Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар  2022/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Ою хөтлүүлж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Б О /РД:................/-д холбогдох эрүүгийн 2112.............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.    


Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймгийн .......... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .................... оператор ажилтай гэх,  ам бүл 2, охины хамт А..................................тоотод суух, урьд 
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
мөн Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б овогт Б О, /РД:............./

                                                   Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн ........................... тоотод иргэн Б.*******тай маргалдаж, түүний эзэмшлийн “Самсунг А51” маркийн гар утсыг эвдэж, устган 450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112.............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
    Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.*******ын өгсөн:..2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр оройн 19:00 цагийн үед манай салсан нөхөр болох Б.******* нь над руу залгаад том охин чамтай 2 хононо гээд байна манайд ирээд ав гэхээр би Цэнхэр суманд явж байсан тул завгүй байна аймагт очоод авъя гэж хэлсэн. Тэгээд би 21:00 цагийн үед аймагт ирээд очиж авсан. Би 3 хүүхдээ гэртээ авч очоод 23:00 цагийн үед унтах гээд хэвтэж байтал Б. ******* над руу залгаад би бааранд явж байна. Бааранд ******* явж байна тэгэхээр нь би чи яагаад миний салсан эхнэр рүү чат бичдэг юм гээд надаас утасны цаанаас хэрүүл өдөөд байхаар нь би наад хүмүүсийг чинь танихгүй чи Мөнгөөтэй уулзсан байна ******* тэгж байна гээд байхаар нь би утсаа тасалчихсан юм. Тэгээд удалгүй 10-20 минутын дараа хашааны хаалга дуугарах шиг болсон. Тэгсэн цонх нүдээд миний утас руу залгаад хаалгаа онойлго гээд байхаар нь үгүй ээ чи яв гэж хэлсэн. Тэгтэл гэрийн хаалга гаднаас эвдээд гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм. Тэгээд гэрт орж ирээд гэрэл асаагаад шууд миний утсыг булааж авч утас үзчихээд дандаа цагдаа дуудна гээд одоо чи фэйсбүүк рүүгээ ороод М гэдэг хүнтэй найз байгаа тэрийгээ хараадах гээд байхаар нь чи юу яриад байгаа юм бэ гэхэд миний утсыг дундуур нь хугалаад хана руу шидчихсэн. Тэгээд хувцас хийдэг цахилгаантай даавуун материалтай шкафийг маань өшиглөөд ураад үүдний амбаар руу шидэж, хананд байсан жаазыг хугалж гал руу хийгээд, гал тогоонд сууж байснаа хармаанаасаа 0,5 литрийн лаазтай пиво гаргаж ирээд 1 лаазтай пивоо задлаад ууж байхдаа чи янхан шидээ, би танайд хонож болох уу гэхээр нь би хонуулахгүй чамайг харахаас дургүй хүрч байна гэхэд энэ муу пяздаа дандаа ингэдэг юм үсдэж орноос чирж унагаагаад газар үснээс татчихаад сэгсрээд байсан. Тэгээд би уйлаад орон дээр сууж байтал гараа атгаад толгой руу цохиж, нүүр рүү алгадаж, газар чирж унагаагаад нуруу руу өшиглөөд байсан. Тэгсэн Б.******* өөрийн барьж байсан утсаа надад одоо энийг барь гээд өгсөн. Тэгээд надтай хонох гээд ирсэн том охиныг маань миний охин бос одоо наадах чинь цагдаа дуудна гээд чирээд аваад явсан. Тэгэх хооронд нь би цагдаа руу дахин залгасан. Тэгээд удалгүй цагдаагийн хоёр алба хаагч ирсэн. Намайг цохиж зодсон. Намайг үснээс минь чирж газар унагааж, хацар руу 2 гараараа ээлжилж алгадаад, нуруу руу 2-3 удаа өшиглөөд байсан. Хэрүүл маргаан хийсэн намайг хэл амаар доромжилсон тухайн үед Б.******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би 2 хүүхдийн хамт амьдардаг. Б.******* том охиноо авч, би бага 2 хүүхдээ авсан. Бид хоёр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор шүүхээр орж гэр бүлээ цуцлуулсан. Б.******* бид 2 хамт амьдраад 10 жил болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй. Б.******* нь сүүлийн 2 жил Хэнтий аймагт уурхайд ажилладаг болсон. Тэр үеэс хөндийрч эхэлсэн. Тэгээд Хэнтийд ажиллаж байх хугацаандаа эрэн очин л байдаг байсан. Тэгээд албан ёсоор 07 сард гэр бүлээ цуцлуулснаас хойш 4 сар тусдаа амьдарч байна. Хэдий одоо салж тусдаа амьдарч байгаа ч гэсэн Б.******* нь өдөр болгон шахуу эрүүлдээ ч согтуудаа ч залгаж хэл амаар доромжилж, чи янхан болсон гэсэн гээд л залгаад байдаг үнэхээр хэцүү. Б.******* нь намайг зодож үснээс зулгаана, би танайд очиж хономоор байна болох юм уу гээд л үгүй хонуулахгүй гэхээр албаар хонох гээд л миний хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийдэг, тэгээд байнга утсаар залгаж хэл амаар доромжилно, бусадтай хардаж намайг миний танихгүй хүмүүстэй холбоод л явалддаг чи янхан шидээ гээд байдаг. Тэгээд манай гэрт ирж гэрийн эд зүйлийг эвдэж сүйтгэнэ 11 дүгээр сарын 12-ны өдөр хувцасны шкаф болон таазанд байсан нэмэх хэлбэртэй гэрлийг татаад тахийлгаад хаячихсан. Б.******* нь ер нь байнга архи уудаг. Сүүлийн үед хамт амьдрахгүй байгаа болохоороо сайн мэдэхгүй байна. Гэхдээ над руу согтуу ч бай эрүүл ч бай өдөр болгон залгадаг. Би 2021 оны 02 дугаар сард Мобикомоос 779,000 төгрөгөөр авч байсан. Самсунг А51 маркийн гар утас байсан. Гар утсаа бариад 8 сар л болж байна. Би гомдолтой байна. Хамгийн түрүүнд утсаа төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн  05-06 хуу/,  
Хохирогч Б.*******ын дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Надад өөрийнхөө гар утсыг хохиролдоо өгсөн одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 хуу/,
          Гэрч Б.*******гийн өгсөн “...Би танина Б.******* нь миний төрсөн дүү харин Б.******* нь *******ын салсан эхнэр нь байгаа юм. Би дүү *******ын хувийн зан байдлын талаар нь мэдүүлэг өгнө. ******* нь эхээс дөрвүүлээ манай хамгийн бага дүү байгаа юм. Дээрээ 2 эгчтэй, 1 ахтай, бага насаа Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд сургууль цэцэрлэг, сургуулиар явсан. Эрдэнэбулган сумын ЕБС-ийн 2 дугаар сургуульд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд сургуулиас гарч мал маллан амьдарсан. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. 2021 онд эхнэрээсээ салсан хүн байгаа юм. Ааш зангийн хувьд сэргэлэн цовоо, хүний үгнээс гардаггүй, дуулгавартай, үнэнч шударга, ажилч хичээнгүй. Өөрийн хариуцсан ажлаа сайн чанартай үнэнчээр хийдэг. Сайн залуу байгаа юм. Буруу зуршил гэвэл хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх гээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/,
         Б.*******ын яллагдагчаар өгсөн “...Би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Б.*******ын гар утас эвдэлснээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө утсыг өгч хохирлыг барагдуулсан. Одоо надад мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/
 Самсунг маркийн гар утсанд хийсэн үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-39-17 хуу/,
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 хуу/
Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87 хуу/
Дамно үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-ийн 23-26 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 хуу/,
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 132-133 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 07-05 тоотод иргэн Б.*******тай маргалдаж, түүний эзэмшлийн “Самсунг А51” маркийн гар утсыг эвдэж, устган 450.000  төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  
    
Эрүүгийн 2112............... дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн ....................... тоотод иргэн Б.*******тай маргалдаж, түүний эзэмшлийн “Самсунг А51” маркийн гар утсыг эвдэж, устган 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Б.*******ын өгсөн:.. шууд миний утсыг булааж авч утас үзчихээд дандаа цагдаа дуудна гээд, одоо чи фэйсбүүк рүүгээ ороод Мөнгөнөө гэдэг хүнтэй найз байгаа тэрийгээ хараадах гээд байхаар нь чи юу яриад байгаа юм бэ гэхэд миний утсыг дундуур нь хугалаад хана руу шидчихсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, Б.*******ын яллагдагчаар өгсөн “...Би Б.*******ын гар утас эвдэлснээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө утсыг өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/, Дамно үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-ийн 23-26 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч  Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******д 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-25 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “Надад өөрийнхөө гар утсыг хохиролдоо өгсөн одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 130 хуу/, байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг  тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу охины хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3  сарын хугацаанд  төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******ыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл 1 дэх хэсэг  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Б О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга / төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  

5.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 
1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, 
хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 
                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ