Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: О.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.*******аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт О Ж /РД:............../-д холбогдох эрүүгийн 2212................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 29-нд Архангай аймгийн ................. төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн...................гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ж овогт О Ж /РД:............../  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  О.******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн ............................. гэх газраас зөвшөөрөлгүйгээр 16 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод бэлтгэж ойн санд 1.756.160 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт  хэрэгт  холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212............ дугаартай эрүүгийн хэргээс:    

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Туулын өгсөн “...Надад үнэлгээтэй холбоотой гомдол санал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.*******гийн өгсөн: “...Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр ах *******ийн хамт Архангай аймаг ...................нутагт байх найз ******* гэх хүнээс 20 куб метр мод худалдаж аваад Архангай аймгийн чиглэлд Өндөр-Улаан сумын Хануй баг Хануйн гүүр гэх газар явж байтал цагдаа зогсоон шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг зөрчилтэй байна гээд ******* ах бид хоёрын тээвэрлэж явсан мод болон тээврийн хэрэгсэлийг Архангай аймаг дахь тээврийн хэрэгсэл саатуулах байранд саатуулсан. Би танина бид хоёр найзалж нөхөрлөөд 4 жил гаран болж байна. Төрөл садангийн холбоо байхгүй. Би найз *******той 2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-ны үед 93........ дугаарын утсаар холбогдож манайх модгүй болчихлоо чи хө гоожин түрээсийг нь аваад мод бэлдээдэх гэж ярьж тохиролцон удалгүй дахин би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр найз ******* руу утсаар яриад юу болов модоо бэлтгэсэн үү гэтэл чи ирээд модоо ав гэхээр нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед ******* ахтай цуг Архангай аймгиин ............... хөдөө очиж хоносон маргааш нь тухайн модоо ачиж нааш аймгийн төв рүү хөдөлсөн. Би найз *******той мод бэлтгэсэн газар нь хэдэн төгрөгний ханштай байна тэр үнээр нь худалдаж авъя гэж ярилцаж тохиролцсон. Би найз *******ийнд 2022 оны 02 дугаар сарын 23 өдөр 15 цагийн үед очиход манай найз гэртээ байгаагүй. Чулуут сумын төв рүү явчихсан байсан. Удалгүй манай найз ирээд мод бэлтгэх эрхийн бичиг аваад ирлээ өмнө нь байгаль хамгаалагч *******той ярьсан чинь хөдөө ажилтай явна чи модоо бэлтгэж бай гэж ярьсан гэж ярьж байсан. Тэгээд тэр өдрөө найз *******ийнд хонож маргааш өглөө нь тухайн модоо ачсан. Манай найз *******ийн бэлтгэсэн мод нь шинэс төрлийн унанги гэмээр мод байсан. Манай найз тухайн бэлдсэн модоо бэлтгэсэн газраас нь тойрч цагаалж модны хаяанд нь буулгаж хураасан байсан болохоор босоо мод огтолсон талаар мэдэхгүй байна. Манай найз ******* болон дүү гэх нэг залуу байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Мөн тухайн үед миний авч очсон машин мод бэлтгэсэн газарт хий эргээд очиж чадаагүй. *******ийн Пронтер маркийн хөх өнгийн машинаар 4 удаа зөөж ачсан. Би зааж өгч чадна. Архангай аймгийн ..............багийн нутагт байгаа. Ертөнцийн зүгээр хойшоо харсан уулын ам өгсөж яваад хойшоо харсан модтой энгэр байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/, 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.*******ийн өгсөн “... Би 2022 оны 02 дугаар сарын 23-ний өглөө босоод байж байтал ******* гэх дүү над руу утсаар яриад ах би модгүй болчихоод байна, та машинтайгаа Чулуут сум руу яваад мод татаад өгөөч би үнэ хөлсийг өгье гэхээр нь түлшээ оруулаад 530.000 мянган төгрөгөөр тохиролцож *******гийн хамт Архангай аймаг Чулуут сумын нутагт байх ******* гэх хүнээс 20 күбметр мод дүү ******* нь худалдаж аваад Архангай аймгийн чиглэлд Өндөр-Улаан сумын Хануй баг Хануйн гүүр гэх газар явж байтал цагдаа зогсоон шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг зөрчилтэй байна гээд ******* бид хоёрын тээвэрлэж явсан мод болон тээврийн хэрэгсэлийг Архангай аймаг дахь тээврийн хэрэгсэл саатуулах байранд саатуулсан. Би иргэн *******г бол танина ******* нь болохоор хот хооронд тээвэрт явдаг хааяа цуг нааш цааш тээвэрт явдаг болохоор танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Харин ******* гэх хүнийг бол танихгүй анх харж байна. Энэ хоёр хүнтэй төрөл садангийн холбоо бол байхгүй. ******* бид хоёр иргэн *******ийнд 2022 оны 02 дугаар сарын 23-ний  өдөр 15 цагийн үед очиход ******* нь гэртээ байхгүй Чулуут сумын төвөөс ирлээ модоо бэлтгээд цагаалчихсан гэж хэлж байсан. Би тэр талаар асууж тодруулсан зүйл байхгүй надад энгэсэн тэгсэн гэж яриагүй мод бэлтгэх эрхийн бичгээ бол 23-ний өдөр авсан байх манай дүү ******* нь өмнө надтай ярьж тохиролцсон зүйл бол байхгүй 2022 оны 02 дугаар сарын 23-ний  өглөө 10 цагийн үед над руу ярьж мод Чулуут сумаас татмаар байна гэж ярьж тохиролцсон. Тэгэхээр уг мод бэлтгэх эрхийн бичигт миний машины марк дугаар тавигдсан байна. Ингэхээр 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр уг мод бэлтгэх эрхийн бичиг бичигдсэн байх. Би ер нь хүний хөлсөнд явсан болохоор мод бэлтгэхэд эрхийн бичгийг өмнө хойно нөхөж авдаг болдог болдогүйг мэдэхгүй байна. Мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу гэхэд байна гээд ******* нь *******д гаргаж өгч харагдсан. ******* бид хоёрыг гэрт очиход иргэн ******* нь гэртээ байгаагүй. Чулуут сумын төвөөс ирсэн. Тэнд цай унд болоод мод чулуугаа ярилцаж байгаад мод бэлтгэх эрхийн бичиг ярьтал ******* нь *******д биесээ уг мод бэлтгэх эрхийн бичгийг гаргаж өгсөн. Иргэн *******ийн бэлтгэсэн мод нь хуурай шинэс төрлийн мод байсан. Босоо болон унанги модны аль нь болохыг сайн мэдэхгүй байна Яг бэлтгэсэн газар нь очиж үзээгүй. Наана нь цагаалж бэлтгэсэн болохоор сайн мэдэхгүй байна. Иргэн *******ийн дүү гэх нэг залуу байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Миний машин мод бэлтгэсэн газар нь хий эргээд очиж чадаагүй. *******ийн пронтер маркийн хөх өнгийн машинаар 4 удаа зөөж ачсан. Би зааж өгч чадна. Архангай аймгийн Чулуут сумын нутаг Халуун-Ус багийн нутагт байгаа. Ертөнцийн зүгээр хойшоо харсан уулын ам өгсөж яваад хойшоо харсан модтой энгэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.*******ын өгсөн “... Архангай аймгийн бага Наран гэх газар гэртээ байхад ******* утсаар залгаад би галын түлээний мод хийх гэсэн юм, туслаад өгөөч гэхээр нь тэгье. Хөрөө сүхээ аваарай, миний хөрөө эвдэрсэн гэсэн. Тэгээд ******* удалгүй ирээд бид 2 мод руу ороод модоо бэлтгэж эхэлсэн. Архангай аймгийн Чулуут сум Ар өвөлжөө гэх газраас модоо бэлтгэсэн. Сайн санахгүй байна. Ямарч байсан 8 ширхэг босоо мод унагааж үлдсэн модыг нь унанги мод тайрч бэлтгэсэн. Би модыг бэлдэлцээд яваад өгсөн. Дараа нь ачих машин ирчихлээ ачилцаад өгөөч гэхээр нь очтол ачаад эхэлсэн  байсан. Тэгээд хэр их мод болж байна гээд асуутал 4 портер болж байна гэсэн. Надад мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн. Тэгэхдээ би мод бэлтгэх эрхийн бичгийг нь хараагүй. Би тэр талаар асуусан зүйл байхгүй. Би мэдээгүй туслаадхаач гэхээр нь тухайн модыг хийлцсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.*******ын дахин өгсөн “... Би эрх үүргээ ойлгосон асуух зүйл байхгүй. Би өмнө 8 ширхэг мод бэлтгэсэн гэж буруу зөрүү мэдүүлсэн байсан. Бусад ярьсан зүйл маань үнэн зөв. Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байтал манай найз ******* намайг хамт мод бэлдэлцээд өгөөч гээд ирсэн. Тэгээд бид 2 Архангай аймгийн Чулуут сумын Халуун-ус багийн Ар өвөлжөө гэх газарт очиж мод бэлтгэсэн. Тухайн үед надад гоожингоо авсан гэж байсан. ******* бид хоёр ойгоос үзүүр хугарсан, өмхөрсөн, бараг унах гэж байгаа 2 босоо модыг тайрч мод бэлтгэсэн. Бусад нь дандаа унаанги мод байсан. ******* хөрөөгөө эвдчихсэн гээд миний хөрөө сүхээр мод бэлтгэсэн. Надад хөрөө сүхтэй холбоотой гомдол санал байхгүй. Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлага байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******ын өгсөн “..2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний утас руу ******* над руу залгасан тэгээд өөрийн чинь утас холбогдохгүй байна гэрээр чинь орлоо гэж хэлсэн. Надад аймаг руу галын түлээний мод оруулах гэсэн юм, манай хүүхэд аймгийн төвд суудаг юм, галын түлээ оруулж өгөх шаардлагатай байна гэсэн. Би зөвшөөрөгдсөн газраас нь модны эрхийн бичиг олгож байгаа гэж хэлсэн. Тухайн үед сумаас 40 км зайтай малд явж байсан учраас ажлын өдөр 1 дэх өдөр ирж ав гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө Ихтамир сумын ой ангитай талбай тусгаарлах ажилтай явж байтал над руу залгасан. Би Хайрхан багт талбай тусгаарлах ажилтай явж байна сум орохгүй байх гэдгээ тайлбарлаж хэлээд тийм яаралтай модны хэрэгцээтэй байгаа юм уу гэсэн чинь Чулуут сумын төвд ачаа буулгаад буцах машинд ачих гээд байгаа юм гэхээр нь за тэгвэл Архангай аймгийн .................гэх газарт талбай тусгаарласан байгаа өрхүүдийг тэндээс мод бэлтгүүлж байгаа. Чи галын түлээний зориулалтаар бол тэндээс зөвхөн унанги мод бэлтгэнэ чи маргааш ирж бичгээ аваарай гэж хэлсэн. Намайг сумын төвд ирэхэд оройн 21 цаг өнгөрч байсан. Маргааш нь амжаагүй үлдсэн газраараа явах байсан болохоор амраад маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө модны бичиг дээр нь *******ийн овог, нэрийг биччихээд машины дугаарыг нь асуух гэтэл *******ийн утас нь холбогдохгүй байхаар нь дутуу биччихээд байж байтал ой ангийн хүмүүс залгаад дахиад үлдсэн газрынхаа ажлыг яаралтай дуусгаад Өндөр-Улаан сум руу явна гээд байхаар нь тэд нартай буцаад хөдөө явсан. Бид хэд орой 21 цаг өнгөрч байхад сум руугаа орж ирсэн. 2022 оны 02 дугаар 23-ны өглөө 10 цагийн үед над руу ******* залгаад та ажил дээрээ байна уу? Би очиж авах гэсэн гэхээр нь дутуу бичсэн бичиг дээрээ тээвэрлэх машины дугаарыг гүйцээж бичээд мод бэлтгэх бичгийг нь өгөөд явуулсан. Манай өрөөнд бол ганцаараа орж ирсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/,
О.*******ийн яллагдагчаар өгсөн “...******* надаас 20 куб метр мод авъя гэж яриагүй. Мод байна уу гэж  байсан. Мэдүүлэг нь худлаа байна. Манай байгаль хамгаалагч зөвшөөрсөн учраас би өөрийгөө зөвшөөрөлтэй гэж ойлгоод мод бэлтгэсэн. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн хамт мэдүүлэг өгнө. Миний өмгөөлөгч Улаанбаатар хотод шүүх хуралтай байгаа учраас ирэхээр нь хамт мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-74 хуу/,
О.*******ийн дахин яллагдагчаар өгсөн “... Миний өмгөөлөгч Улаанбаатар хотод эмнэлгээр явж байгаа. Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн, одоо нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 127 хуу /,

      2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 

1.    Иргэн О.*******  бэлтгэсэн гэх мод нь: Шинэс төрлийн хуурай мод.
2.    Уг мод нь 2.0 метр урттай 210 ширхэг, хуурай шинэс төрлийн мод байна. Нийт 
тоо 210 ширхэг, нийт шоо метр 16м3 шоометр модыг бэлтгэжээ.
3.    16 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин 
аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар хавсралт тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг, түлээ хуурай 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.756.160 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 25-30 ху/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-62, 79-81 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 91 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-38 хуу/
Хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 112-116 ху/
О.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20 ху/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 хуу/
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 120 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 128-129 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч О.******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн ................гэх газраас зөвшөөрөлгүйгээр 16 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод бэлтгэж ойн санд 1.756.160 /нэг сая долоон зуун тавин зургаан мянга нэг зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 
  
Эрүүгийн 2212.............. дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Ар өвөлжөөний хойд гэх газраас зөвшөөрөлгүйгээр 16 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод бэлтгэж ойн санд 1.756.160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: гэрч Ж.*******гийн “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр найз ******* руу утсаар яриад юу болов модоо бэлтгэсэн үү гэтэл чи ирээд модоо ав гэхээр нь 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр 12 цагийн үед ******* ахтай цуг Архангай аймгийн Чулуут сумын наана хөдөө очиж хоносон маргааш нь тухайн модоо ачиж нааш аймгийн төв рүү хөдөлсөн. Би найз *******той мод бэлтгэсэн газар нь хэдэн төгрөгний ханштай байна тэр үнээр нь худалдаж авъя гэж ярилцаж тохиролцсон. Би найз *******ийнд 2022 оны 02 дугаар сарын 23 өдөр 15 цагийн үед очиход манай найз гэртээ байгаагүй Чулуут сумын төв рүү явчихсан байсан. Удалгүй манай найз ирээд мод бэлтгэх эрхийн бичиг аваад ирлээ өмнө байгаль хамгаалагч *******той ярьсан чинь хөдөө ажилтай явна чи модоо бэлтгэж бай гэж ярьсан гэж ярьж байсан тэгээд тэр өдрөө найз *******ийнд хонож маргааш өглөө нь тухайн модоо ачсан. Манай найз *******ийн бэлтгэсэн мод нь шинэс төрлийн унанги гэмээр мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, гэрч С.*******ийн “...2022 оны 02 дугаар сарын 23-ний  өдөр 15 цагийн үед очиход ******* нь гэртээ байхгүй Чулуут сумын төвөөс ирлээ модоо бэлтгээд цагаалчихсан гэж хэлж байсан. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед над руу ярьж мод Чулуут сумаас татмаар байна гэж ярьж тохиролцсон. Тэгэхээр уг мод бэлтгэх эрхийн бичигт миний машины марк дугаар тавигдсан байна. Ингэхээр 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр уг мод бэлтгэх эрхийн бичиг бичигдсэн байх. Би ер нь хүний хөлсөнд явсан болохоор мод бэлтгэхэд эрхийн бичгийг өмнө хойно нөхөж авдаг болдог болдогүйг мэдэхгүй байна. Мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу гэхэд байна гээд ******* нь *******д гаргаж өгч харагдсан. Тэнд цай унд болоод мод чулуугаа ярилцаж байгаад мод бэлтгэх эрхийн бичиг ярьтал ******* нь *******д биесээ уг мод бэлтгэх эрхийн бичгийг гаргаж өгсөн. Яг бэлтгэсэн газар нь очиж үзээгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, гэрч Д.*******ын өгсөн “...Тэгээд ******* удалгүй ирээд бид 2 мод руу ороод модоо бэлтгэж эхэлсэн. Архангай аймгийн Чулуут сум Ар өвөлжөө гэх газраас модоо бэлтгэсэн. Ямарч байсан 8 ширхэг босоо мод унагааж үлдсэн модыг нь унанги мод тайрч бэлтгэсэн. Би модыг бэлдэлцээд яваад өгсөн. Дараа нь ачих машин ирчихлээ ачилцаад өгөөч гэхээр нь очтол ачаад эхэлсэн  байсан. Тэгээд хэр их мод болж байна гээд асуутал 4 портер болж байна гэсэн. Надад мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн. Тэгэхдээ би мод бэлтгэх эрхийн бичгийг нь хараагүй.... ” ...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/, гэрч Б.*******ын өгсөн “…Би Хайрхан багт талбай тусгаарлах ажилтай явж байна сум орохгүй байх гэдгээ тайлбарлаж хэлээд тийм яаралтай модны хэрэгцээтэй байгаа юм уу гэсэн чинь Чулуут сумын төвд ачаа буулгаад буцах машинд ачих гээд байгаа юм гэхээр нь за тэгвэл Архангай аймгийн Чулуут сумын Халуун Ус багийн Ар өвөлжөө гэх газарт талбай тусгаарласан байгаа өрхүүдийг тэндээс мод бэлтгүүлж байгаа. Чи галын түлээний зориулалтаар бол тэндээс зөвхөн унанги мод бэлтгэнэ чи маргааш ирж бичгээ аваарай гэж хэлсэн. Намайг сумын төвд ирэхэд оройн 21 цаг өнгөрч байсан. Маргааш нь амжаагүй үлдсэн газраараа явах байсан болохоор амраад маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө модны бичиг дээр нь *******ийн овог, нэрийг биччихээд машины дугаарыг нь асуух гэтэл *******ийн утас нь холбогдохгүй байхаар нь дутуу биччихээд байж байтал ой ангийн хүмүүс залгаад дахиад үлдсэн газрынхаа ажлыг яаралтай дуусгаад Өндөр-Улаан сум руу явна гээд байхаар нь тэд нартай буцаад хөдөө явсан. Бид хэд орой 21 цаг өнгөрч байхад сум руугаа орж ирсэн. 2022 оны 02 дугаар 23-ны өглөө 10 цагийн үед над руу ******* залгаад та ажил дээрээ байна уу? Би очиж авах гэсэн гэхээр нь дутуу бичсэн бичиг дээрээ тээвэрлэх машины дугаарыг гүйцээж бичээд мод бэлтгэх бичгийг нь өгөөд явуулсан. Манай өрөөнд бол ганцаараа орж ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-30 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.*******аас шүүгдэгч О.*******ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******ийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч О.*******ийн үйлдлийн улмаас ойн санд 1.756.160 /нэг сая долоон зуун тавин зургаан мянга нэг зуун жар/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 
 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.756.160х3=5.268.480 төгрөг /таван сая хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун ная/ төгрөг гэж дүгнэв.  
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.268.480 төгрөг /таван сая хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун ная / төгрөгийг шүүгдэгч О.*******оос гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
     
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    
    Шүүгдэгч О.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 135-137 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.*******ид торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 288,000/ хоёр зуун наян найман мянга/ төгрөгийн үнэ бүхий 210 ширхэг, 16 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн  мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 144.000 /нэг зуун дөчин дөрвөн мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 25.000 /хорин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий сүх 1 ширхэг зэргийг гэмт хэргийн улмаас учирсан 5.268.480 /таван сая хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун ная/  төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлын үлдэгдэл 2.219.480 /хоёр сая хоёр зуун арван есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг шүүгдэгч О.*******оос гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.    
Шүүгдэгч О.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг  тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Ж овогт О Ж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч О.******* нь торгох ялын 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 288,000 /хоёр зуун наян найм мянга/ төгрөгийн үнэ бүхий 210 ширхэг, 16 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн  мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 144.000 /нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1/нэг/ ширхэг, 25.000 /хорин таван мянга/  төгрөгийн үнэ бүхий сүх 1 /нэг/  ширхэг зэргийг гэмт хэргийн улмаас учирсан 5.268.480 /таван сая хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун ная/ төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлын үлдэгдэл 2.219.480 /хоёр сая хоёр зуун арван есөн мянга дөрвөн зуун ная/  төгрөгийг шүүгдэгч О.*******оос гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  


8.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ