Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
Хэргийн индекс | 167/2022/0050/Э |
Дугаар | 2022/ШЦТ/55 |
Огноо | 2022-04-01 |
Зүйл хэсэг | 23.1.1, |
Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч О.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Сэд холбогдох эрүүгийн 2219000000043 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .........
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг тэмцээнтэй гээд Сайншандад ирэхэд эхнэр маань араас ирсэн. Буцахдаа бид хоёр маргалдсан. Айраг сумын пост руу очиход эхнэр маань замын мөнгө хураадаг эгчид хэлээд цагдаа дуудуулчихсан байсан. Цагдаа ирээд машинаа ийшээ тавьчих гээд миний бичиг баримтуудыг хурааж авсан, би явъя л даа гэхэд явуулахгүй, тайвширч байгаад яв гэж хэлсэн. Тэгээд эхнэртэйгээ маргалдаж байтал тухайн цагдаа “чи чинь ямар сонин юм бэ гар” гээд хойноос татаад цамцыг маань урчихаар нь би зөрүүлээд хувцаснаас нь таттал суганых нь тэнд урчихсан. удалгүй хоёр цагдаа орж ирсэн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Айраг сум дахь замын хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байх үед 01 цагийн орчимд, төлбөр авах цэгийн ажилтан Бямбаа над руу утсаар залгаад, хүн дуудлага өгье гээд байна, төлбөр авах цэг дээр хүрээд ир гээд, дуудсан. Би дуудлагын дагуу очиход мөнгө хураан авдаг хаалтын урд тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээс нэг залуу бууж ирсэн ба би юу болсон талаар асуухад, эхнэртэйгээ маргалдсан юм, гэхэд нь би замаа чөлөөлүүлж зогсоогоод пост руу, эхнэрийнх нь хамт авч ороод юу болсон талаар тодруулахад хоорондоо хэрэлдээд байсан. Нөхөр нь эхнэр лүүгээ чи хүнтэй явалддаг янхан гээд хэл амаар доромжлоод байхаар нь би нөхөрт нь хандан чи тайвшир гээд нэг хэсэг учраа олох байх гээд харахад хэрэлдээд байсан. Эхнэр нь надад хэлэхдээ миний автомашиныг саатуулаад өгөөч би буцаад Сайншанд явмаар байна нөхөртэйгөө хамт хот явахгүй гэхэд нь би автомашиных нь түлхүүрийг, гэрчилгээтэй. нь аваад хооронд учрыг нь олж өгөх гээд тайвшруулаад нөхрийг нь чи гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна боль хоорондоо тайван ярилц гэхэд нөхөр нь эхнэрийгээ загнаад хэл амаар доромжлоод, гичий янхан, банзал, гэж хараагаад хашхираад байсан. Би постонд битгий хэрэлдээд бай гараад байж бай тайвшир гэж дахин хэлэхэд машиныхаа бичиг баримтаа ширээн дээрээс аваад, машины түлхүүрээ авна гээд над руу дайрсан тэгэхэд нь би нөхрийг нь уурандаа машинаа унаж давхиад юм мөргөх, зам тээврийн осол гаргаж болзошгүй гээд түлхүүрийг чинь одоо өгөхгүй чи жаахан тайвшир гэхэд нөхөр нь уурлаад миний карманд байсан түлхүүрийг авах гээд дайраад миний биед халдаж, гительний энгэрийн карма ураад, дотор талын цамцны мөр хэсгийг ураад, постын үүдний хэсэгт миний нүүрний шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон мөн, уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээгүй, эхнэр нь дундуур орж салгасан. Постын гадна цагдаа намайг зодчихлоо гээд орилоод байсан. Эхнэр нь нөхрийгөө тайвшруулсан. Би Отгонбилэг болон Чинбаатар цагдааг дуудсан. ... Би тухайн хүнийг цохиж зодоогүй, хууль ёсны шаардлага тавьсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн албаны хувцас урсан, эрүүл мэндэд хохирол учруулсанд гомдолтой байна. ...”, "... Яллагдагч О.С нь надад учруулсан хохирол болох цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албанаас хангалтаар олгосон байсан хээрийн хувцсыг бүрэн төлж барагдуулсан. Надад яллагдагч О.Сэс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад санал гомдол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 08-09, 58 дугаар тал),
Гэрч А.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр Сийн хамт Сайншанд сумаас Улаанбаатар хот орохоор машинтайгаа явж байхад замдаа би нөхрийгөө хардаад чи Зүүнбаянд хэд хоног юу хийсэн юм гээд уурласан. Тэгэхэд нөхөр дуугүй байж байгаад сүүлдээ уурлаад намайг дуугүй бай ядаргаатай юм гэх зэргээр хэлж уурлаад байсан. Уур хүрээд байхаар нь шарандаа Айраг сумын төлбөр авах цэг дээр ирээд цагдааг дуудсан. Цагдаатай уулзахад бид 2 хэрэлдсээр байсан. Сэ хэд хоног Зүүнбаян яваад ирэхгүй болохоор нь би машинтайгаа ирж Зүүнбаянгаас аваад буцаж явсан юм. Постонд орсны дараа ч бид 2 хэрэлдээд байсан. Цагдаа бид 2-ыг эвлэрүүлэх гээд бид 2 эвлэрэхгүй байсан. Сэ намайг хамт хот руу явъя гэхээр нь би Шанд явна, чамтай явахгүй гэхэд Содоо /Сэ/дахин дахин пост руу орж ирээд явъя гээд хэрүүл хийгээд байхаар нь цагдаа Содоог чи гараад байж бай замдаа осол хэрэг, асуудал үүсвэл яах уу чи тайвшир гээд гаргахад Содоо гарахгүй намайг авч явна гээд миний гараас татаад цагдаа “наад хүн чинь явахгүй гээд байна” гээд Содоогийн цамцных нь хоолойноос гараараа татаад аваад гарсан. Тэгээд араас нь гарахад Содоо постын гадаа урагдсан цамцаа бариад орилоод байж байсан. Тэгээд буцаж пост руу ороод цагдаа руу “та намайг зодлоо гэхэд цагдаа би чамайг зодоогүй чи миний хувцсанд халдсан” чи эрүүл байж яагаад ингээд байгаа юм гээд байсан. Тэгээд би жаахан тайвшраад дотор байж байхад Содоо цагдааг цохисон гэж байсан мөн цагдаагийн кителийнх нь зүүн суганы доод хэсэгтээ 40 см орчим урагдсан байсныг харсан. Би цохиход нь хараагүй...”, "... Цагдаагийн албан хаагчийн зүгээс хэрүүл маргаан үүсгэсэн асуудлыг нь шалгана гэтэл О.С надтай маргалдсан уурандаа мөн маргааш өглөө ахлагчийн шалгалт өгөх гэж байсан болохоор “шалгуулахгүй явна” гэж эсэргүүцсэн үйлдэл гаргасан....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 12- 13, 19 дугаар тал),
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/059 дугаартай "... О.Сийн биед ил харагдах гэмтэл, шарх үгүй....” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 21 дүгээр тал),
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/069 дугаартай "... Н.Уын биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 25 дугаар тал),
Хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн "... хүрмийн доод хэсэгт 13.5 см урттай урагдал үүссэн, ноосон цамцны баруун суга ар хэсэгт 18.5 см урттай урагдал үүссэн өөр ямар нэгэн урагдал цоорол үгүй байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Даваацэрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Айраг сумын постонд болон төвөөр хэв журам сахиулах чиглэл”-ээр ажиллах эргүүлийн хуваарь ( хавтаст хэргийн 46 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 33 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.С нь 2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг замын цагдаагийн постонд гарч байсан цагдаагийн дэд ахлагч Н.Уыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний өмсөж явсан дүрэмт хувцсыг урж хүч хэрэглэж, эсэргүүцсэн болох нь хохирогч Н.Уа, гэрч А.П нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/059 дугаартай "... О.Сийн биед ил харагдах гэмтэл, шарх үгүй....” гэсэн дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/069 дугаартай "... Н.Уын биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн дүгнэлт, хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн "... хүрмийн доод хэсэгт 13.5 см урттай урагдал үүссэн, ноосон цамцны баруун суга ар хэсэгт 18.5 см урттай урагдал үүссэн өөр ямар нэгэн урагдал цоорол үгүй байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Айраг сумын постонд болон төвөөр хэв журам сахиулах чиглэл”-ээр ажиллах эргүүлийн хуваарь зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Шүүгдэгч О.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” болохыг заасан байна.
Аймгийн прокурорын газраас О.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Н.Уа нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сэ нь надад учруулсан хохирол болох цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албанаас хангалтаар олгосон байсан хээрийн хувцсыг бүрэн төлж барагдуулсан. Надад яллагдагч О.Сэс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй нь шүүгдэгч О.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч О.Сд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг анхааруулж байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч О.С нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.Сд тайлбарласугай.
6. Шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН