Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01042

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

  Дугаар 102/ШШ2017/01042

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 17 дугаар хороолол, Холбоо толгойн 36 дугаар гудамжны 925/д тоотод оршин суух, Сартуул овогт Дашдоржийн Мөнхцэцэг /РД: МБ79080208/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Жасрайн гудамж, 56/б-403 тоотод оршин суух, Цагаагч овогт Цэрэнгийн Одсүрэн /РД: ОА80021915/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, сургалтын төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, хариуцагч Ц.Одсүрэн нар 2003 онд Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд танилцаж, улмаар 2006 оны 1 дүгээр сарын 5-нд охин Одсүрэнгийн Солонго төрсөн. 2005 оны 12 дугаар сарын 5-нд Д.Мөнхцэцэгийг жирэмсэн байхад Ц.Одсүрэн нь БНСУ руу хөдөлмөр эрхлэхээр яваад тэндээ өөр эмэгтэйтэй болсон. Охин О.Солонго одоо 11 настай, “Тольт” бүрэн дунд сургуульд суралцдаг. Ц.Одсүрэн 2012 оноос хойш охиндоо мөнгө төгрөг, эд материалын тусламж бараг үзүүлээгүй, сар бүр мөнгө өгч бай гэхээр зөвшөөрдөггүй, араас нь нэхэл дагал болох хэрэг гардаг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээ, журмаар гаргуулж өгнө үү. Мөн охин О.Солонго нь “Тольт” бүрэн дунд сургуульд суралцдаг, 2016-2017 оны хичээлийн жилийн төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн, үүний 50 хувь буюу 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Одсүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэнгийн гаргасан тайлбарт: Д.Мөнхцэцэг бид 2 үерхэж байгаад би Солонгос улс руу хөдөлмөр эрхлэхээр явсан. Намайг Солонгост байхад Д.Мөнхцэцэг нь надтай гэрлэлтээ батлуулж, хүүхдийн гэрчилгээ авсан байсан. Энэ хуурамч гэрлэлтийг мөн нэхэмжлэгч өөрөө цуцлуулсан. Миний бие хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, харин хүүхдийн сургуулийн төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие одоо эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд надаас зардал их гардаг. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ гэж заасан. Тиймээс нэхэмжлэгчээс гаргасан сургалтын төлбөрийг зайлшгүй өгөх нэмэлт  зардал гэж үзэхгүй байгаа тул уг зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

       

 ҮНДЭСЛЭХ нь:

  

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь хариуцагч Ц.Одсүрэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, сургалтын төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, хариуцагч Ц.Одсүрэн нар 2003 онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 2006 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр охин О.Солонго төрсөн, 2005 оны 12 дугаар сард Ц.Одсүрэн БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр явснаас хойш тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн №0176719/5 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. 

 

Хариуцагч Ц.Одсүрэн нь охин О.Солонгыг эх Д.Мөнхцэцэгийн асрамжид үлдээхийг болон хүүхдийн тэтгэлэг төлөх талаар маргадаггүй, талууд 2005 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг сар болгон эцэг Ц.Одсүрэнгээс гаргуулж охин О.Солонгод олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар ... шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч хүүхдийнхээ сургалтын төлбөрийн 50 хувийг буюу 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй боловч “Тольт” сургуулийн  хичээлийн 2016-2017 оны сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосон болон төлбөр төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлага нотлогдохгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй болохоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан 2006 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн охин О.Солонгыг 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Ц.Одсүрэнгээс гаргуулан охин О.Солонгод олгосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас “сургалтын төлбөр 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         М.МӨНХТӨР