Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 404

 

2020 оны 06 сарын 11 өдөр           Дугаар 128/ШШ2020/0404          Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,       

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: СЯ

Нэхэмжлэлийн шаардлага: СЯны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай захиргааны актын “тендэр шалгаруулалтын 87 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон “И” ХХК-ийн ХБНГУ-ын “Q” компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1а-д заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, СЯны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/2269 дугаартай шийдвэрийн ““С” ХХК-ийн тендерийн баталгааны орлогын ******* тоот дансанд төвлөрүүлж мэдэгдэнэ үү” гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* данснаас гаргуулан авсан 175,000 төгрөгийн хохирлыг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь тендерт шаардлага хангасан “С” ХХК-ийг шалгаруулаагүй, үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй “И” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрт урьдчилан шийдвэрлүүлэх журмаар СЯанд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл яг энэ өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны тендерт шалгарсан гэх “И” ХХК нь тендерээс татгалзсан байна. Иймд захиалагч нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “И” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрээ хүчингүй болгож, “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, “С” ХХК нь хүчингүй болсон шийдвэрийг мэдээгүй учир мэдэлгүй гомдол гаргасан.

СЯ нь гомдлыг хүлээн аваад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр № 6-1/1901 тоотоор тендерийг түдгэлзүүлж, тендерийн бүх бичиг баримтыг Хавдар Судлалын Үндэсний төвөөс гаргуулан авсан байна. Эдгээр баримт бичиг дотор дээр дурдсан бүх бичиг баримтууд байсан байна.

Захиалагч болох Хавдар Судлалын Үндэсний Төв нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасны дагуу “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна.

Иймд тендерийн бүх бичиг баримтыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш татан аваад хянасан СЯ нь захиргааны актыг нэгэнт 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болсон тул Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн хуулийн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 98.1.1-д заасан “захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн” шийдвэр гаргах байсан байна.

Гэтэл СЯ нь эсрэгээр “хүчингүй болсон захиргааны актыг” хүчинтэй мэтээр хянан шийдвэрлэсэн нь, улмаар гаргасан шийдвэрээ үндэслээд “С” ХХК-ийн тендерийн баталгааг хураан ааах шийдвэр гаргасан нь, тендерийн баталгаа болох 175,000 төгрөгийг төрийн сангийн ******* тоот дансанд хураан авсан үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 ба 52.5.2-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй, илт хууль бус захиргааны акт болсон байна, ...Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 сарын 09-ний өдрийн № 05 дугаартай хурлын тэмдэглэлийн 87 дугаар багц гэдэгт “С” ХХК 86 оноо, “И” ХХК 85 оноо гэсэн хэрнээ “И” ХХК-ийг шалгаруулсан байна. Учир нь тендерийн үнэлгээний хорооны хянан шалгах үзүүлэлтийн тэмдэглэл № 07-д “С” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий тул 5 оноо, нийт 20 оноо гэсэн хэрнээ балаар засвар оруулж, 5 оноог 0 оноо болгож, - БНХАУ гэж бичээд, нийт 20 оноог -15 оноо гэж балаар зассан байна. Өөрөөр хэлбэл, тендерийн бичиг баримтад гишүүд гарын үсзг зурснаас хойш “гадны хөндлөнгийн нөлөө оруулж” засварлаж өөрчилсөн байна гэж үзэхээр байна.

Захиалагч нь СЯанд өгсөн тайлбартаа “Үнэлгээний хорооны гишүүд “С” ХХК чанарын оноог 20 гэж үнэлсэн боловч, гарал үүсэл нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гэсэн учир хатуу зохицуулалттай орны тоонд орохгүй гэж үзэж 5 оноо хасч тооцох болсон учир 81 оноогоор шалгараагүй” гэсэн байна. Энд дэлхийд эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл болон анагаах ухааны технологиор өндөр хөгжсөн, хатуу зохицуулалтын орны гишүүн улс болох БНХАУ-ыг гүтгэн гүжирдсэн байна. Энэ мэдээлэл бол дэлхий даяар тарсан нийтэд ил тод, дурын интернэтээс авч болох мэдээлэл юм. Ийнхүү ийм хялбархан Захиалагч болон СЯны мэргэжилтний үзэгний үзүүр тендерт шударгаар оролцогч “С” ХХК- ийн хайран хөдөлмөрийг юу ч биш болгож байна...” гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн байгууллага нь хуульд заасан хугацааны дотор аливаа иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлын дагуу хянан хэлэлцэх нь СЯны үүрэг байдаг. Тухайн этгээдийн эрх ашиг нь зөрчигдсөн талаар шийдвэр гаргах эрх байхгүй. Захиргааны актыг биелүүлэх боломж байхгүй байсан гэж тайлбарладаг.

Нэгдүгээрт компаниас татгалзсан шийдвэрийг хүлээх ямар ч боломж байхгүй. Гэрээ байгуулах эрхийг шинээр олгож байгаа. Өмнөх маргаантай асуудал дээр маргаж байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэгчээс тухайн орсон компанийг шалгаруулах боломжгүй гэж тайлбарладаг. Тухайн шийдвэрийг хүлээж авснаар тендерт оролцогч нь өөрөө улсын орлого болгоод гэрээ байгуулах эрхийг олгоод байгаа юм. Монгол Улсын СЯ шийдээгүй гэх зүйл огт байхгүй.

Гэрээ байгуулах эрх олгосноос хойш гомдлыг СЯ хянаад өөрчлөх боломж байхгүй байсан. Захиалагчид мөн ингэх боломж байхгүй байдаг. Тендер шалгаруулалтыг дахин үнэлгээ хий гэх эрх олгосон байдаг. Тендерийг захиалагч нь шалгаруулалтад оролцогч компанитай хууль бус үйл ажиллагаа хийсэн бөгөөд дараа нь гэрээ байгуулаагүй гэж маргаад байгаа юм.

Жишээлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар цагаатгаж байгаа үндэслэлээр гэм буруугүйд тооцож маргах эрх нь яллагдагчид байдаг. Үүнтэй адилаар энэ компанийн хувьд энэ нөхөр шалгарахааргүй байсан болохоор гэрээ байгуулах үндэслэл дээр гомдол гаргасан гэж ойлгоод байгаа юм. Гэрээ байгуулах талаар хамаагүй гомдлын шалтгаан байхгүй.

Гомдлыг үл хайхраад хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад маргаан үүсгээд байгаа юм. Илт хууль бус тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь алдаа гэж үзэж байна. Шийдвэр гаргасан 14 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхээсээ татгалзах бүрэн эрх нь нэхэмжлэгч компанид байгаа. Шийдвэр гаргахаас өмнө татгалзахаар байвал улсын орлого болгох бүрэн боломжтой байсан. Гомдолгүй гэж хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад СЯ хэрхэн шийдвэрлэх ёстой байсан бэ гэдэгт анхаарах ёстой. Шүүхэд одоо хүртэл шийдвэр гаргаад хүлээж авах эрх байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2, 3 дугаар шаардлагыг хүлээж авахгүй байх үндэслэл байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү...,

Үндсэн маргаан бүхий захиргааны актад шийдвэрийн агуулга нь өөрсдийн ирүүлсэн гомдол нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй компани шалгарсан байна гэсэн байдаг. СЯ гаргасан гомдлын хүрээнд хянасан. Өөрсдийн оюуны өмчийн эрхээр Монгол улсад ганцхан нийлүүлэх эрхтэй байсан гэдэг утгаар тайлбарлаад байна. СЯ нь гомдлыг хангах эрхтэй байсан гэж маргаад байгаа юм. Өөр улсад борлуулж байгаа учир бүрэн боломжтой гэдгээр үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүйгээр нийлүүлэх эрхтэй компани байна гэдгийг тогтоох боломжгүй. Маргаантай хамааралгүй огноог яриад байна.

Хавдар судлалын үндэсний төвөөс тайлбар СЯанд ирээгүй. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/704 гэх албан бичгээр Хавдар судлалын үндэсний төвөөс баримтад дурдснаар албан бичгээр хүргүүлээгүй болно гэж бичиг хүргүүлсэн байсан. Ямар ч бланкгүй бичгийг хуулбар үнэн дараад явуулсан байгаа юм. Баримт бичгийг хуулбар үнэн гэж даруулж ирээд байгаа нь эргэлзээтэй. “Илдэн хошуу” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оруулах шаардлагатай байгаа юм. Ямар үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хууль бус гэж яриад байгааг, байгаагүй шийдвэрийг байсан мэтээр гүжиж яриад байна. Гэрээ байгуулах эрхийг СЯ хүчингүй болгоогүй. СЯны шийдвэртэй ямар ч харилцан хамааралгүйгээр татгалзсан байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “СЯны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/2269 дугаартай захиргааны актын зарим холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “СЯны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/2269 дугаартай шийдвэрийн “С” ХХК-ийн тендерийн баталгааны орлогын ******* тоот дансанд төвлөрүүлж мэдэгдэнэ үү” гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, “С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* данснаас гаргуулан авсан 175,000 төгрөгийн хохирлыг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “СЯны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/2269 дугаартай захиргааны актын “тендер шалгаруулалтын 87 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон “И” ХХК-ийн ХБНГУ-ын “Q” компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1а-д заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн холбогдох хэсэг”-ийг илт хууль бус болохыг тогтоож, “СЯны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/2269 дугаартай шийдвэрийн “С” ХХК-ийн тендерийн баталгааны орлогын ******* тоот дансанд төвлөрүүлж мэдэгдэнэ үү” гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, “С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* данснаас гаргуулан авсан 175,000 төгрөгийн хохирлыг гаргуулах” гэж тодруулжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс “…нэгэнт хуулийн дагуу хүчингүй болсон хууль бус захиргааны актыг хянах шаардлагагүй болсон байхад СЯнаас гомдлыг хянаж эсрэг шийдвэр гаргасан нь хууль зөрчиж манай компанийн эрх,хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн” гэж хариуцагчаас “…тус компаниас ирүүлсэн 87 дугаар багцтай холбоотой тендер шалгаруулалтыг хянан үзэхдээ Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмыг удирдлага болгосон нь холбогдох хуулийг зөрчөөгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь Хавдар судлалын үндэсний төвөөс зарласан ХСҮТ202001001/01/01 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх” тендер шалгаруулалтын 87 дугаар багцад оролцож шалгарсан “И” ХХК-ийг үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй байхад шалгаруулсан гэх гомдлыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр СЯанд ирүүлжээ.

СЯнаас тус гомдлыг хянан үзэж 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1\2209 дүгээр албан бичгээр “Тендер шалгаруулалтын 87 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон “И” ХХК нь ХБНГУ-ын Q компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэжээ.

2020 оны 03 сарын 25-ны өдөр “И” ХХК нь Хавдар судлалын үндэсний төвийн тендерын хороонд 1/31 дугаартай албан бичгээр “зарим барааг нийлүүлэх асуудалд хүндрэл гарсан тул тендерийн Багц-87-с татгалзсан тухайгаа мэдэгджээ.

Хавдар судлалын үндэсний төв нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/430 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.7.2-д заасан нөхцөл байдал үүссэн тул тус хуулийн 29.3-д дахь заалтын дагуу тендерийн хүчинтэй хугацаанд багц-87-д гэрээ байгуулахыг мэдэгдэж, үүний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ХСҮТ 202001001/Э-23 дугаартай “Эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендерийн гэрээ”-г байгуулжээ.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн тендерээс татгалзсан болон өөрсдийнхөө тендерийн багц 87-д гэрээ байгуулсан дээрх үйл баримттай маргаагүй харин СЯ “И” ХХК нь шалгарсан тендерээсээ татгалзсан байхад түүнийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж гаргасан гомдлыг нь хангаж шийдвэрлээгүй үйл баримттай маргаж байгаа болно.

СЯ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзэж “Q” компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн” гэсэн үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн хэдий ч “И” ХХК нь “зарим барааг нийлүүлэхэд хүндрэл гарсан” гэсэн үндэслэлээр шалгарсан тендерээсээ татгалзсан байна.

Дээрх хоёр үндэслэлийг үзвэл нэхэмжлэгчийн “… хуулийн дагуу хүчингүй болсон хууль бус захиргааны актыг хянах шаардлагагүй болсон байхад эсрэг шийдвэр гаргасан” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт зааснаар тендерт оролцогч нь СЯанд гомдол гаргах, СЯ Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор “И” ХХК-ийг үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй гэж үзэж гомдлыг хангах, эсхүл шийдвэрлэхээс татгалзах үндэслэлгүй байна.

Учир нь СЯ гомдлын хүрээнд хянаж үзэхэд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байсан болох нь тогтоогдсон бөгөөд, эрх бүхий байгууллагаас  “И” ХХК-ийг “үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй, бичиг баримт ашигласан” гэх үйлдлийг тогтоогоогүй  байна.

Мөн нэхэмжлэгч СЯыг гомдлыг хянах үеэр захиалагч “И” ХХК-ийг 87 дугаар багцад шалгаруулсан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа боловч СЯнаас 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр “С” ХХК-иас тус яаманд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гомдолтой холбоотой тайлбарыг Хавдар судлалын үндэсний төвөөс албан бичгээр ирүүлээгүй” гэсэн баримтыг шүүхэд ирүүлжээ.

 Тодруулбал тендерт шалгарсан оролцогч нь гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж зааснаар “И” ХХК-ийн   тендерийн баталгааг улсын орлого болгож, хуулийн дагуу дараагийн хамгийн сайн үнэлэгдсэн “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байх тул СЯны нэхэмжлэгчийн гомдлыг хянаад гаргасан шийдвэрийг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавдар судлалын үндэсний төвөөс зарласан ХСҮТ202001001/01/01 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх” тендер шалгаруулалтын 87 дугаар багцад оролцож шалгарсан “И” ХХК-ийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч СЯны гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дүгээр гомдол хянасан тухай албан бичгийг  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох  үндэслэл болсон уг заалт нь захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдалд огт тохирохгүй үүргийг ногдуулсныг ойлгох бөгөөд тухайн нөхцөлд нэхэмжлэгчийн гомдлыг хууль заасны дагуу хянаж шийдвэрлэснийг энэ үндэслэлд хамруулахгүй.

Харин тухайн нөхцөлд “И” ХХК-ийг гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үйл ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч СЯанд гаргасан гомдлоо татан авах эрх нь нээлттэй.

Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно” гэж заасан байх тул “СЯны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/2269 дугаартай шийдвэр, С ХХК-ийн тендерийн баталгааны орлогын ******* тоот дансанд төвлөрүүлж мэдэгдсэн” мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.9-д заасныг баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, СЯанд холбогдуулан гаргасан “СЯны 2020 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 6-12209 дугаартай захиргааны актын “тендэр шалгаруулалтын 87 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон И ХХК-ийн ХБНГУ-ын “Q” компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1а-д заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн холбогдох хэсэг”-ийг илт хууль бус болохыг тогтоож, “СЯны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/2269 дугаартай шийдвэрийн ““С” ХХК-ийн тендерийн баталгааны орлогын ******* тоот дансанд төвлөрүүлж мэдэгдэнэ үү” гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* данснаас гаргуулан авсан 175,000 төгрөгийн хохирлыг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ