Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1030

 

                                                               Б.Ч-, О.Т-, А.Д- нарт

                                                   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сүхбат,         

хохирогч, шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч С.Намжилмаа,

шүүгдэгч О.Т-, хохирогч, шүүгдэгч А.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч, шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч С.Намжилмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ч-, О.Т-, А.Д- нарт холбогдох эрүүгийн 1809035920795 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Чонос овгийн Б.Ч-, 1995 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            2. Боржгин овгийн О.Т-, 1992 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            3. Хорин овгийн А.Д-, 1992 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Бахрейнд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дундговь аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

            Б.Ч- нь 2018 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд урьд нь Англи Улсад хамт сурч байсан О.Т-д цохиулсны дараа түүнтэй хамт явж байсан /зодооныг салгасан/ А.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            О.Т- нь 2018 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд урьд нь Англи Улсад хамт сурч байсан Б.Ч-ийг мөрлөсөн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            А.Д- нь 2018 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд Б.Ч- нь бусадтай зодолдох, зууралдах явцад халааснаас нь газарт унасан гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг олж авсан хамгаалагч өөрт нь өгөхөд бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, улмаар завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ч-, О.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ч-, О.Т- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар, О.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Б.Ч-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Ч-, О.Т-, А.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч С.Намжилмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч О.Т-, А.Д- нар нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн тулд хохиролд 1.600.000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн атлаа тохирсон хугацаандаа төлбөрөө төлөлгүй, холбоо барилгүй алга болсон бөгөөд ял шийтгэлээ өөрийн биеэр эдэлнэ хэмээн ярьж байгаад нь гомдолтой байна.” гэв.

Шүүгдэгч О.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бидний хооронд 1.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон асуудал байгаа. Үүнийг би төлөхөд бэлэн байна. Харин Б.Ч- нь А.Д-г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрт нь оногдуулсан торгох ял болох 600.000 төгрөгийг нэмж төлүүлнэ гээд байгааг ойлгохгүй байна.” гэв.

Хохирогч, шүүгдэгч А.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд Б.Ч-ийн гар утсыг буцаан өгч, хохиролгүй болгосон. Харин О.Т- нь Б.Ч-тэй 5.000.000 төгрөгөөр тохироод 4.000.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Үлдэх 1.000.000 төгрөгийг нь 7 хоногийн хугацаанд өгөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл Б.Ч- өөрт оногдуулсан торгох ял болох 600.000 төгрөгийг О.Т- бид хоёроор төлүүлнэ гээд байгаа.” гэв.

Шүүгдэгч О.Т- болон хохирогч, шүүгдэгч А.Д- нарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруу, хэргийн зүйлчлэл, ял шийтгэл, хохирлын хэмжээний асуудал дээр маргах зүйлгүй. О.Т- нь Б.Ч-д 1.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэхдээ энэ асуудал шийтгэх тогтоолд тусгагдаагүй байдаг. Үүнийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар магадлалд тусгах боломжтой гэж үзэж байна.” гэв.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн асуудлаар маргаагүй. Хэргийн материалаас үзэхэд А.Д-гээс Б.Ч-д гар утсыг нь буцаан өгсөн бол О.Т-гээс Б.Ч-д 4.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 1.000.000 төгрөгийг цаашид нөхөн төлөхөөр тохиролцсон байдаг. Харин 1.600.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон асуудал байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

2018 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд О.Т- нь урьдын танил Б.Ч-тэй “мөрлөсөн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, цээжинд цус хуралт, хамрын нуруу, хүзүү бүсэлхийд зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан, энэ үед Б.Ч- нь зодооныг салгасан А.Д-гийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисноос эрүүл мэндэд нь “үүдэн 2 шүдний сулрал бүхий” хөнгөн хохирол учруулсан, харин А.Д- нь Б.Ч-ийг бусадтай зууралдах, зодолдох явцад халааснаас нь газарт унасан 840.000 төгрөгийн үнэ бүхий “IPhone 7” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдлоо.

Дээрх гэмт хэргийн улмаас Б.Ч- нь эрүүл мэнд болон эд хөрөнгийн, А.Д- нь эрүүл мэндийн хохирол тус тус хүлээсэн байх ба тэд тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрт учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээний талаар /хх-ийн 4, 6/ тус бүр тодорхой мэдүүлсэн. Энэ нь гэрч О.Т- /хх-ийн 7/, М.Сүхбат /хх-ийн 8/, Э.Амарбаясгалан /хх-ийн 9-10/, Г.Болор-Эрдэнэ /хх-ийн 63-64/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 9949, 10281 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 15, 23/, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Zu” баарнаас “Гэрэлт гудамж” руу чиглэлтэй хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-42/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 58-61/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 59-61/ зэргээр давхар нотлогджээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Т-, Б.Ч-, А.Д- нар нь өөрсдийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлөх асуудлаар харилцан тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, тэдгээрт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн Б.Ч-, О.Т- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, А.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн прокурорын саналыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тус тус тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журам”-ыг үйл ажиллагаандаа баримталсан байна.

Хохирогч, шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч С.Намжилмаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч О.Т-, А.Д- нар нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн тулд хохиролд 1.600.000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн атлаа тохирсон хугацаандаа төлбөрөө төлөлгүй, холбоо барилгүй алга болсонд гомдолтой байна.” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болох Б.Ч-, О.Т-, А.Д- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан “хохирол төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хоорондоо эвлэрэн хэлэлцсэн талаархи” /хх-ийн 123, 128-131/ хүсэлтүүдээс үзэхэд, А.Д- нь Б.Ч-д гар утсыг нь буцаан өгөх замаар хохирлыг барагдуулсан бол О.Т- нь Б.Ч-ийн хохиролд 4.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 1.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд нөхөн төлөхөөр тохиролцсон нь харагдаж байна.

Хохирогч Б.Ч- нь хохирлын асуудлаар маргаагүй, яллагдагчтай эвлэрсэн талаар бичгээр баталгаажуулсан төдийгүй, тэрээр хүсэлтээ гаргахдаа бусдад хууртсан, эсхүл тухайн асуудлыг буруу үнэлж, дүгнэсэн байдал тогтоогдоогүй болно.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч О.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...бидний хооронд 1.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон асуудал байгаа. Үүнийг би төлөх гэхэд 1.600.000 төгрөг нэхсэн учир төлөөгүй.” хэмээн илэрхийлжээ.

Хэрэв талууд хохирол төлбөрийн хэмжээний талаар маргаж, хоорондоо тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нөхцөлд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй.

Хэрэгт баримтаар хэлэлцэх хохирол төлбөрийн талаар нотлох баримтгүй тул шийтгэх тогтоол, магадлалд хохирол гаргуулах болон жич нэхэмжлэх эрхийг тусгайлан заах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэл гаргах тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдвал зохино.

 Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч С.Намжилмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч С.Намжилмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТСАЙХАН