| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0056/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/99 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: Г.Л
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Г Л /РД:............./-д холбогдох эрүүгийн 2112............. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ...... аймгийн ................................. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Г Л /РД:.................../-д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Л нь 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ................................. гэх газраас олон тооны буюу Хын эзэмшлийн 13 тооны хонийг хулгайлж, 1.750.000 төгрөгьен хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112.................... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Н.Хн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25 өдөр би хадам ахын хүү Г.П хамт туслах малчнаар ажиллуулах гэрээ хийж, малаа хүлээлгэж өгсөн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 26-нд Сувай эм хонио Г.П захиж үлдээгээд хуц, ухна авахаар явсан. Тэгээд шөнө гэртээ ирсэн. Тухайн үед сувай хонь маань гэрийн гадаа байгаагүй. Гэрээс 2 км зайтай манай хаваржаан дээр байсан. Тэгэхээр нь би хөнжил гудсаа аваад машинтайгаа хониныхоо хажууд очиж харж хоносон. Маргааш өглөө гэгээ ороод байж байтал хажуу талын гол дээр нохой, шувуу цугларсан байхаар нь би очиж үзтэл голд баахан хонины гэдэс хийсэн байсан. Тэгэхээр нь хамгийн ойрхон айл болох Г.Л очоод би, танай хажуугийн голд хонины гэдэс хийсэн байна, танайх хонь гаргасан юм уу гэхэд Г.Л манайх хонь гаргаж идээгүй гэсэн. Тэгэхээр нь би манай хонь танай хажууд өчигдөр хоносон, гэхэд манай хониноос дутвал эзэн нь тодорхой юм байна шүү гэж хэлээд гэртээ харих замдаа туслах малчин Г.Пд Лгийн хажуугийн голд хонины гэдэс хийсэн байна. Энэ нь манай хониноос авсан байх цагдаа дуудаж учрыг олуулахаас гэхэд Г.П ойлгомжтой юманд цагдаад хэлж яах юм бэ би Л ахтай уулзаж учрыг нь олоод өгье гэсэн. Удалгүй Г.П Г.Лг дагуулж над дээр ирээд Г.Л надад хандаж ахаа би танай хониноос нэг төлөг алж идсэн юм гээд уучлалт гуйсан. Тэгэхээр нь би эхнэртэй хэлж маргааш нь сувай эм хонио тоолж үзтэл 13 хонь дутсан байсан. Энэ талаар Г.Лд хэлэхэд би нэг хонь авсан гээд байсан. Манай хонь тасарч алга болох нөхцөл боломж багатай, дандаа ил голын эрэг дээр бэлчиж байсан юм. Би яг хэдэн хонины гэдэс байсныг сайн тоолоогүй, ямар ч байсан нэг хонины гэдэс бол ус ихтэй голд урсаад явчих байсан байх, зарим хэсгийг нь шувуу идэж байсан. Маш олон шувуу цугласан байсан болохоор олон хонины гэдэс байна гэж би бодсон. Манайх 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1650 хонь тоолуулсан. 2021 оны 09 сарын 12-нд 400 хонь зарсан. 2021 оны 10 дугаар сарын 18-нд тоолоход 1226 хонь байсан. Түүнээс хурга нь 547 байсан. Үлдсэн нь эм хонь юм. Манайх эр хонь, эр төлгөө зарж дан эм хонь, эм төлөг авч үлдсэн юм. 2021 оны 10 дугаар сарын 27-нд тоолоход 663 сувай эм хонь байсан. Тэрнээс зүй бус хорогдлоо хасаад 13 эм хонь дутаж байна. Манайх дан шилмэл хонио авч үлдэж тааруу мууг нь зарсан. Алдсан хонины 8 нь эм, нас нийлсэн хонь 5 нь төлөг байсан. Манай хонь зөв талын чих урдаасаа догол эмтэй, баруун талын чих тайрхай байдаг. Би алдсан нас нийлсэн эм хонио нэг бүрийг нь 130.000 төгрөг, эм төлгөө 110.000 төгрөгөөр үнэлж байна. Миний бодлоор бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй гэж бодож явдаг. Голд хонины гэдэс хийсэн байсныг надаас өөр харсан хүн байхгүй. Маргааш нь би гол дээр очиход юу ч үгүй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 4-8 хуу/
*Хохирогч Н.Хын дахин өгсөн: “..Миний харснаар тухайн гол дотор ганц хонины гэдэс бол байгаагүй. 3 тооны хонины гэдэс байх шиг байсан. Би нарийн тоолоогүй гол дотор хэсэг хэсгээр урссан байсан. Хэрэв Л гэх хүн миний хонин сүргээс ганц хонь авсан бол араас нь ингэж цагдаа сэргийлэх гэж явахгүй тэнд нь учрыг нь олох байсан юм. Гол дотор хонины гэдэс байхаар нь хонио тоолтол 13 тооны хонь дутсан юм. Би 13 тооны хонио хулгайд алдахаас өмнө хонио тоолсон байсан. 2021 оны 10 дугаар сарын 22-ний өдөр бүх хонио тоолоход 1226 хонь байсан. Хулгайд алдсаны маргааш буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тоолоход хурга 547, эм, эр хонинууд нийлээд 663 хонь байсан. Үүнээс идшиндээ 3 тооны хонь хэрэглэсэн байсан үүнийг хасахаар 1210 хонь болж байгаа юм. Хулгайд алдсан 13 тооны хонийг нэмэхлээр 1223 тооны хонь болж байгаа юм. Ингэхлээр 13 тооны хонь болж байгаа юм. Надаас өөр үзэж харсан хүн байхгүй. Би хохирлоо бүрэн гүйцэд аваагүй байгаа. Лийн хониноос 1 тооны хонь нийлсэн байсан. Тухайн хонио авахгүй байгаа. Бодвол 1 тооны хонины өгч байгаа юм байлгүй. Хохирлоо авчих юм бол надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 54-58 хуу/
“Гэрч Д.Мийн өгсөн: “... Н.Х бол манай нөхөр, Г.Л бол миний төрсөн ахын хүүхэд юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2021 оны 10 дугаарын 26-нд манай нөхөр Н.Х сувай эм хонио манаж хээр машин дотроо хоносон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 27-нд манай нөхөр надтай утсаар ярьж, сувай эм хонио тоолох шаардлагатай байна. Хөдөө гэртэй хүрээд ир гэж намайг дуудсан. Учрыг нь асуухад өнөө өглөө Г.Лгийн гэрийн ойролцоо гол дээр шувуу, нохой бужигнаад байхаар нь очиж үзтэл гол дотор хонины гэдэс хийсэн байна. Г.Л манай хониноос нэг хонь хулгайлж алж идсэн гэсэн хонио тоолох хэрэгтэй байна хүрээд ир гэсэн. Тэгээд би хөдөө гэртэй очоод нөхөр бид хоёр сувай эм хонио тоолоход 13 хонь дутаж байсан. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Манай нөхөр сайн мэдэж байгаа байх. Г.Л манай хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Л миний төрсөн ахын хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 хуу/
“ Гэрч Г.Пгийн өгсөн: ....Би 2021 оны 10 дугаар сарын 25 нд би Х ахын туслах малчин болохоор гэрээ хийж, Алаг уул багийн Эрдэнэ уулын өвөлжөө гэх газар байх Х ахын өвөлжөөнд очиж гэрээрээ буусан. Тэгээд Х ахын хониноос дан хурга, эм ямааг нь ялган авч, маллахаар болсон. Х эм хонио авч үлдсэн. Маргааш нь Х ах надад эм хонио харж байгаарай гээд захиж үлдээгээд адуундаа явсан. Би орой болоход Х ахын эм хонинуудыг Ханхар гэх газар байх Х ахын хаваржаа руу нь шахаж орхиод буцаж байхад Х ах ирсэн. Тэгээд эм хонио харж хаваржаан дээрээ машинд хоносон байсан. Маргааш нь Х ах над дээр ирээд Лийн гэрийн хажуу талын голд хонины гэдэс хийсэн байна гэж хэлээд явсан. Тэгээд иргэж ирээд надад эзэн нь тодорхой л байх цагдаа дуудах гэснээ ямар ч байсан чамтай уулзаж байж болъё гэж бодоод ирлээ гэсэн. Тэгэхээр нь би Л ахыг өөрийнхөө хониноос хулгайлж аваад гэдсийг нь голд хийсэн гэж хардаж байна гэж ойлгосон. Тэгээд би Л ахтай уулзаад танай хониноос авсан бол үнэнээ хэлж учраа ол гэж хэлье гээд Л ахынд очиж, танай хажуугийн голд хонины гэдэс байсан гэж Х ах хэлж байна. Та Х ахын хониноос авчихсан юм уу гэхэд Л ах эхлээд үгүй гэсэн. Тэгэхээр нь би юу худлаа яриад байгаа юм бэ таниас өөр хэн байдаг юм ойр хавд ямар танайхаас өөр айл байгаа биш гэхэд Л ах надад би Х ахын эм хониноос нэг төлөг авч, гаргаад гэдсийг нь гол руу хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х ахтай очиж уулзаж үнэнээ хэл гээд Л ахыг дагуулж Х ахынд хүргэж өгөөд гэрлүүгээ явсан. Тэгээд Х ах манай эм хониноос 13 хонь дутлаа гэсэн. Миний бодлоор 13 хонь алга болох боломжгүй. Учир нь Л ахад машин байхгүй. Мөн Л ахынд хүн очихоор бол заавал Х ахын гэр хажуугаар өнгөрнө. Дээд талаасаа бол манай хажуугаар өнгөрнө. Хэрэг болсон шөнө ямар манай тэр хавиар хүн, машин яваагүй. Би Х ахынх хэдэн эм хоньтой гэдэг мэдэхгүй. Ойролцоогоор 500 эм хонь байсан. Би Л ахыг гэрийн хажуугийн голд хонины гэдэс хийсэн байна гэж Х ах надад хэлсэн болохоос би өөрөө очиж хараагүй. Л ахын гэрээс Х ахын хаваржаа хүртэл ойролцоогоор 200 гаран метр зайтай байх. Би Х ахын хонийг сайн харсан. Тасарч алга болох болон өөр айлын хоньтой нийлээгүй. Тэр хавьд Л, Х хоёрынхоос өөр айл байгаагүй. Л ах хуц ухна малладаг болохоор ойр хавьд айл байдаггүй. Л, Х ах нар хар багаасаа нэг нутагт мал маллаж амьдарч байгаа хамаатан садан улсууд юм. Тэр хоёрын гэр хоорондоо 500 гаран метр зайтай. Хэн ч байсан гэрийнхээ гаднаас нөгөө айлаа бүрэн харах боломжтой, юу хийж байгаа нь ил харагддаг. Тэр хоёрын хооронд миний мэдэхээр өс хонзон, өр авлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 хуу/
*Гэрч Д.Гийн өгсөн: “... Г.Л нь миний хоёрдахь хүүхэд юм. Хөнгөн хийсвэр, цовоо, цайлган, боловсрол, мэргэжил эзэмших чадваргүй /суулгаж чадаагүй/, төлөв даруу хүүхэд ...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-62 ху/,
*Гэрч Д. С өгсөн: “...Г.Л нь миний отгон охин Мөнхтуяагийн нөхөр юм. Зан ааш даруу төлөв, элдэв буруу зан авир гэр бүл болон бусад хүмүүст гаргаж байгаагүй, хүнд тусархаг хүн гэдгийг хүмүүс мэднэ өөр хэлэх зүйл алга... гэх мэдүүлэг /хх-ийн 63-66 хуу/
* Г.Лийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин 13 тооны хонь бол хулгай хийгээгүй. Би бусдын олон тооны буюу 13 тооны хонь хулгай хийгээгүй харин 2021 оны 10 дугаар сарын 26-ны орой бүрэнхий тасраагүй байхад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ............................ гэх саахалт айл болох Хын хонь манай гэрийн хойно байхаар нь хонин дотроос нь нэг төлөг барьж авсан одоо зүсийг нь санахгүй байна. Тухайн хулгай хийсэн төлгөө өөрийн гэрийн зүүн талд байдаг голын хажууд ганцаараа гаргаж янзлаад гэдсийг нь голд хийчихсэн юм. Тэгээд маргааш нь өглөө нь гэртээ байхад манайд Х ирсэн. Ирээд танай гэрийн зүүн талын голд хонины гэдэс байна намайг хонь гаргасан юм уу гэж асуухаар нь би гаргаагүй гэж хэлсэн. Тэгээд манайхаас явсан. Дараа нь дүү П манайд ирээд та Хын хониноос хонь гаргасан юм уу хэрэв авсан бол одоо хэл гэж хэлэхээр нь би эхлээд хонь хулгай хийгээгүй гэж хэлээд дараа нь үнэнээ хэлж 1 тооны төлөг хулгай хийсэн талаараа хэлсэн. Мөн хохирогч Х дээр очиж уучлалт гуйсан. Дүү нь танай хониноос нэг төлөг хулгай хийсэн гэж үнэнээ хэлсэн. Би хулгай хийх үедээ ганцаараа хулгай хийсэн. Би хулгай хийсэн хонио явганаар хонин дотор нь явж байгаад барьж авсан. Өөрийн гэртээ ашигладаг байсан жижиг тонгоргоор алж нядалсан. Одоо тухайн хутга байхгүй. Тухайн хутгыг хонины гэдэстэй цуг гол руу хаячихсан юм. Би тухайн үед хулгай хийсэн хонины гэдсийг хийчих юм бол урсаад алга болчих байх гэж бодоод хийсэн юм. Би тухайн үед ганцаараа гэртээ байсан юм. Би өөрийн хулгай хийсэн нэг хониныхоо орны хонийг нь хохирогчид өгсөн. Үлдсэн 12 тооны хонийг хулгай хийгээгүй болохоор төлөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 ху/,
*Хохирогч Н.Хын мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2020 оны тооллогын баримт /хх-ийн 13-18 хуу/,
*Г.Лийн мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2020 оны тооллогын баримт /хх-ийн 46-49 хуу/,
*Шинжээчийн 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 хуу/
*........... багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 хуу/
*Г.Лийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 32 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 68-69 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Г.Лийн холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
шүүгдэгч Г.Лийг Архангай аймгийн Прокурорын газраас ........... багийн нутаг, Шар давааны Ханхар гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө олон тооны буюу Н.Хын эзэмшлийн 13 тооны хонийг хулгайлж, түүнд 1.750.000 төгрөгьен хохирол учруулсан гэж Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Г.Л нь хохирогч Н.Хын 13 тооны хулгайлсан нь эргэлзээтэй байх тул түүнийг ........... багийн нутаг, Шар давааны Ханхар гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө олон тооны буюу Н.Хын эзэмшлийн 1 тооны хонийг хулгайлж, түүнд 110.000 төгрөгьен хохирол учруулсан гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар шинэчлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Л нь ........ аймгийн ......... сумын ........ багийн нутаг, .......гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө олон тооны буюу Н.Хын эзэмшлийн 1 тооны хонийг хулгайлж, түүнд 110.000 төгрөгьен хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2012.................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Л нь бусдын мал буюу хохирогч Н.Хын 1 тооны хонийг хулгайлж, түүнд 110.000 төгрөгьен хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Н.Хын өгсөн: “...маргааш өглөө гэгээ ороод байж байтал хажуу талын гол дээр нохой, шувуу цугларсан байхаар нь би очиж үзтэл голд баахан хонины гэдэс хийсэн байсан. Тэгэхээр нь хамгийн ойрхон айл болох Г.Лгийнд очоод би танай хажуугийн голд хонины гэдэс хийсэн байна танайх хонь гаргасан юм уу гэхэд Г.Л манайх хонь гаргаж идээгүй гэсэн. Тэгэхээр нь би манай хонь танай хажууд өчигдөр хоносон гэхэд манай хониноос дутвал эзэн нь тодорхой юм байна шүү гэж хэлээд гэртээ харих замдаа туслах малчин Г.Пд Лгийн хажуугийн голд хонины гэдэс хийсэн байна. Энэ манай хониноос авсан байх цагдаа дуудаж учрыг олуулахаас гэхэд Г.П ойлгомжтой юманд цагдаад хэлж яах юм бэ. Би Л ахтай уулзаж учрыг нь олоод өгье гэсэн. Удалгүй Г.П Г.Лийг дагуулж над дээр ирээд Г.Л надад хандаж ахаа би танай хониноос нэг төлөг алж идсэн юм гээд уучлалт гуйсан. Тэгэхээр нь би эхнэртэй хэлж маргааш нь сувай эм хонио тоолж үзтэл 13 хонь дутсан байсан. Энэ талаар Г.Лид хэлэхэд би нэг хонь авсан гээд байсан. Манай хонь тасарч алга болох нөхцөл боломж багатай дандаа ил голын эрэг дээр бэлчиж байсан юм. Би яг хэдэн хонины гэдэс байсныг сайн тоолоогүй ямар ч байсан нэг хонины гэдэс бол ус ихтэй голд урсаад явчих байсан байх зарим хэсгийг нь шувуу идэж байсан. Маш олон шувуу цугласан байсан болохоор олон хонины гэдэс байна гэж би бодсон. Манайх 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1650 хонь тоолуулсан. 2021 оны 09 сарын 12-нд 400 хонь зарсан. 2021 оны 10 дугаар сарын 18-нд тоолоход 1226 хонь байсан. Түүнээс хурга нь 547 байсан. Үлдсэн нь эм хонь юм. Манайх эр хонь эр төлгөө зарж дан эм хонь эм төлөг авч үлдсэн юм. 2021 оны 10 дугаар сарын 27-нд тоолоход 663 сувай эм хонь байсан. Тэрнээс зүй бус хорогдлоо хасаад 13 эм хонь дутаж байна. Манайх дан шилмэл хонио авч үлдэж тааруу мууг нь зарсан. Алдсан хонины 8 эм нас нийлсэн хонь 5 нь төлөг байсан. Манай хонь зөв талын чих урдаасаа догол эмтэй, баруун талын чих тайрхай байдаг. Би алдсан нас нийлсэн эм хонио нэг бүрийг нь 130.000 төгрөг, эм төлгөө 110.000 төгрөгөөр үнэлж байна. Миний бодлоор бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй гэж бодож явдаг. Голд хонины гэдэс хийсэн байсныг надаас өөр харсан хүн байхгүй. Маргааш нь би гол дээр очиход юу ч үгүй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 4-8 хуу/ гэрч Г.Пгийн өгсөн: “...Маргааш нь Х ах над дээр ирээд Лийн гэрийн хажуу талын голд хонины гэдэс хийсэн байна гэж хэлээд явсан. Тэгээд эргэж ирээд надад эзэн нь тодорхой л байх цагдаа дуудах гэснээ ямар ч байсан чамтай уулзаж байж больё гэж бодоод ирлээ гэсэн. Тэгэхээр нь би Л ахыг өөрийнхөө хониноос хулгайлж аваад гэдсийг нь голд хийсэн гэж хардаж байна гэж ойлгосон. Тэгээд би Л ахтай уулзаад та хониноос авсан бол үнэнээ хэлж учраа ол гэж хэлье гээд Л ахынд очиж, танай хажуугийн голд хонины гэдэс байсан гэж Х ах хэлж байна. Та Х ахын хониноос авчихсан юм уу гэхэд Л ах эхлээд үгүй гэсэн. Тэгэхээр нь би юу худлаа яриад байгаа юм бэ таниас өөр хэн байдаг юм ойр хавьд ямар танайхаас өөр айл байгаа биш гэхэд Л ах надад би Х ахын эм хониноос нэг төлөг авч, гаргаад гэдсийг нь гол руу хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х ахтай очиж уулзаж үнэнээ хэл гээд Л ахыг дагуулж Х ахынд хүргэж өгөөд гэр лүүгээ явсан. Тэгээд Х ах манай эм хониноос 13 хонь дутлаа гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 ху/, гэрч Д.Мийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27 -нд манай нөхөр надтай утсаар ярьж, сувай эм хонио тоолох шаардлагатай байна. Хөдөө гэртэй хүрээд ир гэж намайг дуудсан. Учрыг нь асуухад өнөө өглөө Г.Лийн гэрийн ойролцоо гол дээр шувуу, нохой бужигнаад байхаар нь очиж үзтэл гол дотор хонины гэдэс хийсэн байна. Г.Л манай хониноос нэг хонь хулгайлж алж идсэн гэсэн хонио тоолох хэрэгтэй байна хүрээд ир гэсэн. Тэгээд би хөдөө гэртээ очоод нөхөр бид хоёр сувай эм хонио тоолоход 13 хонь дутаж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 ху/, шинжээчийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно..”гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Г.Лийг хохирогч Н.Хын 13 тооны хонийг хулгайлж, түүнд 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан нь эргэлзээтэй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцож үнэлсэн болно.
Өөрөөр хэлбэл хохирогч Н.Хын 13 тооны хонийг шүүгдэгч Г.Л хулгайлсан нь эргэлзээтэй бөгөөд хохирогчийн “...Маргааш өглөө гэгээ ороод байж байтал хажуу талын гол дээр нохой, шувуу цугларсан байхаар нь би очиж үзтэл голд баахан хонины гэдэс хийсэн байсан...”гэж мэдүүлж байгаа боловч гэрч Г.П нь шүүгдэгчийн төрсөн дүү мөн хохирогчийн хадам дүү хэдий боловч түүнд хууль сануулж гэрчээр мэдүүлсэн “....Та Х ахын хониноос авчихсан юм уу гэхэд Л ах эхлээд үгүй гэсэн. Тэгэхээр нь би юу худлаа яриад байгаа юм бэ таниас өөр хэн байдаг юм ойр хавд ямар танайхаас өөр айл байгаа биш гэхэд Л ах надад би Х ахын эм хониноос нэг төлөг авч, гаргаад гэдсийг нь гол руу хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х ахтай очиж уулзаж үнэнээ хэл гээд Л ахыг дагуулж Х ахынд хүргэж өгөөд гэрлүүгээ явсан. Тэгээд Х ах манай эм хониноос 13 хонь дутлаа гэсэн. Миний бодлоор 13 хонь алга болох боломжгүй. Учир нь Л ахад машин байхгүй. Мөн Л ахынд хүн очихоор бол заавал Х ахын гэр хажуугаар өнгөрнө. Дээд талаасаа бол манай хажуугаар өнгөрнө. Хэрэг болсон шөнө ямар манай тэр хавиар хүн, машин яваагүй...”гэх мэдүүлгийг шүүх нотлох баримтад үнэлсэн мөн гэрч Г.Пгийн дээрх мэдүүлгээр хохирогчийн мэдүүлэг няцаагдаж байгаа тул шүүгдэгчийг бусдын 13 тооны хонийг хулгайлсан нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүгдэгч Г.Лийн үйлдлийг бусдын олон тооны мал хулгайлсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэнг бусдын 13 тооны хонь хулгайлсан нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ..”гэж заасан байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Лийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Х нь 2.201.500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нь гэмт хэргийн улмаас учирсан 1750.000 төгрөг мөн шүүх хуралдаанд суухаар ирсэн бензиний зардалд 451.500 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн тул хохирогчийн 1 тооны хонины 110.000 төгрөгьег мөн шүүх хуралдаанд ирсэн бензиний үнэ 451.500 төгрөгийг нийтдээ 561.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь хохирогчид төлсөн талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин шүүгдэгчийг хохирогчийн 12 тооны хонийг хулгайлсан тогтоогдоогүй тул 1.640.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Л эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх зорчих, мөн өөрийн оршин суугаа ...... аймгийн ...........сумын нутаг дэвсгэрээс 1/нэг/ жилийн хугацаагаар явахыг хориглож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Лийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцох нь үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Л Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг хөнгөрүүлэн өөрчилж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Г Л Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Г.Л 1 / нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Г.Л нь 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн оршин суугаа газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суугаа ........ аймгийн ...............сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 8/найм/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь
хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8,
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 1.640.000/ нэг сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ