Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01089

 

 

 

2017 оны 04 сарын 17 өдөр

   Дугаар 102/ШШ2017/01089

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, зүүн наран, 6 дугаар гудамж, 127 тоот хаягт оршин суух Боржигон овогт Ивановын Нямгэрэл /РД: ЧО85021766/-ийн хүсэлттэй

 

Б.Гэрэлбаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Нямгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Иванов овогтой Нямгэрэл нөхөр болох Бадарч овогтой Гэрэлбаттай 2003 оноос хамтран амьдарч 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Нямгэрэл овогтой Оюунжаргалыг төрүүлсэн. Нөхөр бид хоёр 7 жил хамт амьдарсан боловч гэрлэлтийн баталгаа хийлгэж амжаагүй байтал нөхөр маань 2010 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өвчний улмаас гэнэтийн байдлаар нас барсан. Цаашид охин Н.Оюунжаргалдаа тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул намайг Б.Гэрэлбаттай хамтын амьдралтай байсан байдлыг минь тогтоон өгч, охин Н.Оюунжаргалыг минь Б.Гэрэлбатын хүүхэд мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Нямгэрэл нь Б.Гэрэлбаттай хамтын амьдралтай байсан, Б.Гэрэлбат нь охин Н.Оюунжаргалын эцэг мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Боржигон овогт Ивановын Нямгэрэл, Лүн овогт Бадарчийн Гэрэлбат нар нь 2003 оноос 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Н,Оюунжаргал төрсөн, охин Н.Оюунжаргалын төрсөн эцэг нь Б.Гэрэлбат мөн, эцэг Б.Гэрэлбат нь 2010 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өвчнөөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Оюунзаяа, Б.Чинзориг нарын мэдүүлсэн мэдүүлэг, охин Н.Оюунжаргалын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон Б.Гэрэлбатын 0050938 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Боржигон овогт Ивановын Нямгэрэл /РД: ЧО85021766/, Лүн овогт Бадарчийн Гэрэлбат /РД:УК66060914/ нар нь гэрлэлтээ батлуулаагүй байх ба 2003 оноос 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан, Б.Гэрэлбат нь Н.Оюунжаргалын төрсөн эцэг мөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.     

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг   удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-д заасныг баримтлан Боржигон овогт Ивановын Нямгэрэл /РД: ЧО85021766/ , Лүн овогт Бадарчийн Гэрэлбат /РД:УК66060914/ нарыг 2003 оноос 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай  байсан, Б.Гэрэлбат нь охин Н.Оюунжаргалын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.МӨНХТӨР