Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/01100

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 18 өдөр

  Дугаар 102/ШШ2017/01100

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 39 дүгээр байр, 04 тоот хаягт байрлах “Капитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК /РД: 5917417/-ийн

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 21 дүгээр байр 85 тоот хаягт оршин суух, Тайж овогт Жигжидсүрэнгийн Мөнх-Амгалан /РД: ХЕ61020216/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88,584,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар, хариуцагч Ж.Мөнх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Жигжидсүрэнгийн Мөнх-Амгалан нь “Капитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2016/60 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын  4 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож УБ хот Баянгол дүүрэг, 12 дугаар хороо 4 дүгээр, хороолол /16065/Х Д-21 дүгээр байр хойд талд байрлалтай 160м2 талбайтай эзэмших эрхтэй газар болон тус хаягт байрлах 150 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах вакуум цонхны тоног төхөөрөмж, нүх гаргагч 1ш, дарлага зүсэгч 1ш, вакуумдагч 1ш, зүсэгч 1ш, наагч 1ш зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл болон хүүний төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Цаашид ч уг зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй нь тодорхой байгаа. Иргэн Жигжидсүрэнгийн Мөнх-Амгалан нь зээл болон зээлийн хүүний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн болон хүүний төлбөрийг төлөхөөс удаа дараа зайлсхийж байсан. Иймд зээлдэгч Жигжидсүрэнгийн Мөнх-Амгалангаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, цаашид ч төлөхгүй нь тодорхой байгаа тул үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 23,820,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,764,000 төгрөг нийт 88,584,000 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Бид хоорондоо тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Бид хоорондоо тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Капитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Мөнх-Амгаланд холбогдох иргэний хэрэгт бид дараах нөхцөлөөр эвлэрч байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 88,584,000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч байна. Тус төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлөх болно. Үүнд: 2017 оны 07 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 18-нд 48,584,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Ж.Мөнх-Амгаланд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88,584,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 88,584,000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч, тус төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлөхөөр, Үүнд: 2017 оны 07 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 18-нд 48,584,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэжээ.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 88,584,000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч, тус төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлөхөөр, Үүнд: 2017 оны 07 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 18-нд 48,584,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Капитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мөнх-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,870 төгрөгийг тал хувь болох 300,435 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               М.МӨНХТӨР