь гэрийнх нь наад талд машин эвдэрчихээр нь Аыг утсаар дуудаад машин эвдэрчихлээ хүрээд ирээч ээ гэж хэлээд утсаар дуудсан А нь өөрийнхөө Алион маркийн авто машинтай ирсэн тэгээд бид хоёр Бгийн гэрт буюу Эийн гэрт очиход хашаатай байсан хониноосоо хар хүзүүтэй хонь, хар толгойтой хоёр хонь барьж аваад Аын машины ард хийсэн. Надаар авчруулсан юмнууд нь 80.000 мянган төгрөгийн юм болсон тэрнийхээ оронд надад хар толгойтой эр хонь барьж өгсөн. Харин А нь Этэй уулзаж ярилцаад 150.000 төгрөгөөр хар хүзүүтэй эр хонь худалдаж авахаар тохирсон тэгээд А бид хоёр хонио аваад Зүүнбаян баг явсан. Надад өгсөн хонь нь хар толгойтой эр хонь барьж өгсөн. Харин Ат хар хүзүүтэй эр хонь барьж өгсөн. Энэ хоёр хонины будаг болон имийг анзаарч хараагүй. Энэ биш бид хоёроос өөр хонь ачуулаагүй. Над руу болон А луу утсаар яриагүй. Өөр хүн дуудсан эсэхийг би мэдэхгүй байна. Хөдөө Бгийнхээ гэрт ганцаараа үлдсэн.... би хэчнээн тооны мал байдгийг мэдэхгүй. Ямар имтэйг нь мэдэхгүй. Бгийн имийг малынх нь тоог бас мэдэхгүй байна. Утсаар ярихдаа надад архи, тамхи захиад ирээд оронд нь хонь авчих гэж хэлсэн. Э нь өөрийнхөө хоттой хониноос л бариад өгсөн. Өөрийнх нь л юм байх гэж бодсон. Өөрөө малтай байдаг гэж байсан болохоор. ...”, "... Одоо бид нар нэг нэгэндээ өргүй авах зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19-20, 21 дугаар тал),

 

Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын эхээр яг өдрийн бол санахгүй байна манай Зүүнбаянд амьдардаг С гэдэг залуу утсаар залгаж та ирээд миний машиныг татаад гаргаад өгөөч би хөдөө машинтайгаа явж байгаад суучихлаа гэсэн тэгээд би 21 цагийн үед Зүүнбаянгийн төвөөс баруун хойшоогоо байдаг Баянхошууны өвөлжөө гэдэг газарт очсон тэгэхэд Сын машин нь асахгүй зогсож байсан тэгээд би чирэгчээр чирч хөдөө очих гэж байсан айлд нь хүргэж өгсөн тэгтэл С тэр айлаас 1 хонь худалдаж авч авахаар явж байсан байна лээ тэгээд Э гэх залуугаас 1 хонио авсан тэгэхээр нь би өөр зарах хонь байгаа юу гэж Э гэх залуугаас асуухад байгаа гээд надад 2,3 хонь үзүүлсэн тэгэхээр нь би 150.000 төгрөгөөр 1 хонь авъя гээд дансны дугаарыг нь бичиж аваад 1 хонь авсан тэгээд Сын машиныг тэр айлын гадна үлдээгээд миний машинд С бид хоёр 2 хонио ачаад Зүүнбаян руу буцаад явсан тэгтэл маргааш өглөө нь хонины жинхэнэ эзэн нь гэсэн нэг залуу ирээд Сын худалдаж авсан хонийг буцаагаад аваад явсан тэгэхээр нь би өөртөө байсан хонийг 100.000 төгрөгөөр зараад мөнгийг нь Сд өгсөн. Учир нь С би дэмий яваад хоньгүй шатчихлаа та өөртөө байгаа хонийг 100.000 төгрөгөөр зараад мөнгийг нь надад өгөөч гээд байсан тэгээд би тэр хонийг нь өөрөө худалдаж аваад өөрийнхөө Улаанбаатар хотод байдаг охиндоо өгч явуулсан. Надад дахиад 1 хонь байгааг мэдээгүй байсан юм яагаад гэвэл надад хонь зарсан Э гэдэг залуу над руу утсаар залгаад та өөртөө 1 хонь байгаа гэж битгий хэлээрэй гээд гуйгаад байсан юм тэгээд л би тэр залууг ирж Саас хонио авахад нь өөрт байгаа хонины тухай хэлээгүй юм. Болсон зүйл ийм л зүйл болсон. Анх Э гэдэг залуу л энэ миний мал гэж хэлээд надад хонь зарсан юм. ...”,"... Одоо тэгэхээр бид нар нэг нэгэндээ өргүй гэсэн үг юм. ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 24, 25 дугаар тал),

 

            “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ- 921/2821 дугаартай "... нийт 900.000 төгрөг. ...” гэсэн хохирлын үнэлгээ ( хавтаст хэргийн 27- 29 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 51 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын  12-ны өдөр ..... газарт  Ш.Бгийн итгэмжлэн хариуцуулан үлдээсэн хониноос хар толгойтой эр хонь, хар халзан эр хонь, хар хүзүүтэй бүдүүн эр хонь, шар халзан шүдлэн зөв чих зүрх, буруу их араасаа хайчин эмтэй, сэрээн дээрээ цэнхэр будагтай нийт 4 тооны хонийг завшиж 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ш.Б, гэрч Р.С,  Ж.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,  “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-921/2821 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах,завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл,хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлнэ.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч З.Э нь Ш.Бгийн итгэмжлэн хариуцуулан хонийг маллаж байхдаа 4 тооны хонийг завшиж 900.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна.

 Шүүгдэгч З.Э нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ш.Б нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан байна.

Шүүгдэгч З.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Эид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлөх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй нь шүүгдэгч З.Эид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч З.Эид танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч З.Эийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч З.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч ..... Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан оногдуулсан 1 жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН