Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

   2022          03            28                                  2022/ШЦТ/52

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Болор, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

 Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бод холбогдох эрүүгийн 2119002820071 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, .......

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөөвөр гэх газар хохирогч О.Этай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эын гэрт бярууны засаа идэхээр очсон. Тэнд очиж архи уусан. Машинд сууж байхад Э одоо архи гаргаж ир гэхээр нь  одоо нэмж архи ууж хэрэгггүй гэхэд намайг хэл доромжилсон, тэгээд би Эыг нүүр лүү нь гараараа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: тэндээс шууд өөрийн гэртээ ирээд байж байтал Б нь миний араас хамт ажилладаг Эга, Оийн хамт ажлынхаа Тоёото 105 маркийн машинтай ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд гэрийн үүдэнд баруун тийшээ хараад зогсохоор нь тэр хэдийн машины жолоочийн буруу талын урд талын цонхоор өнгийхөд хоёр суудлын голд 1 шилтэй архи байхаар нь архи байгаа юм байна наад архиа гэрт оруулж уух уу яах юм бэ гэж хэлж байсан түүнээс цааш санахгүй байна нэг мэдсэн чинь тэр хэдийн машины буруу талд зүүн нүднээс цус гарч байсан .... миний нүдний хагалгаанд орсон зардал, эмчилгээний төлбөр Сайншанд сумаас Улаанбаатар хот орох зардлыг М.Б бүгдийг төлсөн тул одоо М.Бод гаргах гомдол санал байхгүй. Миний зүгээс М.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй ....гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 10 дугаар тал),

 

Гэрч Ц.Эгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Эын гэрийн гадаа очоод Оь түрүүлээд машинаас буугаад яваад өгсөн. Би машины арын суудалд сууж байсан. Тэгсэн чинь Э машины урд зогсож байгаад орилоод явчихсан. Боо чинь намайг цохичихлоо гээд орилоод унасан. Буугаад харахад нүдээ дарсан байдалтай байсан. Гэр лүү нь дагуулаад ортол нүдний дээд талын хөмсөгнөөс нь цус гарсан байсан байсан. Тэгээд цусыг нь цэвэрлэж өгөөд явсан гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ирээд хоорондоо эвлэрээд ахин архи уугаад дуулж хуурдаад байж байгаад би Эыг хүргэж өгөх гээд машиндаа Эга, Б хоёрыг суулгаад Э машинаа унаад Эынх руу явцгаасан. Эын гэрийн гадаа очоод намайг машинаасаа буугаад гэрлүү нь алхаж байх хооронд ард Э Б чинь намайг цохичихлоо гээд орилоод унасан. Юу болов гээд очтол нүдээ дараад зогсож байсан. Гэр лүү нь аваад очтол нүднээс нь цус гарч байсан, цусыг нь тогтоож өгөөд бид гурав буцаад явсан. Би өөрийн үйлдлээ хянан чадвартай байсан..” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 36 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/0102 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 64 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 106 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг  Хөөвөр гэх газар хохирогч О.Этай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Б нь миний араас хамт ажилладаг Эга, Оийн хамт ажлынхаа Тоёота 105 маркийн машинтай ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд гэрийн үүдэнд баруун тийшээ хараад зогсохоор нь тэр хэдийн машины жолоочийн буруу талын урд талын цонхоор өнгийхөд хоёр суудлын голд 1 шилтэй архи байхаар нь архи байгаа юм байна наад архиа гэрт оруулж уух уу яах юм бэ гэж хэлж байсан түүнээс цааш санахгүй байна нэг мэдсэн чинь тэр хэдийн машины буруу талд зүүн нүднээс цус гарч байсан ...гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Эгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Э машины урд зогсож байгаад орилоод явчихсан. Боо чинь намайг цохичихлоо гээд орилоод унасан. Буугаад харахад нүдээ дарсан байдалтай байсан. Гэр лүү нь дагуулаад ортол нүдний дээд талын хөмсөгнөөс нь цус гарсан байсан байсан. Тэгээд цусыг нь цэвэрлэж өгөөд явсан гэсэн мэдүүлэг, гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э Б чинь намайг цохичихлоо гээд орилоод унасан. Юу болов гээд очтол нүдээ дараад зогсож байсан. Гэр лүү нь аваад очтол нүднээс нь цус гарч байсан, цусыг нь тогтоож өгөөд бид гурав буцаад явсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/0102 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.Б, хохирогч О.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй сэдлээр маргалдсаны дараа  шүүгдэгч М.Б  нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж зүүн нүдний салстын шарх, салстын доорх цус хуралт, торлогийн ховхрол, болрын цайралт, зүүн нүдний харааны бууралт зүүн хөмсөгний шарх зүүн нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 Шүүгдэгч М.Б нь хохирогчийг зодож, цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас О.Эын биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Шүүгдэгч М.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“..нүдний хагалгаанд орсон хагалгааны зардал,  эмчилгээний төлбөр, ирж очих зардлыг Б бүгдийг төлсөн...”гэсэн мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан “Э шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээ, эм тарианы зардал нийт 7,000,000 төгрөг авсан” талаар утсаар ярьсан шүүгчийн туслахын тэмдэглэл зэрэг баримтаар шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Бод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр нь шүүгдэгч М.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь

хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч М.Бод танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  М.Бод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч М.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч М.Бод оногдуулсан 1,100,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  6 сарын хугацаанд хэсэгчлэх төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38. Дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН