Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149  

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          07                                    2022/ШЦТ/149  

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч А.Амарсанаа,

хохирогч Д.М ,

шүүгдэгч Т.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Б-д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00000 2594 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б  нь .......... тоот хашаанд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.М ыг “тогны утас тасалсан гэх шалтгаанаар зодож хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б  мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мөрдөн байцаах шатанд хэлсэн. Би хүний биед гэмтэл учруулсан нь үнэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шиг санаатайгаар түүнийг цохиогүй. Энэ хүн миний араас боомилсон тул аргагүйн эрхэнд цохисон. Түүнчлэн хохирогч залуу танхайн сэдэлтэйгээр шөнөөр ирж тог тасалсан. Би түүнд буцаагаад тог залга гэхэд залгахгүй байсан. Мөн нам даралтын тогоо тогоор ажилладаг дэлбэрэх байна гэдгийг хэлсэн. Манайх тэр газар 7,8 жил амьдрахад тэр тогийн утас тийм байдалтай байсан. Би нэг л өдөр өөрөө тэгээд залгасан зүйл байхгүй. Би зохих ёсны байгууллагаар таслуул, чи таслах ёсгүй шүү дээ гэж хэлсэн. Айлын тогийг дураараа тасалчихаад эзэн нь тог буцаагаад залга гэх тайлбар тавихад эсэргүүцсэн. Миний хоолойны хэсэг улайсан, цамц урагдсан, урууланд шарх үүссэн байсан.” гэв

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М  мэдүүлэхдээ: “Над руу цахилгаан түгээх станцаас залгаад 6.000 төгрөгийн төлбөр гарсан байна гэсэн. Яагаад төлбөр гарсан юм бэ улсаас төлбөр төлөгдөж байгаа шүү дээ гэхэд танай цахилгааны төлбөр 30.000, 40.000 төгрөг гарсан байна. Та илүү хэрэглээний төлбөрөө энэ сардаа багтаан  төлөөрэй гэж хэлсэн. Би орой нь очоод цахилгааны утсаа шалгахад хоёр салаалсан утас байсан. Шалбархай утастай хэсгийг нь шалгах гээд татахад тасарсан. Удалгүй шүүгдэгч залуу гарч ирсэн. Яагаад тог тасалчихваа гэхэд нь манай хашаагаар шалбархай утас явсан байна гэж хэлсэн. Гэтэл намайг тог буцаагаад залга гэхэд жаахан элдвээр хараагаад загнаад дайрсан. Би хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл хашаа давж орж ирээд намайг заамдсан тул би зөрүүлээд заамдсан. Энэ залуу намайг утсыг буцаагаад залга гээд сэгсрээд тасархай утас руугаа түлхээд байсан. Би чадахгүй гэсэн тул намайг цохисон. Эхний цохилт маш хүчтэй байсан учир миний толгой манараад явчихсан. Би нэг гараараа заамдсан чигээрээ зулгаагаад үлдсэн. Бид хоёр зууралдаад маргалдаад тэр залуу намайг тавь гэж хэлэхэд буцаагаад намайг тавь гэж хэлсэн. Манай эхнэр машинд байсан тул цагдаа дуудуулсан. 400.000, 500.000 төгрөг нэхэмжилж байна. Чих, хамар хоолойн эмнэлэгт хамраа тэгшлүүлэх гэхэд 2.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн тул хамраа тэгшлүүлж чадаагүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хохирогч, иргэний нэхэмжпэгч Д.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр .......... тоот  хашаанд хажуу талын хашаанаас манай хашаа руу орсон утас манай утастай хамт гэрийн буйран доогуур ороод цаашаа шалгах гэсэн боловч гарч ирэхгүй байсан бөгөөд уг утас нь шалбарсан байхаар нь тэрнээс татаад хажуу талын айлын хашааны тогийг тасалсан бөгөөд уг хашаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд яагаад тог тасалж байгаа юм гэхээр нь шалбархай утас манай гэрийн буйран доогуур явсан байсан. “Яагаад эзнээс нь асуухгүйгээр ийм утас явуулдаг юм гэхэд цаанаасаа ингэж тавьж өгсөн гэж хэлсэн гэхээр нь юу гэж ингэж явуулдаг юм. Би энэ хашааны эзэн нь байна манай хашаан дундуур явуулахгүй хашааны булангаар явуулбал явуул эсвэл урд талын айлаас гуйгаад хашаагаар явуул гэхэд чи мэддэг юм уу, залга гэхээр нь чадахгүй гэсэн чинь..хашаа давж орж ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь утас холбож өг гээд сэгсрээд байхаар нь чадахгүй гэсэн чинь миний нүүр, нүд зүүн шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон бөгөөд би өөдөөс нь цохисон зүйл байхгүй намайг мөргөөд байсан, тэгтэл миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

        - Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11544 дугаартай:

        1. Д.М ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

        2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

        - Дүрслэл оношилгооны хариу /хх-ийн 20/,

- Яллагдагч Т.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Тухайн үед намайг орой 23 цагийн үед гэртээ сууж байхад тог тасарсан. Яагаад тасарчихав гээд харсан чинь хажуу талын эзэнгүй хашаанд нэг залуу утас таслаад барьсан зогсож байсан. Би хулгайч байна гэж бодсон. Тухайн хашаа нь эзэнгүй бөгөөд хашаанууд нь энд тэндээ банзгүй, салаад унасан байдалтай байдаг. Би тэр залууд хандаж “яагаад тог тасалж байгаа юм бэ?” гэхэд “Би хашааны эзэн байна, мэдэж байна” гэж хэлэхэд нь би “Тухайн байгууллагад нь энэ асуудлаа шийд ээ, яагаад шөнө орой айлын тог таслаад байгаа юм бэ? буцаагаад залга” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “Би залгахгүй, ингэж тог залгахгүй” гэсэн би “манайх нам даралтын тогоотой, тоггүй болчихвол буудах аюултай, одоо залгахгүй бол болохгүй” гэж хэлээд өөрөө залгах гэтэл тэр залуу залгуулахгүй гээд намайг барьж аваад, заамдаж аваад боож эхэлсэн. Би тухайн залууг “тавь” гэж хэлээд ноцолдоод дийлээгүй. Би тавиулах гэж нилээн оролдоод хэд хэд хий далайхад тэр залуу “цохь, цохь” гээд улам чанга боогоод байсан. Сүүлдээ хоолой боогдоод амьсгаа авч чадахгүй болоод аргагүйн эрхэнд тухайн залуугийн нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Цохисны дараа гар нь арай суларсан ч намайг тавихгүй байсан. Энэ үед би хажуу айлын залуу руу орилсоор байгаад гаргаж ирээд цагдаа дууд гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, 

- Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж авсан тэмдэглэл /хх-ийн 35-37/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 38-41/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Б  нь Баянзүрх дүургийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.М ыг “тогны утас тасалсан гэх шалтгаанаар зодож хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Т.Б  нь Баянзүрх дүургийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 621 тоот хашаанд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.М ыг “тогны утас тасалсан гэх шалтгаанаар зодож хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах болох нь:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хохирогч, иргэний нэхэмжпэгч Д.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр .......... тоот  хашаанд хажуу талын хашаанаас манай хашаа руу орсон утас манай утастай хамт гэрийн буйран доогуур ороод цаашаа шалгах гэсэн боловч гарч ирэхгүй байсан бөгөөд уг утас нь шалбарсан байхаар нь тэрнээс татаад хажуу талын айлын хашааны тогийг тасалсан бөгөөд уг хашаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд яагаад тог тасалж байгаа юм гэхээр нь шалбархай утас манай гэрийн буйран доогуур явсан байсан. “Яагаад эзнээс нь асуухгүйгээр ийм утас явуулдаг юм гэхэд цаанаасаа ингэж тавьж өгсөн гэж хэлсэн гэхээр нь юу гэж ингэж явуулдаг юм. Би энэ хашааны эзэн нь байна манай хашаан дундуур явуулахгүй хашааны булангаар явуулбал явуул эсвэл урд талын айлаас гуйгаад хашаагаар явуул гэхэд чи мэддэг юм уу, залга гэхээр нь чадахгүй гэсэн чинь хашаа давж орж ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь утас холбож өг гээд сэгсрээд байхаар нь чадахгүй гэсэн чинь миний нүүр, нүд зүүн шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон бөгөөд би өөдөөс нь цохисон зүйл байхгүй намайг мөргөөд байсан, тэгтэл миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

        - Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11544 дугаартай:

        1. Д.М ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

        2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

        - Дүрслэл оношилгооны хариу /хх-ийн 20/,

- Яллагдагч Т.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Тухайн үед намайг орой 23 цагийн үед гэртээ сууж байхад тог тасарсан. Яагаад тасарчихав гээд харсан чинь хажуу талын эзэнгүй хашаанд нэг залуу утас таслаад барьсан зогсож байсан. Би хулгайч байна гэж бодсон. Тухайн хашаа нь эзэнгүй бөгөөд хашаанууд нь энд тэндээ банзгүй, салаад унасан байдалтай байдаг. Би тэр залууд хандаж “яагаад тог тасалж байгаа юм бэ?” гэхэд “Би хашааны эзэн байна, мэдэж байна” гэж хэлэхэд нь би “Тухайн байгууллагад нь энэ асуудлаа шийд ээ, яагаад шөнө орой айлын тог таслаад байгаа юм бэ? буцаагаад залга” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “Би залгахгүй, ингэж тог залгахгүй” гэсэн би “манайх нам даралтын тогоотой, тоггүй болчихвол буудах аюултай, одоо залгахгүй бол болохгүй” гэж хэлээд өөрөө залгах гэтэл тэр залуу залгуулахгүй гээд намайг барьж аваад, заамдаж аваад боож эхэлсэн. Би тухайн залууг “тавь” гэж хэлээд ноцолдоод дийлээгүй. Би тавиулах гэж нилээн оролдоод хэд хэд хий далайхад тэр залуу “цохь, цохь” гээд улам чанга боогоод байсан. Сүүлдээ хоолой боогдоод амьсгаа авч чадахгүй болоод аргагүйн эрхэнд тухайн залуугийн нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Цохисны дараа гар нь арай суларсан ч намайг тавихгүй байсан. Энэ үед би хажуу айлын залуу руу орилсоор байгаад гаргаж ирээд цагдаа дууд гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, 

- Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж авсан тэмдэглэл /хх-ийн 35-37/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 38-41/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Т.Баттулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэнд, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Шүүгдэгч Т.Баттулгын зүгээс хохирогч Д.М ыг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч санаатай цохисон гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, зориуд үйлдсэн байдаг.

            Хохирогч Д.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хашаа давж орж ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь утас холбож өг гээд сэгсрээд байхаар нь чадахгүй гэсэн чинь миний нүүр, нүд зүүн шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон бөгөөд би өөдөөс нь цохисон зүйл байхгүй намайг мөргөөд байсан, тэгтэл миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ залуу намайг утсыг буцаагаад залга гээд сэгсрээд тасархай утас руугаа түлхээд байсан. Би чадахгүй гэсэн тул намайг цохисон. Эхний цохилт маш хүчтэй байсан учир миний толгой манараад явчихсан. Би нэг гараараа заамдсан чигээрээ зулгаагаад үлдсэн. Бид хоёр зууралдаад маргалдаад тэр залуу намайг тавь гэж хэлэхэд буцаагаад намайг тавь гэж хэлсэн. Манай эхнэр машинд байсан тул цагдаа дуудуулсан...” зэрэг мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Т.Б  нь хохирогч Д.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу өөрийн үйлдлийн хор уршгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн болох нь тогтоогдож байна.  

            Хохирогч Д.М  эмчилгээний зардалд хамрын хугарал зассан 120.000 төгрөг, Лазер мед эмнэлэгт үзүүлсэн 100.000 төгрөгийн баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.Б ас 220.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.М т олгохоор шийдвэрлэлээ.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүх шүүгдэгч Т.Б д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Б д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Т.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ас 220.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-д олгосугай.

5. Хохирогч Д.М  нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Т.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА