Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/45

 

Б.У, Б.Э, Д.Г

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

            Нарийн бичгийн дарга                Н.Энхнаран   

           Прокурор                                     Б.Догмиддорж нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн бичсэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр Б.У, Б.Э, Д.Г нарт холбогдох эрүүгийн 1721003610030 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул “Б.У нь Д.Г, Б.Э нартай 2017 оны 12 сарын 15-ны өдрийн орой Портер маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч Л.Сны гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Э нь Д.Г, Б.У нартай 2017 оны 12 сарын 15-ны өдрийн орой Портер маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч Л.Сы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Г нь Б.У, Б.Э нартай 2017 оны 12 сарын 15-ны өдрийн орой Портер маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч Л.Сы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 03 дугаар 01-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Чонод овогт Дугарсүрэнгийн Ганболд, Боржигон овогт Буянтогтохын Ууганбаатар, Шарнууд овогт Батдэлгэрийн Энх-Од нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Б.У, Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

3/ Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Г, Б.У, Б.Э нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, ...шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж бичсэн дүгнэлтдээ:

“Яллагдагч Б.У нь Д.Мтэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “Атар-2” гэх газраас иргэн Д.Эийн дэлгэж хатаасан 486 кг 700 гр дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндсийг учрах саадыг арилгах зорилгоор “08-56 УНР” улсын дугаартай “Хюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 19468000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Д.М нь Б.Утай хамтран 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “Атар-2” гэх газраас иргэн Д.Эийн дэлгэж хатаасан 486 кг 700 гр дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг учрах саадыг арилгах зорилгоор “08-56 УНР” улсын дугаартай “Хюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 19468000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.

Б.У нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож, Прокурорын газраас Б.У, Д.М нарт холбогдох эрүүгийн 1721002790179 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүгчийн захирамжаар “эрүүгийн хэргийг нэгтгэж шийдвэрлэх” үндэслэлээр прокурорт буцаасан.

Прокурор хэргийг хүлээн авч хянан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалт явуулж болно”, энэ зүйлийн 5 дахь хэсгийн “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэх заалтуудын дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1721002790179 дугаартай хэргийг Б.У, Б.Э, Д.Г нарт анхан шатны шүүхээс ял оногдуулсан эрүүгийн 1721003610030 дугаартай хэрэгт нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” заалтыг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох, мөн хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож, хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй нөхцөл үүссэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалт байгаа боловч энэ нь сэжигтэн, яллагдагчийг орхигдуулсан, зөвхөн ялтанд хамаарах эрх зүйн зохицуулалт болсон тул шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд Б.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг эрүүгийн 1721002790179 дугаартай хэрэгтэй нэгтгүүлж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, Б.У, Б.Э, Д.Г нарт холбогдох эрүүгийн 1721003610030 дугаартай хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах, хэргийг прокурорт очтол Б.У, Б.Э, Д.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор: Д.Г, Б.У, Б.Э нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г, Б.У, Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, …шийдвэрлэсэн байна. Гэвч Б.У нь энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2017 оны 10 дугаар сард ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү ургамлыг хулгайлсан хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэхээр заасан, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасныг тус тус үндэслэн Б.Уын холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд прокурор Б.Догмиддоржийн бичсэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.У, Б.Э, Д.Г нарт холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Дорнод аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.У, Б.Э, Д.Г нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэн авсугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                        Ж.ДОЛГОРМАА