Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01079

 

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

    Дугаар 102/ШШ2017/01079

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Данзангийн 3-16 тоотод оршин суух, Ноён овогт Цэвэгмидийн Мөнхзул /РД: ИК93032505/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, “Билэг” их дэлгүүрийн зүүн талд, “Очир” хотхон офиссын 2 давхарт оршин байх, “Санни апрель” ХХК /РД: 5449472/

 

5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэвэгмид, хариуцагч “Санни апрель” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөрөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхзулын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэвэгмидийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Мөнхзул нь хариуцагч “Санни апрель” ХХК-тай харилцан тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Суралцуулах” гэрээ байгуулан БНХАУ-ын Zhengzhou хотын HAUT их сургуулийн 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд суралцсан болно. Хэлний бэлтгэлд суралцах үеэс эхлээд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж эхэлсэн. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн боловч хариуцагч тал тус сургуульд төлөх ёстой төлбөрөө төлөөгүйгээс Ц.Мөнхзулыг сургуулийн зүгээс шалгалтанд оруулахгүй зэрэг дарамт шахалт ихтэй суралцсан болно. Нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хариуцагч “Санни апрель” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан болно. Гэрээг цуцалснаас хойш 1 хоногийн дотор хариуцагч тал зөвлөх үйлчилгээний төлбөрт авсан 3,000,000 төгрөгийг буцаан өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүйгээс болж Б.Ариунаа гэх хүнээс сарын 10 хувийн хүүтэй 3,000,000 төгрөгийг зээлж, хугацааг нь сунгаад 300,000 төгрөгийн хүү төлж байгаа. Иймд хариуцагчаас 3,000,000 төгрөг, мөн хугацаандаа мөнгөө эргүүлж өгөөгүйгээс учирсан хохирол буюу Б.Ариунаагаас зээлсэн 3,000,000 төгрөгийн хүүнд төлсөн 2,100,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Санни апрель” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөрөнгийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Манай компани 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ц.Мөнхзултай “Суралцахад зөвлөх” гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу манай талаас БНХАУ-ын Женжөү хотын Хенан технологийн их сургуульд 1 жил хэлний бэлтгэлд суралцуулах, БНХАУ-ын А, В, С төрлийн тэтгэлэг авахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, суралцагч Ц.Мөнхзулын талаас манайд компанид үйлчилгээний төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн билээ. Манай компани гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь хариуцагч “Санни апрель” ХХК-д холбогдуулж 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Суралцуулах” гэрээний худалдах худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 2,100,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч “Санни апрель” ХХК нь “манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Суралцуулах” гэрээг бичгээр байгуулсан бөгөөд суралцуулагч буюу “Санни апрель” ХХК нь суралцагч буюу Ц.Мөнхзулын ашиг сонирхлын төлөө түүнийг БНХАУ-д магистрын хөтөлбөрт хамруулах, шаардлагатай мэдээ, баримтыг авч сургуульд бүртгүүлэх, суралцагч шаардлагатай төлбөр, хөлсийг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан зуучлалын гэрээ байгуулагджээ.

 

Гэрээний 2.1-т “Суралцагчийг БНХАУ-ын мужийн 100 хувийн тэтгэлгээр магистрын хөтөлбөрт /нэг жилийн хэлний бэлтгэлийн сургалтын төлбөр болон 2-2.5 жилийн сургалтын төлбөр, дотуур байр болон сар бүрийн стипэнт багтсан болно./ хамруулна. Суралцахад шаардлагатай бүхий л мэдээлэл, журам, нөхцөлтэй танилцуулах, сургуульд бүрдүүлж өгөх шаардлагатай мэдээлэл, журам, нөхцөлтэй танилцуулах, сургуульд бүрдүүлж өгөх, шаардлагатай мэдээлэл, бичиг баримт материалыг суралцагчаас гаргуулан авч бүрдүүлж тус сургуульд мэдээлж бүртгүүлэх ажлыг гүйцэтгэнэ.” гэж тохирсноос болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч “Санни апрель” ХХК нь нэхэмжлэгч Ц.Мөнхзулыг БНХАУ-ын Женжөү хотын Хенан технологийн их сургуульд 1 жил хэлний бэлтгэлд суралцуулах, БНХАУ-ын А, В, С төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, Ц.Мөнхзул гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Гэвч Ц.Мөнхзул нь “цаашид хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тул гэрээг цуцалж, зуучлалын хөлсийг буцаан олгож өгнө үү” гэх хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч “Санни апрель” ХХК-д гаргасан нь гэрээний 5.1-т “Ямар нэг шалтгааны улмаас уг гэрээг цуцлахад суралцагч хүсэлтээ бичгээр суралцуулагчид өгч, хүсэлтийг хүлээн авснаас хойш суралцуулагч үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, ажлын 14 хоногийн дотор дор дурдсан нөхцөлийн дагуу дараах төлбөрийг буцаан олгоно.” гэж заасантай нийцэж байх бөгөөд зуучлалын хөлсөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь хариуцагч “Санни апрель” ХХК 14 хоногийн дотор зуучлалын хөлсийг буцааж өгөөгүйгээс иргэн Б.Ариунаагаас 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, 7 сарын хүүнд 2,100,000 төгрөгийг төлсөн болох нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б.Ариунаатай байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна.” гэж заасны дагуу гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хариуцагч “манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн өөрөө хэлбэл Ц.Мөнхзулыг БНХАУ-ын Женжөү хотын Хенан технологийн их сургуульд 1 жил хэлний бэлтгэлд суралцуулсан, БНХАУ-ын А, В, С төрлийн тэтгэлэг авах урилга ирсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байх боловч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Санни апрель” ХХК-иас 5,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхзулд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч “Санни апрель” ХХК-иас 5,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхзулд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР