Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0116

 

Иргэн Г.Ггийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Г.Ггийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар тушаал, мөн дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартааМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасны дагуу тус дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хорооны иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж хуралд оролцсон иргэдийн 72,6 хувь үзэж 15 дугаар хорооны Засаг даргыг огцруулах саналыг 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн тогтоолыг үндэслэж дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу огцруулсан.

Иймээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартааБаянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/427 дугаар албан бичгээр дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гг огцруулах санал ирүүлснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, хорооны иргэдийн нийтийн ээлжит бус хурлыг 2015 оны 05 дугаар сарын 16-ны Бямба гарагийн 11 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн дагуу хуралдах газар, хугацаа, хэлэлцэх асуудал, иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг анхааруулсан зарыг нутаг дэвсгэрийн бүх байрны орцонд байрлуулсан. Тус хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасны дагуу багадаа 65 хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцох бөгөөд тухайн өдрийн хуралд 128 иргэн ирж, тухайн хорооны иргэн мөн эсэхийг нь тогтоохын тулд иргэний үнэмлэхийг нь шалгаж оруулсан.

Хурлыг Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга нээж, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн бичгийг уншиж танилцуулсны дараа зарим нэг иргэн саналаа хэлэхийг хүссэн боловч олонх иргэд санал хэлэх шаардлагагүй, санал хураалтаар л асуудлыг шийдвэрлэх тул шууд саналаа өгье, хэлэлцэх асуудлынхаа дагуу хурлаа хуралдуул гэж шаардсан тул түрүүлж саналаа өгөхөөр ирсэн иргэдэд саналын хайрцаг хоосон эсэхийг баталгаажуулан үзүүлсний дараа санал авч эхэлсэн. Санал хураалт дууссаны дараа тооллогын комиссын бүрэлдэхүүн видео бичлэгээр баримтжуулан саналын хуудсыг нэг бүрчлэн үзүүлж иргэдийн дунд тооллогоо явуулсан. Хуралд оролцсон 128 иргэнээс 120 иргэн санал хураалтад оролцож, 8 иргэн саналаа өгөөгүй. Тооллогын дүнгээр 87 иргэн Хорооны Засаг дарга Г.Гг огцруулах нь зүйтэй гэсэн санал өгч, 26 иргэн огцруулахгүй гэсэн санал өгсөн. 7 саналын хуудсыг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж тооллогын комисс шийдвэрлэсэн. Тоолох үйл ажиллагаанд хорооны иргэд ажиглагчаар оролцсон. Хуралд оролцож саналаа өгсөн иргэдийн 72,5 хувь нь Хорооны Засаг дарга Г.Гг огцруулах нь зүйтэй гэж үзсэн тул холбогдох материалыг дүүргийн Засаг даргад уламжлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Иймд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас болон хурлаас гарсан 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Г.Ггийн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар захирамж, мөн дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 3 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д Дээд шатны Засаг дарга ... энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө гэсэн атал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/427 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал мөн өдөр хүлээн авч 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн нь дээрх заалтад заасан хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн байна.

2. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцох бөгөөд хуралдаанд багт өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэсэн атал хуралд оролцсон иргэдийн ирцийн бүртгэлд тусгагдсанаар 128 иргэн уг хуралд оролцсоноос 12 өрхийн 39 иргэн давхардаж хуралд оролцсон, тухайн хороонд оршин суудаггүй 3 иргэн хуралд оролцож санал өгсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

3. Дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална. гэсэн атал Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал ямар нэгэн баталгаажуулсан дэггүйгээр хуралдааныг явуулсан, энэ байдлаас улбаалж Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал нь ямар ч эмх замбараагүй, хэлэлцэх асуудал, тооллогын комиссоо томилж, баталгаажуулаагүй, гарсан шийдвэрээ албан ёсоор баталгаажуулаагүй /хавтас хэрэгт авагдсан бичлэгээс харахад/ зэргээс үзэхэд уг хурлыг хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус Хурлын шийдвэрийг үндэслэж гарсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар захирамж хууль бус гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална, 35.1.3-д эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Г нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Улаанбаатар мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тус эмнэлгийн магадлагаа, өвчний түүхийн хуулбар зэргээр нотлогддог бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Г.Гг үүрэгт ажлаас нь огцруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Ггаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар тушаал, мөн дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хорооны иргэдийн Нийтийн Хурал болон иргэдээс удаа дараа гомдол ирүүлсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/49 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг тус дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, шалгуур үзүүлэлтийн 14 үзүүлэлтээс 13 буюу 92.8 хувь нь хангалтгүй байсан гэж үзэн хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх дүгнэлттэй 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн илтгэх хуудсыг танилцуулсныг, мөн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон 2014 оны жилийн эцсийн үйл ажиллагааны хэрэгжилтийн дүнгээр 28 хорооноос хамгийн муу үзүүлэлт буюу сүүлийн байранд орж, С үнэлгээ авч 2015 оны эхний улиралд үйл ажиллагаагаа сайжруулах, зөрчил дутагдлыг засаж залруулах хугацаатай үүрэг авсан, үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг мөрдлөг болгож ажиллаагүй, хорооны Засаг даргаар ажиллах мэдлэг дутмаг байгаа зэрэг үндэслэлүүдийг зааж 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд тус хорооны Засаг даргыг огцруулах саналыг Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол огцруулах саналыг хүргүүлэхээр, 32.4-т дээд шатны Засаг дарга хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэхээр заасан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын санал хүргүүлсэн дээрх үйл ажиллагаа нь хуулийн тухайн заалтад нийцсэн байна.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор 05 дугаар сарын 16-ны өдөр хорооны иргэдийн Нийтийн ээлжит бус Хурлыг хуралдуулахаар тогтоосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 /баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах/, 32 дугаар зүйлийн 32.4 /Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө/ дэх заалтыг зөрчөөгүй бөгөөд иргэдийн Нийтийн Хурал зохих журмын дагуу хуралдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгчээс хороонд бүртгэлгүй болон тухайн хороонд оршин суудаггүй 3 иргэн хуралд оролцсон, 12 өрхийн 39 иргэн Хуралд орсон гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйн зэрэгцээ энэ зөрчил гарсан байлаа ч санал хураалтын дүнд нөлөөлөхөөргүй байна.

Иймд, эдгээр асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хорооны Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулахтай холбоотой харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тусгайлан зохицуулсан бөгөөд энэ хуулиар зохицуулсан харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль хэрэглэгдэхгүй. Тиймээс Г.Гг эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд хорооны Засаг даргаас огцруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

Эдгээрээс дүгнэн үзэхэд иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг үндэслэн Г.Гг огцруулахаар шийдвэрлэсэн дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар захирамж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 /Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна/, 28.5 /Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ/-д нийцжээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР