Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

     

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул

Улсын яллагчаар хяналтын  прокурор Ц.Цэрэндулам,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э. Аад холбогдох эрүүгийн 2219000000069 дугаартай хэргийг 2022 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......Э.А

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цаг 35 минутын орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Офицерын гудамжинд А.Хын нүүрэн тус  газар гараараа 2 удаа цохиж зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний ухархай ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Т дуудаад намайг хүүтэй болсон, тэмдэглэнэ гээд архи уусан. Тэгээд 3 шил архи уугаад А.Хтай муудалцсан. А.Хыг цохисноо мэдэхгүй байгаа,би тухайн үед тасарсан байсан, Хыг цохисондоо харамсаж байгаа. Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,

 

  Хохирогч А.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр таньдаг дүү болох Тын хамт “Дорноговь аймгийн 1 дүгээр багт” байх Эгийн гэрт өдрийн 12 цагийн үед очиход, Эгийн эхнэр Бормаам, Энхбаатарын хамт гэртээ байж байсан. Т цаг гаран байж байгаад найз болох Аыг Эгийн гэрт дуудсан. Эгийн гэрт А удалгүй гарцаараа ирсэн. Дүү Т 0.750 граммын Чингис архийг бид нарт хүүтэй болсон гэж хэлээд авч хамт уусан. Бид нар Чингис архиа ууж дуусгаад нэмж 2 шил 0.750 граммын архи авч хувааж уусан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа юм юмны талаар хоорондоо ярилцаж байсан. Би 3 дахь шил архинаас ууж байгаад согтсон. Би Атай юун дээрээс болж муудсан талаараа санахгүй байна. Өмнө нь би Атай муудаж маргалдаж байсан зүйл байхгүй, харин хаяа А бид 2 найз, нөхдөөрөө нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 9 дүгээр тал),

 

Гэрч У.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ажилдаа өглөө 08 цаг өнгөрөөж явсан, ажил дээр байж байгаад өдөр цайны цагаар өөрийн найз Х, А нартай Сайншанд сумын 1 дүгээр баг, Офицерын баруун талд гэр хороололд амьдардаг Эгийн гэх ахынд уулзсан юм. Найз Аын эхнэр нь төрөөд удаагүй байгаа юм, мөн манай эхнэр төрөөд 2 хоног болж байна, тэгээд аав болсон гээд би нэг шил 0.750 граммтай Чингис архи худалдан авч, аав болсон Аад өгөөд ажлын цаг болсон болохоор ажил руу явсан, А, Х нар нь тухайн айлдаа үлдсэн. Би ажил дээр байж байгаад ажил тараад 18 цаг өнгөрөөгөөд тухайн айл болох Эгийн гэрт ирсэн. Эгийн гэрт ирээд 2 шил Соёрхол уусан, би ер нь бага зэрэг л уусан байсан. Тэгээд тухайн айлаас гараад Офицерын хойд талд явж байгаад Хтай маргалдаж байтал А хажуугаас орж ирээд намайг унагаагаад Хын нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон, Х нь нүүрээ дараад суусан, би очоод гарыг татаад нүүрийг нь харсан чинь зүүн талын нүднээс нь цус гарч байсан. Тэгээд л буцаж нөгөө айл орж ороод гэрийнхнээр нь эмнэлэг дуудуулсан юм...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

                 Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/0115 дугаартай “1. А.Хын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний ухархай ясны хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 33 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цаг 35 минутын орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Офицерын хойд талын гудамжинд А.Хын нүүрэн тус  газар гараараа 2 удаа цохиж зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний ухархай ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч А.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...Би 3 дахь шил архинаас ууж байгаад согтсон.  Атай юун дээрээс болж муудсан талаараа санахгүй байна. Өмнө нь би Атай муудаж маргалдаж байсан зүйл байхгүй, харин хаяа А бид 2 найз, нөхдөөрөө нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч У.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...тухайн айлаас гараад Офицерын хойд талд явж байгаад Хтай маргалдаж байтал А хажуугаас орж ирээд намайг унагаагаад Хын нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон, Х нь нүүрээ дараад суусан, би очоод гарыг татаад нүүрийг нь харсан чинь зүүн талын нүднээс нь цус гарч байсан. Тэгээд л буцаж нөгөө айл орж ороод гэрийнхнээр нь эмнэлэг дуудуулсан юм...” гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/0115 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.А нь хохирогч А.Хын нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний ухархай ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, тохойнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна. 

 

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн  болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул Э.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч А.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Аад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Э.Аад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Аад  танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Э.Аад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулав. 

   Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.А нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Э. Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Аад оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН