Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
Хэргийн индекс | 167/2022/0047/Э |
Дугаар | 2022/ШЦТ/53 |
Огноо | 2022-03-28 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч Б.Б, Б.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох эрүүгийн 2219000000044 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ......
Монгол улсын иргэн, .........
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” зочид буудалд хохирогч Б.Хын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” зочид буудалд хохирогч Б.Бын нүүрэн тус газар гараараа цохиж мөн зүүн гарын эрхий хурууг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А гэдэг таньдаг залуу руугаа утсаар ярихад би доод талын караокед байна ороод ир гэсэн. Ороход А унтчихсан байсан. Тэгээд Х бид хоёр маргалдаж, намайг цохисон, салах гээд түлхсэн чинь хуруу ам руу нь ороход хазсан. Тэгэхээр нь би цохисон гэсэн.Нэхэмжлэх зүйлгүй,номдол саналгүй мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байхад А Хамрын хийд дээр байна, хүрээд ир гэхээр нь би шандад байна, очиж чадахгүй гэсэн. Тэгээд удалгүй залгаад “шандад ирчихлээ, Х төвд байна хүрээд ир” гэхээр нь очоод байж байтал Ба залгаад орж ирсэн, удалгүй үл ойлголцсоноос болж маргасан. Эхлээд намайг болон манай хамаатныг хэлэх, хэлэхгүй үгээр хэлсэн. Тэрэнд одоо муу санаад байх зүйл алга. Тухайн үед согтуу байдлаар хандсан. Ба намайг цохиод салахгүй байсан, үүнийг ресейпшн эгч харсан. Ба ч, би ч цагдаа дуудъя гэсэн, салахгүй болохоор нь гараас нь хазсанаа мэдэж байгаа, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би Бын нүүр рүү нь нэг удаа цохисон. Миний хамраас цус гоожоод би доошоо цагдаа дуудах гээд гүйсэн. Тэгээд ресейпшн дээр очтол Ба нь намайг “хаана байна, ална” гээд хайгаад байсан, ресейпшн эгч намайг “цагдаа иртэл байж бай, гээд тусгай өрөөнд авч орж нуусан. Одоо надад бодож, санасан зүйл байхгүй, бид хоёр хоорондоо ярилцаж, тохиролцсон гэсэн мэдүүлэг,
Гэрч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....архи ууж байгаад би согтоод унтчихсан-байсан нэг сэргэсэн чинь өрөө нил цус болчихсон Хын хамраас нь цус гарсан, Бын эрхий хуруунаас, хамраас цус гарсан нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Намайг сэргэсний дараа Ба цагдаа дуудна гэж хэлтэл Х өрөөнөөс гараад гүйсэн. Би тэр хоёрыг ямар асуудлаас болж маргаж муудсан талаар нь мэдэхгүй байна ...." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 9 дүгээр тал),
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/060 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 13 дугаар тал),
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02/0127 дугаартай дүгнэлт( хавтаст хэргийн 104 дүгээр тал),
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд хоорондоо ярилцаж байгаад би Хтай ярилцаж байхдаа чи хамрын хийдийн Энхээ ламын хүүхэд юм уу, бааранд агсан тавиад байдаг Нэргүй танай ах уу гэж асуутал тэрийг чинь талын бүргэд гэдэг юм тэр чинь миний дүү гэж хэлээд л надад агсан тавиад эхэлсэн ...би Хын ....нүүр лүү нь баруун гарын тохойгоор нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 91 дүгээр тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 52,53 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
шүүгдэгч Б.Х нь Б.Бын нүүрэн тус газар гараараа цохиж мөн зүүн гарын эрхий хурууг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн орж ирсэн залуутай маргалдаж байтал гэнэт л намайг барьж аваад газарт унагаад зодсон би эхлээд миний хаана хаана цохисон талаар санахгүй байна нэг мэдэхэд л миний дээр гарчихсан намайг зодож байсан. Тухайн залуу руу эсэргүүцэж гараараа цохиод босож зугтаасан ...тухайн үед би нэлээд согтуу байсан болохоор зарим болсон зүйлийг сайн санахгүй байна ....” гэсэн мэдүүлэг, гэрч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....архи ууж байгаад би согтоод унтчихсан байсан нэг сэргэсэн чинь өрөө нил цус болчихсон Хын хамраас нь цус гарсан, Бын эрхий хуруу, хамраас цус гарсан нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Би тэр хоёрыг ямар асуудлаас болж маргаж муудсан талаар нь мэдэхгүй байна ...." гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/060, 03 дугаар сарын 01-ний өдрийн 02/0127 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрч Д.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 сарын 11-ний өдрийн 00 цаг болж байхад буудалд орсон байсан Х гэгч нь...тархи,толгой,нүүр ам нь цус болчихсон байдалтай буугаад ирэхээр нь яасан,юу болсон бэ гэхэд манай өрүү орсон залуу ийм болгочихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би Хтай ярилцаж байхдаа чи хамрын хийдийн Энхээ ламын хүүхэд юм уу бааранд агсан тавиад байдаг Нэргүй танай ах уу гэж асуутал тэрийг чинь талын бүргэд гэдэг юм тэр чинь миний дүү гэж хэлээд л надад агсан тавиад эхэлсэн ...би Хын ....нүүр лүү нь баруун гарын тохойгоор нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б, Б.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдаж улмаар шүүгдэгч Б.Б нь Б.Хын нүүрэн тус газар гараараа цохиж “хамар ясны хугарал,хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын зулгаралт” бүхий гэмтэл учруулж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Х нь Б.Бын нүүрэн тус газар гараараа цохиж мөн зүүн гарын эрхий хурууг хазаж “зүүн сарвууны нэгдүгээр хурууны шарх, зүүн зовхи, нуруунд цус хуралт” бүхий гэмтэл учруулж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч С.Ба, Б.Х нар нь харилцан зодолдож бие биеэ цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас бие биедээ хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн, шүүгдэгч Б.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б.Б, Б.Х нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр нь шүүгдэгч Б.Б, Б.Х нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Б.Б, Б.Х нарт танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Бын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Б, Б.Х нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Б, Б.Х нар нь дээд болон бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй явуулсан болно.
1.Шүүгдэгч Б Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Б, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН