Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,                                                                                                                                  
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: У.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт У Т /РД:................./-д холбогдох эрүүгийн 2212........... дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, ............. аймгийн  ............................... тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаартай магадлалаар 2006 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 3 жилийн хорих ялыг хасаж, эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай. Ө овогт У Т /РД:................/, 

Холбогдсон хэргийн талаар. 

Шүүгдэгч У.Т нь ............... аймгийн ............ сумын ............ дугаар баг, .................. 2021 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр хууль сахиулагч, тус аймаг дахь цагдаагийн газрын Монгол банкны харуулын цагдаа С.П, олон нийтийн цагдаа Д.Ө нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн, биед нь халдан, цохиж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 2112..............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Д.Ө “…Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газарт 16-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4, 5, 7 дугаар багуудын нутаг дэвсгэрт цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Б.А, Монгол банкны харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.П нарын хамтаар Эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн  газрын 102 дугаарын утаснаас 20 цаг 40 минутын орчимд .....................иргэн Т нь ар гэртээ агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Б.А, Монгол банкны харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.П нарын хамт хаягаар очиход иргэн Т нь эхнэрийнхээ хамтаар архи уучихсан, гэр орондоо агсам тавьсан байдалтай, авгай хүүхдүүд нь айсан байсан. Эхнэр нь бид нарт хандаж манай нөхөр ерөөсөө унтахгүй, удаа дараа агсам тавиад байна. Эрүүлжүүлэх байранд нь аваачиж хий гэсний дагуу Монгол банкны харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.П иргэн Тад хандаж одоо авч явна, цагийн өмнө дуудлага өгөхөд чинь гуйгаад байхаар чинь үлдээсэн одоо явъя гэхэд гэрийнхээ баруун талын баганаас бариад тавихгүй байсан. С.П баганаас нь салгах санаатай ноцолдож байтал баганаасаа салаад хойшоогоо ор руугаа налснаа нүүр рүү нь баруун гараараа атгаж зохисноо гараад зугтчихсан. Тэгэнгүүт нь би араас нь гарч гүйгээд гэрийнх нь үүдэн дээр бариад авсан. Тэгсэн чинь эргэж харангуутаа гараараа 2-3 удаа толгой, дух, дагз, зулай хэсгүүд рүү зохиод авсан тэгсэн жолооч Б.А хүрч ирээд бид 3 нийлээд  машиндаа суулгаад аваад явсан. …Тад зодуулаад толгой доргиж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 140-145 хуу/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    
*Хохирогч С.Пийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газарт 16-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4, 5, 7 дугаар багуудын нутаг дэвсгэрт цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Б.А, Олон нийтийн цагдаа Д.Ө нарын хамтаар Эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн газрын 102 дугаарын утаснаас 20 цаг 40 минутын орчимд..............тоотод иргэн Т нь ар гэртээ агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Б.А, Олон нийтийн цагдаа Д.Ө нарын хамт хаягаар  очиход, иргэн Т нь эхнэрийнхээ хамтаар архи уучихсан, гэр орондоо агсам тавьсан байдалтай, авгай хүүхдүүд нь айсан байсан. Эхнэр нь надад хандаж манай нөхөр ерөөсөө унтахгүй, удаа дараа агсам тавиад байна. Эрүүлжүүлэх байранд нь аваачиж хий гэсний дагуу би иргэн Тад хандаж одоо явъя гэхэд гэрийнхээ баруун талын баганаас бариад тавихгүй байсан. Би баганаас салгах санаатай ноцолдож байтал баганаасаа салаад хойшоогоо ор луугаа налснаа миний нүүр лүү баруун гараараа атгаж зохисноо гараад зугтсан. Тэгэнгүүт нь Д.Ө араас нь гүйгээд гэрийнх нь үүдэн дээр бариад авсан чинь эргэж харангуутаа гараараа 2-3 удаа толгой, дух, дагз, зулай хэсгүүд рүү цохиод авсан. Тэгсэн жолооч Б.А хүрч ирээд бид 3 нийлээд машиндаа суулгаад аваад явсан. Тад зодуулах үед тархи толгой доргиж, уруул язарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-138 хуу\                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             
*Гэрч Д.Чын “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө нөхөртэйгээ цуг айлд архи  уусан юм. Тэгээд орой охины доо очсон чинь манай нөхөр унтахгүй орилоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Дуудлагаар орой манайд 2 цагдаа орж ирээд манай нөхрийг унтаад амарчих гэж хэлээд явсан. Дахид унтахгүй орилоод байхаар нь манай хүүхэд дуудлага өгсөн байна лээ. Удаагүй өмнө нь ирсэн 2 цагдаа ороод ирсэн. Тэгээд манай нөхрийг авч явах гэсэн чинь багана тэвэрчхээд явахгүй байсан. Нэг мэдсэн чинь гадаа үүдэн дээр нэг залуухан цагдаатай манай нөхөр барьцалдаад авчихсан байсан. Би тухайн үедээ архи уучихсан байсан болохоор сайн санахгүй ухаан орж гараад байсан юм. Манай нөхөр бид хоёр  0.75 литртэй Хараа нэртэй архи айлд 5-6 хүнтэй хувааж ууцгаасан. Манайх 4 хүүхэдтэй, гэрт байсан. Манай нөхөр намайг зодож цохисон асуудал байхгүй. Миний биед гэмтэл учраагүй надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр цагдаагийн алба хаагчийн биед халдсан, гадаа жижигхэн биетэй залуу цагдаатай барьцалдаад газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу /
    *Насанд хүрээгүй гэрч Ч.Агийн “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манайд аав ээж 2 орой 18 цаг өнгөрч байхад орж ирээд аав орилж чарлаад байхаар нь ээж цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн аав гэрээс гараад зугтаачихлаар нь ээж дуудлагаа буцаасан. Нилээ байж  байгаад аав буцаж орж ирээд орилоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удаагүй 2 цагдаа манайд орж ирчхээд яасан юу болсон талаар лавлан асуугаад  аавыг унтаад амарчих гэж хэлж сануулаад яваад өгсөн. Цагдаа явсны дараа аав дахиад орилж чарлаад унахаар нь би дахиад дуудлага өгсөн. Удаагүй өмнө нь ирсэн 2 цагдаа орж ирээд чи унтахгүй яах гээд байгаа юм бэ 3 дахь дуудлага дээрээ ирлээ, одоо чамайг аваад явна гэж хэлсэн. Аав багана тэвэрчхээд А миний охин намайг битгий явуулаач гээд уйлаад гуйгаад байсан. Хөгшин цагдаа нь баганаас салгах гээд араас нь тэвэрчихсэн байж байтал баганаа тавьснаа цагдааг түлхээд дээр нь гарснаа гараа атгаад нүүрэн ташаа газар нь цохичхоод аав гаараад гүйчихсэн. Араас нь залуу цагдаа нь гүйж гараад манай  гэрийн урд аавтай газар уначихсан дээр доороо ороод байсан тэгсэн машин сууж байсан цагдаа бууж ирээд машиндаа суулгаад аваад явсан.Манайд ирэхдээ архи уучихсан ирсэн. Гэртээ архи уугаагүй. Тэрийг би сайн мэдэхгүй. Манай аав гараараа цохисон...” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-21 хуу/
    *Гэрч А.Аийн “...Би тухайн өдөр жолоочоор гарч байсан. Монгол банкны харуул цагдаа,  цагдаагийн ахлах ахлагч С.П, Олон нийтийн цагдаа Д.Ө нар нь  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагийн 34а-3 тоотод гэр орондоо агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу 3-н удаа очсон. Эхний 2 удаа сануулаад явсан. 3 дахь удаагаа бид 3 дуудлагад очиход би машиндаа үлдээд нөгөө 2 цагдаа тухайн айл руу орсон, хэсэг хугацааны дараа гэрээс У.Т гэх залуу нь гараад гүйсэн араас нь Олон нийтийн цагдаа Д.Ө гэрээс гарч гүйгээд бариад авсан чинь У.Т нь Д.Өыг унагаагаад дээр нь гарчихсан цохиод байсан. Араас нь С.П гарч ирээд би тэр 2-той нийлээд машиндаа суулгаад цагдаа руу аваад явсан. Би У.Тыг машин луу оруулахад хамжилцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 хуу /
*Яллагдагч У.Тын “...Тогтоолтой уншиж танилцлаа ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-91 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1.    Д.Өын биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 34-35 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1.    С.Пийн биед дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.    Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн 
нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй, эрүүл мэндийг саринуулахгүй тул гэмтлийн зэрэгт  хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 
нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56 хуу/ 
         * Хоногийн томилгоо /хх-ийн 70 хуу/,
*Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 107-131 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 105 хуу/,
*Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн  148-150 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч У.Тад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Т  нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 34а-3 тоотод  2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хууль сахиулагч, тус аймаг дахь цагдаагийн газрын Монгол банкны харуулын цагдаа С.П, олон нийтийн цагдаа Д.Ө нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн, биед нь халдан, цохиж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг мөн байна.  

Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Т нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 34а-3 тоотод  2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хууль сахиулагч, тус аймаг дахь цагдаагийн газрын Монгол банкны харуулын цагдаа С.П, олон нийтийн цагдаа Д.Ө нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн, биед нь халдан, цохиж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Ө “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газарт 16-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4, 5, 7 дугаар багуудын нутаг дэвсгэрт цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Б.А, Монгол банкны харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.П нарын хамтаар “Эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн” үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн  газрын 102 дугаарын утаснаас 20 цаг 40 минутын орчимд ................ иргэн Т нь ар гэртээ агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Б.А, Монгол банкны харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.П нарын хамт хаягаар очиход иргэн Т нь эхнэрийнхээ хамтаар архи уучихсан, гэр орондоо агсам тавьсан байдалтай, эхнэр хүүхдүүд нь айсан  байсан. Эхнэр нь бид нарт хандаж манай нөхөр ерөөсөө унтахгүй, удаа дараа агсам тавиад байна.  Эрүүлжүүлэх байранд нь аваачиж хий гэсний дагуу Монгол банкны харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.П иргэн Тад хандаж одоо авч явна, цагийн өмнө дуудлага өгөхөд чинь гуйгаад байхаар чинь үлдээсэн одоо явъя гэхэд гэрийнхээ баруун талын баганаас бариад тавихгүй байсан. С.П баганаас нь салгах санаатай ноцолдож байтал баганаасаа салаад хойшоогоо ор руугаа налснаа нүүр рүү нь баруун гараараа атгаж цохисноо гараад зугтчихсан. Тэгэнгүүт нь би араас нь гарч, гүйгээд гэрийнх нь үүдэн дээр бариад авсан чинь иргэж харангуутаа гараараа 2-3 удаа толгой, дух, дагз, зулай хэсгүүд рүү зохиод авсан тэгсэн жолооч Б.А хүрч ирээд бид 3 нийлээд  машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 140-145 ху/, хохирогч С.Пийн “…Т нь ар гэртээ агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Б.А, Олон нийтийн цагдаа Д.Ө нарын хамтаар хаягаар  очиход иргэн Т нь эхнэрийнхээ хамтаар архи уучихсан, гэр орондоо агсам тавьсан байдалтай, авгай хүүхдүүд нь айсан байдалтай байсан. Эхнэр нь надад хандаж манай нөхөр ерөөсөө унтахгүй, удаа дараа агсам тавиад байна. Эрүүлжүүлэх байранд нь аваачиж хий гэсний дагуу би иргэн Тад хандаж одоо явъя гэхэд гэрийнхээ баруун талын баганаас бариад тавихгүй байсан. Би баганаас салгах санаатай ноцолдож байтал баганаасаа салаад хойшоогоо ор луугаа налснаа миний нүүр лүү баруун гараа атгаж зохисноо гараад зугтсан. Тэгэнгүүт нь Д.Ө араас нь гүйгээд гэрийнх нь үүдэн дээр бариад авсан чинь эргэж харангуутаа гараараа 2-3 удаа толгой, дух, дагз, зулай хэсгүүд рүү зохиод авсан. Тэгсэн жолооч Б.А хүрч ирээд бид 3 нийлээд машиндаа суулгаад аваад явсан. Тад зодуулах үед тархи толгой доргиж уруул язарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-138/ гэрч Д.Чын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө нөхөртэйгээ цуг айлд архи  уусан юм. Тэгээд орой охиныдоо очсон чинь манай нөхөр унтахгүй орилоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Дуудлагаар орой манайд 2 цагдаа орж ирээд манай нөхрийг унтаад амарчих гэж хэлээд явсан. Дахид унтахгүй орилоод байхаар нь манай хүүхэд дуудлага өгсөн байна лээ. Удаагүй өмнө нь ирсэн 2 ороод ирсэн. Тэгээд манай нөхрийг авч явах гэсэн чинь багана тэвэрчихээд явахгүй байсан. Нэг мэдсэн чинь гадаа үүдэн дээр нэг залуухан цагдаатай манай нөхөр барьцалдаад авчихсан байсан. Би тухайн үедээ архи уучихсан байсан болохоор сайн санахгүй ухаан орж гараад байсан юм.. Манай нөхөр цагдаагийн алба хаагчийн биед халдсан гадаа жижигхэн биетэй залуу цагдаатай барьцалдаад газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу / гэрч Ч.Агийн өгсөн “....2021 оны 12 дугаар сарын 26-ний өдөр манайд аав ээж 2 орой 18 цаг өнгөрч байхад орж ирээд аав орилж чарлаад байхаар нь ээж цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн аав гэрээс гараад зугтаачихлаар нь ээж дуудлагаа буцаасан. Нэлээн байж  байгаад аав буцаж орж ирээд орилоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удаагүй 2 цагдаа манайд орж ирчхээд яасан юу болсон талаар лавлан асуугаад  аавыг унтаад амарчих гэж хэлж сануулаад яваад өгсөн. Цагдаа явсны дараа аав дахиад орилж чарлаад унахаар нь би дахиад дуудлага өгсөн. Удаагүй өмнө нь ирсэн 2 цагдаа орж ирээд чи унтахгүй яах гээд байгаа юм бэ 3 дахь дуудлага дээрээ ирлээ одоо чамайг аваад явна гэж хэлсэн. Аав багана тэвэрчхээд А миний охин намайг битгий явуулаач гээд уйлаад гуйгаад байсан,  хөгшин цагдаа нь баганаас салгах гээд араас нь тэвэрчихсэн байж байтал баганаа тавьснаа цагдааг түлхээд дээр нь гарснаа гараа атгаад нүүрэн ташаа газар нь цохичхоод аав гаараад гүйчихсэн, араас нь залуу цагдаа нь гүйж гараад манай  гэрийн урд аавтай газар уначихсан дээр доороо ороод байсан. Тэгсэн машин сууж байсан цагдаа бууж ирээд машиндаа суулгаад аваад явсан. Манай аав гараараа цохисон ...” гэх мэдүүлэг \хх-ийн18-21хуу \ гэрч А.Аийн өгсөн “...Би тухайн өдөр жолоочоор гарч байсан. Монгол банкны харуул цагдаа,  цагдаагийн ахлах ахлагч С.П, Олон нийтийн цагдаа Д.Ө нар нь  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагийн 34а-3 тоотод гэр орондоо агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу 3-н удаа очсон. Эхний 2 удаа сануулаад явсан. 3 дахь удаагаа бид 3 дуудлагад очиход би машиндаа үлдээд нөгөө 2 цагдаа тухайн айл руу орсон, хэсэг хугацааны дараа гэрээс У.Т гэх залуу нь гараад гүйсэн араас нь Олон нийтийн цагдаа Д.Ө гэрээс гарч гүйгээд бариад авсан чинь У.Т нь Д.Өыг унагаагаад дээр нь гарчихсан цохиод байсан араас нь С.П гарч ирээд би тэр 2-той нийлээд машиндаа суулгаад цагдаа руу аваад явсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 60-63 хуу\ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч У.Т хохирогч Монгол банкны харуулын цагдаа С.П, олон нийтийн цагдаа Д.Ө нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн, биед нь халдан, цохиж эсэргүүцсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.*******ээс шүүгдэгч У.Т нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Мөн шүүгдэгч У.Тын өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх тул шүүгдэгч У.Тын үйлдлийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж  шүүх дүгнэв.  

Шүүгдэгч У.Т нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
 Хохирогч С.П, хохирогч Д.Ө нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 ху/ хэргийн материалтай танилцахдаа санал гомдол байхгүй /хх-ийн 149-150ху/, мөн, хохирогч нарын бичгээр гаргасан “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..” гэх хүсэлтүүд /хх-ийн 146-147ху/ зэрэг баримтуудаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч У.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна  гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч У.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч У.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ө овогт У Т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т нь 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс 6 /зургаа/ сарын хугацаагаар явахыг хориглосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажилтанд  хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдасугай.

    7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний 
өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч У.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ОТГОНЦЭЦЭГ