Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган

шүүгдэгч О.Намхай нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Уваши овогт Оюунчимэгийн Намхайд холбогдох эрүүгийн  201619000417 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, ээж, 2 эгч, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 29 дүгээр байр 2-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Уваши овогт Оюунчимэгийн Намхай, /РД:НФ92052019/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Намхай нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 31 дүгээр байрны хойд талын жалганд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ж.Амгаланбаярыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч О.Намхай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хохирогч Ж.Амгаланбаяр хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би дүү Ариунтэмүүжинтэй хамт гэртэй байж байсан чинь манай хажуу айлын Батсайхан орж ирээд манай дүү Ариунтэмүүжинг чи пивонд яваад ир гэсэн. Тэгэхээр нь би бид хоёр хоолоо хийж байна өөрөө пиво авчирч уухгүй юу гэсэн юм. Тэгтэл Батсайхан гараад яваад өгсөн. Тэгсэн чинь удалгүй байж байтал Намхай гэх залуу орж ирээд яваад өгчих гээд хэрүүл хийгээд байснаа миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ингээд байвал би цагдаад хэлнэ шүү гэж анхааруулж хэлэхэд Намхай гараад ир хоёулаа гараад үзье гээд гарсан. Тэгээд би араас нь гараад бид хоёд хойд жалганд очоод зодолдоод Намхай намайг нэг цохиод авахаар нь бултаад би буцаагаад нэг цохисон. Намхай газарт унахаар нь би дараад гарыг нь өчөөд чи намайг дийлэхгүй одоо зүгээр бай гэсэн. Тэгсэн Намхай за болъё гээд би дээр нь байж байсан чинь Батсайхан ирээд бид хоёрыг салгаад манай найзыг зодлоо гээд Батсайхан дайраад байсан. Тэгсэн Намхай намайг за салхуу гар баръя гэсэн. Тэгээд салах гэж байсан юм байна гээд гар барьсан чинь миний зүүн шанаа руу цохиод авсан. Тэгээд салахгүй болохоор би Намхайгаас зугтаагаад цагдаад ирж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.Батсайхан хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Батчулуун Намхай бид 3 хоёр сав 2.5 литрийн Боргио пиво 31 дүгээр байрны сүүдэрт сууж байгаад уусан. Тэгээд дахиж авах санаатай байсан болохоор би Ариунтэмүүжинг ах нь урд дэлгүүрт өртэй чи яваад пиво аваад өгчих гээд гэрт нь орсон чинь Амгаланбаяр өөрөө явахгүй юу гээд байхаар нь гараад Намхайд ирээд Амгаланбаяр дүүгээ явуулахгүй байна гэсэн чинь Намхай гэр рүү нь орсон. Удалгүй Амгаланбаяр Намхай 2 хамт гараад явж байгаа харагдсан. Би юм бодоогүй урд сууж байсан чинь хойно юм дуугарах шиг болсон. Тэгээд би энэ хоёр зодолдож байгаа юм байна гэж бодоод араас нь очсон чинь Намхай газар уначихсан Амгаланбаяр дээр нь суугаад гарыг нь өчөөд байж байхаар нь очиж салгасан. Тэгсэн Амгаланбаяр Намхай хоёр гар бариад салах гэж байсан чинь Намхай Амгаланбаярыг нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. Амгаланбаяр намайг цохилоо гээд уурлаад яваад өгсөн. Намхайгийн хамраас цус гарсан байсан болохоор гэр рүүгээ орж цусаа угаана гээд орсон. Би байрандаа ороод байж байсан чинь хоёр цагдаа ирээд Намхай бид хоёрыг аваад эрүүлжүүлэхэд хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Б.Батчулуун хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Батсайхан, Намхай бид 3 хоёр 2.5 литрийн Боргио пиво 31 дүгээр байрны сүүдэрт сууж байгаад уусан. Тэгээд Батсайхан, Намхай хоёр пиво авна гээд явсан. Би гэр рүүгээ орж гэрээ цэвэрлэж байгаад гарч ирсэн. Амгаланбаяр Намхай хоёр зодолдоод цагдаа ирээд аваад явсан гэж байрны хүүхдүүд хэлж байсан. Тэгээд би орой нь Амгаланбаяраас Намхай та хоёр юунаас болж зодолдсон юм гэж асуусан чинь яагаачгүй гэж байсан. Тэгээд би гэртээ орсон. Тэр хоёрыг зодолдсон талаар мэдсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Гэрч З.Ариунтэмүүжин хэрэг бүртгэлэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байсан чинь Намхай халамцуу орж ирээд Амгаланбаяр ахтай хэрэлдээд тэр хоёр хамт гарсан. Би гэрт үлдээд хоолоо хийж байсан тэр хоёрыг гадаа гараад зодолдсон талаар хамт гараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Намайг Намхай ах нэг пиво авчираад өг гэсэн чинь Амгаланбаяр ах хүүхэд хоол хийж байна, өөрөө пивондоо явахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад гарсан. Би тэр хоёрыг зодолдохгүй байх гэж бодсон чинь гараад жалганд очиж зодолдсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 278 тоот дүгнэлт: Ж.Амгаланбаярын биед уруулын дотор салтанд язарсан шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, эрүүнд хаван хавдарын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Намхай Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 31 дүгээр байрны хойд талын жалганд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ж.Амгаланбаярыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Амгаланбаярын мэдүүлэг, гэрч Б.Батсайхан, Б.Батчулуун, З.Ариунтэмүүжин нарын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 278 дугаар дүгнэлт, Намхай хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Намхай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч О.Намхайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Ж.Амгаланбаяр нь шүүгдэгч О.Намхайтай эвлэрч байх тул О.Намхайд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Уваши овогт Оюунцэцэгийн Намхайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Амгаланбаяр нь шүүгдэгч О.Намхайтай сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн О.Намхайд холбогдох 201619000417 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. О.Намхайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Намхайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                                             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.БУЯНТОГТОХ