| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/102 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: Э.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг хялбаршуулсан М овогт Э У холбогдох 2212........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 11-нд өдөр Архангай аймгийн ................ төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Э........................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Э У /РД:............/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.У нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ............... аймгийн ...................гэх газраас 2 ширхэг босоо, нойтон мод бэлтгэн тээвэрлэн ойн санд 307.328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2212............ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гэрч Б.Чийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багиин цагаан давааны орчим хяналт шалгалт хийх хугацаанд орой 19 цагийн үед ..-.1 АРА улсын дугаартай мод ачсан тээврийн хэрэгсэл шалгахад ойн цэвэрлэгээний эрхийн бичгээр босоо нойтон мод тээвэрлэсэн байсанийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд модтой авто машиныг саатуулсан юм. Архангай аимгийн Их тамир сумын байгаль хамгаалагч Эын бичиж өгсөн эрхийн бичигтэй байсан. Босоо нойтон мод бэлтгэсэн байсан. Ганцаараа явж байсан мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан. Э.У нь эзэмшилын ..-.1 АРА гэсэн улсын дугаартай Бонго маркийн авто машин байсан. Ойн цэвэрлэгээний мод бэптгэх эрхийн бичгээр босоо мод унагаж болохгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 ху/,
Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн: “...Садан төрлийн холбоо байхгүй. Би энэ талаар мэдээгүй. Би танилцсан 307.328 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Ойн санд учруулсан хохирлоо төлүүлмээр байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 ху/,
Гэрч Э.Дын өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2022 оны 03 дугаар
сарын 01 -ны өглөө У ахын руу очход намайг хамт модонд яваад өгөөч гэхээр нь модонд хамт явсан. Тэгээд Архангай аймгийн .................... баг руу модонд явж тухайн мод бэлтгэх газар нь цас орсон байсан болохоор машин хий эргээд явахгүй байсан. Тэгсэн У ах модны захад байсан 2 босоо модыг цахилгаан хөрөөгөөр унагаж машинд ачсан. Манай ах У анх гаргасан. Машин хий эргээд байсан болохоор босоо мод унагасан. Надад авсан байгаа гэж хэлж байсан. Мод бэлтгэхдээ цахилгаан хөрөө ашигласан өөр багаж ашиглаагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ххийн 74-77 ху/,
Э.Уын яллагдагчаар өгсөн: “...Ойлголоо. Асуух зүйл байхгүй. Би уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлтэй тохирч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн төвөөс Архангай аймгийн ..................... багийн Зүүн Сөрт гэх газар луу түлээ бэлтгэхээр Ихтамир сумын байгаль хамгаалагчаар мод бэлтгэх эрхийн бичгийн унанга мод бэлтгэх зөвшөөрөл бичүүлж авсан. Тухайн мод бэлтгэдэг өдөр гадаа хүйтэн цас орсон байсан болохоор машин гарахгүй байхаар нь модны зах хэсэгт ургасан нойтон 2 ширхэг босоо модыг өөрөө унагааж тайралт хийж ачсан. Тэгээд Архангай аймаг руу орох цагаан давааны постонд цагдаад баригдаж журмын хашаанд орсон. Би дүү Дын хамтаар явж байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-70 ху/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 ху/,
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Иргэн Э.Уын зохих зөвшөөрөлтэй бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн галын түлээний нойтон мод.
2. Уг мод нь 2.70 метрийн урттай 16 ширхэг нойтон шинэс төрлийн мод байна Нийт тоо ширхэг 16, нийт шоо метр 2.0 м3 шоо метр модыг бэлтгэжээ. Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, нойтон түлээ 1.4 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 307.328 төгрөгөөр тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 35-36 ху/
Мод болон эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөний үнэлгээний тайлан /хх-ийн 48- 52хуу
Автомашин техник үнэлгээний тайлан /хх-ийн 53-58 ху/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 30 ху/
Архангай аймгийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 109 ху/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 ху/,
Эд зүйл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 82 ху/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл /хх-ийн 79-80 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /ххийн 86-87 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.У нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр .......... аймгийн ...........сумын ................ багийн .................. гэх газраас 2 ширхэг босоо, нойтон мод бэлтгэн, ..-.1 АРА улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 307.328 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212............. дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.У нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай
аймгийн ....................... багийн зүүн .................. гэх газраас 2 ширхэг босоо, нойтон мод бэлтгэн, ..-.1 АРА улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 307.328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Гэрч Чийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багиин цагаан давааны орчим хяналт шалгалт хийх хугацаанд орой 19 цагийн үед ..-.1 АРА улсын дугаартай мод ачсан тээврийн хэрэгсэл шалгахад ойн цэвэрлэгээний эрхийн бичгээр босоо нойтон мод тээвэрлэсэн байсанийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд модтой авто машиныг саатуулсан юм. Архангай аимгийн Их тамир сумын байгаль хамгаалагч Эын бичиж өгсөн эрхийн бичигтэй байсан. Босоо нойтон мод бэлтгэсэн байсан. Ганцаараа явж байсан мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан. Э.У нь эзэмшилын ..-.1 АРА гэсэн улсын дугаартай Бонго маркийн авто машин байсан Ойн цэвэрлэгээний мод бэптгэх эрхийн бичгээр босоо мод унагаж болохгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 ху/, Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн: “...Садан төрлийн холбоо байхгүй. Би энэ талаар мэдээгүй. Би танилцсан 307.328 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Ойн санд учруулсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 ху/, гэрч Э.Дын өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 01 -ны өглөө У ахын руу очход намайг хамт модонд яваад өгөөч гэхээр нь модонд хамт явсан. Тэгээд Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг руу модонд явж тухайн мод бэлтгэх газар нь цас орсон байсан болохоор машин хий эргээд явахгүй байсан. Тэгсэн У ах модны захад байсан 2 босоо модыг цахилгаан хөрөөгөөр унагаж машинд ачсан. Манай ах У анх гаргасан. Машин хий эргээд байсан болохоор босоо мод унагасан. Надад авсан байгаа гэж хэлж байсан. Мод бэлтгэхдээ цахилгаан хөрөө ашигласан өөр багаж ашиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-77 ху/ модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Уын үйлдлийг Монгол
Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Уын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.Уын үйлдлийн улмаас ойн санд 307.328 /гурван зуун долоон мянга хорин найм/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх
заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /307.328х3=921.984 төгрөг /есөн зуун хорин нэг мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 921.984 / есөн зуун хорин нэг мянга есөн зуун наян дөрөв / төгрөгийг шүүгдэгч Э.Уаас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.У нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн,
гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон
хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Уын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..-11 АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 7.733.309 /долоон сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун ёс/ төгрөгийг, гаргуулж, тухайн автомашин үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 921.984 / есөн зуун хорин нэг мянга есөн зуун наян дөрөв / төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 6.811.325 /зургаан сая найман зуун арван нэгэнмянга зуун хорин тав/ төгрөгийг мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 280.000 /хоёр зуун арван наяан мянга/ төгрөгний үнэлгээ бүхий 2 ширхэг 2.0 м3 хэмжээтэй, нойтон шинэс модыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг буюу цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхгийг тус тус хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Уын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..-.1 АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 7.733.309 309 /долоон сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун ёс/ төгрөгийг шүүгдэгч Э.Уаас гаргуулж, тухайн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 921.984 / есөн зуун хорин нэг мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 6.811.325 /зургаан сая найман зуун арван нэгэн мянга зуун хорин тав/ төгрөгийг мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 280.000 /хоёр зуун арван наяан мянга/ төгрөгний үнэлгээ бүхий 2 ширхэг 2.0 м3 хэмжээтэй, нойтон шинэс модыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг буюу цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхгийг тус тус хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Э У хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар 8 сарын 21-ний өдрийн 36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Уын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..-.1 АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 7.733.309 309 /долоон сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун ёс/ төгрөгийг, 56.000 /тавин зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг нойтон модыг тус тус гэмт хэрэг улмаас учирсан хохирол болох 921.984 / есөн зуун хорин нэг мянга есөн зуун наян дөрөв / төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан 7.147.325 /долоон сая нэг зуун дөчин долоон мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний
нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ