Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/263

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт А-ийн Н-т холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***************************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын 508 тоот өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Ц-ын эзэмшлийн Самсунг А-70 загварын гар утсыг хулгайлан авч 525.000 төгрөгийн, хохирогч Б.Ц-ийн эзэмшлийн Самсунг нөүт-8, нокиа загварын гар утас, гар цүнх, түрийвч, бэлэн 18.000 төгрөг зэргийг хулгайлан авч 325.800 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 850.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Ц-ын:

 “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед би найз болох Ц, О, А нарын хамт “Б” зочид буудлын 508 тоот өрөөнд орсон. Бид нар буудлаас “Экс” нэрийн 0.75 литрийн архи авч ороод би 3 татаад унтаад өгсөн. Ц миний хажууд унтаж, манай 2 найз өөрсдийн өрөө рүү орж унтсан. Би шөнө 04 цагийн үед бие засах өрөө орчхоод гар утаснаасаа цаг харах гээд хайтал байгаагүй. Найзуудаасаа асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би өрөөнөөс гарч буудлын хүлээн авагч дээрээс очоод сүүлд ямар хүмүүс буудлаас гарсан бэ гэхэд 506 тоотын өрөөний 2-3 залуучууд гарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

2. Хохирогч Б.Ц-гийн:

“...Цэрэнбат, түүний найз О, А нарын хамт бид 4 уулзаж ярилцсаны үндсэн дээр буудал орохоор болоод Баянгол дүүргийн 9-р хороонд байрлах “Б” нэртэй буудлын 508 тоот өрөөнд орсон. ...Ц бид 2 508 тоот өрөөнд унтахаар болоод би өөрийн эзэмшлийн хар өнгийн Самсунг нөүт-8 загварын гар утсаа орны хажууд байх жижиг шүүгээн дээр тавиад орондоо орсон юм. 2021 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 04 цагийн үед цаг харах гээд өөрийн ...гар утсыг хайсан чинь миний гар утас байхгүй, ...Ц-ын гар утас мөн байхгүй байсан. Би 508 тоот өрөөний хаалганы цоожийг нэг удаа эргүүлж түгжсэн, цоожлогдсон эсэх талаар нь шалгаж үзээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

3. “Дамно” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний:  

“...Самсунг А-70 загварын 1 ширхэг гар утас 525.000 төгрөг, Самсунг нөүт-8 загварын 1 ширхэг гар утас 250.000 төгрөг, эмэгтэй хүний 1 ширхэг цүнх 26.000 төгрөг, түрийвч 1 ширхэг 15.000 төгрөг, нокиа загварын гар утас 16.800 төгрөг, нийт 832.800 төгрөг...” гэсэн тайлан /хавтаст хэргийн 36-45 дахь тал/,

4. Шүүгдэгч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Хорооллын эцэс дээр автобуснаас буусан чинь Д таараад “танд мөнгө байна уу, ууж байна, ...та 2 пиво авчих” гэхээр нь би зөвшөөрч дэлгүүр ороод 2.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй 2 ширхэг пиво аваад Д-г дагаад ... “Б” нэртэй зочид буудлын өрөөнд орсон чинь үл таних 5 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Би тэр хүмүүстэй мэнд мэдээд 2 пиво задлаад тэнд байх үл таних хүмүүстэй хувааж уусан. 2021 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн үед би Доржоотой архи ууж байсан буудлын өрөөнөөс гараад өөр өрөөний хаалганы бариулыг дарсан чинь хаалга онгойсон. Тэр өрөөнд ороход үл таних эмэгтэй хүн унтаж байсан ба би орны урд байх жижиг ширээн дээр байсан гар утас, хар өнгийн цүнх байхаар нь аваад өрөөнөөс гарсан. Тэгээд би буудлаас гараад гэртээ харьсан. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 12 цагийн үед сэрээд авсан цүнхээ онгойлгож үзэхэд дотор нь эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, түлхүүрүүд, нокиа, эмэгтэй хүний түрүүвч, Самсунг нөүт-8 загварын гар утас, маркийг нь мэдэхгүй гар утас байсан. Хулгай хийсэн Самсунг нөүт-8 загварын гар утас, маркийг нь мэдэхгүй гар утсаа хороололд утас зардаг хүн дээр очиж 2 гар утасны кодыг тайлуулсан. Самсунг нөүт-8 загварын гар утсыг барьж байгаад хөдөө гээгээд олоогүй. ...Нокиа гар утсыг би алга болгочихсон, харин бэлэн байсан 18.000 төгрөгөөр нь такси бариад таксины мөнгөнд өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59, 96 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.Н нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хохирогч Б.Ц-ад 525.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ц-д 325.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг “А.Н нь гэм буруу дээр маргахгүй байгаа, мөн хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Н-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Н нь:

2021 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын 508 тоот өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Цэрэнбатын эзэмшлийн Самсунг А-70 загварын гар утсыг хулгайлан авч 525.000 төгрөгийн, хохирогч Б.Ц-гийн эзэмшлийн Самсунг нөүт-8, нокиа загварын гар утас, гар цүнх, түрийвч, бэлэн 18.000 төгрөг зэргийг хулгайлан авч 325.800 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 850.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ц, хохирогч Б.Ц нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч А.Н-ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн аутентик /хууль тогтоогчийн/ тайлбар хэсэгт: “Орон байр” гэж хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, зуслангийн байр, амралт, сувиллын газар, майхан зэргийг хамруулан ойлгоно гэж тайлбарласан бөгөөд “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр” гэдэгт зочид буудал хамаарахаар байна. 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг Аруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив нөхцөл байдлын үндэслэл болно. /Улсын Дээд шүүхийн 2019.10.30-ны өдрийн 570 дугаар тогтоол/

Хэдийгээр шүүгдэгч А.Н нь зочид буудал руу орохдоо хууль бусаар ороогүй буюу тухайн зочид буудлаар үйлчлүүлж байсан боловч хохирогч Б.Ц, Б.Ц нарын үйлчлүүлж байсан 508 тоот өрөөнд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний орон зайд хууль бусаар нэвтрэн орж ширээн дээр байсан хохирогчийн гар утсыг авч байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Н нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Н-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-д 525.000 төгрөгийн, хохирогч Б.Ц-д 325.800 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч А.Н нь хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 850.800 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ц-д 525.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 325.800 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.Н-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан зүйл заалтад заасан хамгийн бага хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Н-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 гар утсыг шүүгдэгч А.Н-т буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Н-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт А-ийн Н-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-аас нийт 850.800 /найман зуун тавин мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ц-д 525.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 325.800 төгрөгийг тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 4 /дөрвөн/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар утсыг шүүгдэгч А.Н-т буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Н-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ