Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1994

 

Р.А-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01781 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “М Д” ХХК-д холбогдох

Дутуу олгосон цалин, хөлс болон зээлийн гэрээний үүрэгт 108 867 679 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Р.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

          Нэхэмжлэгч Р.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх “М Д” ХХК-д 2010 оны 4 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд санхүүгийн албаны дарга, ерөнхий санхүүчээр ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар тушаалаар орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Би тус компаниас 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалин 42 867 679 төгрөгийг гаргуулж өгнө үү.

          Мөн тус компанид санхүүгийн ажлыг хариуцаж байсны хувьд хөрөнгө дутагдалтай байгаа талаар захиралд танилцуулахад ерөнхий захирал “ол” гэсэн учир захирлын тушаалаар батлагдсан “Бараа материал, бэлэн мөнгийг зээлээр олж бэлтгэх” журмын дагуу бэлэн мөнгө босгох шаардлагатай болсон. Манай компани ажлын хөлсөө авалгүйгээр эхлээд ажлаа хийж өгдөг байсан учир өр төлбөрт орсон ба компанийн нэрийн өмнөөс төлөхөөс өөр аргагүй байдалд орсны улмаас удирдлагуудтай ярилцаж итгэлцлийн үндсэн дээр компанийн өр дарахад нийт 88 300 000 төгрөг “М Д” ХХК-д зээлдүүлэн харилцагч нарын өрийг өгсөн. Хариуцагч компанитай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болон мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Иймд дээрх 2 зээлийн гэрээний үндсэн зээл 40 000 000 төгрөг, 3 сарын хүү 6 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг нийт 66 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч “М Д” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.А 2010 оноос 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл манай компанид Санхүүгийн албаны дарга, Санхүү эрхэлсэн захирал, санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн зэрэг албан тушаалд ажиллаж байсан тул цалин хөлс 42 867 679 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

          2 дахь шаардлагын хувьд 18 300 000 төгрөгийг ББСБ-аас зээлж, Чингис хаан банкинд шилжүүлсэн гэх боловч хэрэгт баримтгүй тул зөвшөөрөхгүй. Төмрийн өрөнд өгсөн 2 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. “М Д” ХХК-д шинэ орсон хүний дансанд 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Ням гарагт мөнгийг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг манай компани авсан гэдгийг нотлохгүй. Жигүүр хөлөгт компанид зургийн үнэ 3 000 000 төгрөгийг гэр бүлийн хуримтлалаас өгсөн гэдэг боловч гэр бүлийн хуримтлалтай гэдгээ нотлох баримт хэрэгт өгөөгүй. Мөн “М Д” ХХК-д 3 000 000 төгрөг шилжүүлээгүй, н.Цогтбаяр гэдэг хүний дансанд шилжүүлсэн боловч уг мөнгийг зөвшөөрч байна. Эрдэнэт Эко хорооллын ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг шилжүүлснээ баримтаар нотлоогүй. н.Баасанцэцэгийн хувийн дансанд шилжүүлсэн байсан ба шүүхэд өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир компани авсан гэж үзэхгүй. Голомт банкны зээлийн хүүд 2 000 000 төгрөгийг мөн гэр бүлийн хуримтлалаас авсан гэдгээ нотлоогүй. Орлогын баримт нь олдоогүй тул зөвшөөрөхгүй.  Гурвансайхан сумын гэрэлтүүлгийн үнэд 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Р.А өөрийн хувийн данснаас н.Цээпилдоржийн данс руу хийсэн байдаг. Мөн компанийн дансанд орсон гэдэг нь нотлогдоогүй. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд баригдах Атмор 24 айлын орон сууцны захиалгын буцаалтад 10 000 000 төгрөг өгсөн гэх боловч компанийн орлого, зарлагын алинд ч ороогүй. 2014 оны 9 дүгээр сард Гурвансайхан сумын гэрэлтүүлгийн материалын үнэ 20 000 000 төгрөгийг иргэн н.Шилхүүгээс зээлж зарцуулсан гэдэг боловч гэрээг н.Шилхүү, “Монгол дайвин” ХХК-ийн хооронд байгуулсан байсан. Р.А н.Шилхүүгийн шаардах эрхийг шилжүүлэн авсан баримтгүй. Хэргийн 33-35 талд авагдсан баримтаас харахад н.Шилхүүгээс аваад 17 сая төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлсэн.

          Талууд хооронд байгуулсан гэх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан Ж.Бадамгарав компанийг төлөөлөх эрхгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ. Тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд н.Саруулсайхан, н.Дэлгэрбаяр нар бөгөөд тэдгээрийг байхгүй тохиолдолд Санхүүгийн албаны даргын гарын үсэг байхаар компанийн дотоод журмаар зохицуулагдсан. Иймд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Д” ХХК-ийн, нэхэмжлэгч Р.А-ын дутуу олгосон цалин, хөлсөнд 42 867 679 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Д” ХХК-иас 66 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.А-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 733 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дутуу төлсөн 86 938 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагч “М Д” ХХК-иас 860 238 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.А-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Р.А "М Д" ХХК-д Санхүү эрхэлсэн захирал албан тушаалтай ажиллаж байсан бөгөөд өөрийн удирдлаган дор ажилладаг албан тушаалтан Санхүү бүртгэлийн албаны дарга Ж.Бадамгаравтай 2 удаа буюу 2014 оны 9 дүгээр сарын 24 болон мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус бүр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг компанийн зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан. Тус зээлийн гэрээг гүйцэтгэх захирал хянан батлаагүй бөгөөд компанийн архивт энэ 2 гэрээ олдоогүй, компанийн гэрээний нэгдсэн санд бүртгэгдээгүй, мөн компанийн дансанд дээрх мөнгө бодитоор шилжүүлээгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж зааснаар компанийг төлөөлж гарын үсэг зурсан Ж.Бадамгарав компанийн гүйцэтгэх захирлаас итгэмжлэл аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар дээрх зээлийн гэрээний дагуу нийт 40 000 000 төгрөг компанийн дансанд бодитоор ороогүй. “М Д” ХХК болон Р.А нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад шүүх талууд хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцож, хариуцагчаас нийт 66 000 000 төгрөг  гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.А хариуцагч “М Д” ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин, хөлс болон зээлийн гэрээний үүрэгт 108 867 679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “М Д” ХХК-ийг төлөөлөгч, Санхүү бүртгэлийн албаны дарга Ж.Бадамгарав нь нэхэмжлэгч Р.А-тай 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус тус 20 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, сар бүрийн 25-ны дотор төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-19-20/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээ байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж чөлөөтэй хэлцэл байгуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл

хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлс 42 867 679 төгрөгийг хүлээн зөвшөөрч, эрх бүхий этгээд гэрээ байгуулаагүй, уг зээлийн гэрээ  хүчин төгөлдөр бус тул зээл, хүү, алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд гүйцэтгэх захирлаас Ж.Бадамгаравт гэрээ байгуулах эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй.

Талуудын тайлбар болон хэргийн 18 дугаар талд авагдсан ”А-аас зээлсэн мөнгөний тооцоо” гэх тухайн үед хариуцагч байгууллагад ажиллаж байсан санхүүгийн ажилтнуудын гарын үсэг бүхий баримтад 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд авсан зээлийн дүн 68 300 000 төгрөг гэсэн тооцоо гаргасан байна. Уг баримтад харицагч компанийн санхүүгийн тэмдэг дарагдсан байх тул уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч Р.А нь хариуцагч “М Д” ХХК-иас 68 300 000 төгрөгийг аман хэлцлийн үндсэн дээр зээл авсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлага тавиагүй бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасан шаардлага тавьсан нөхцлүүдийг тогтоосон зээлийн гэрээг хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулаагүй учраас хүү алданги, тооцон шаардах эрхгүй.

Зохигчдын тайлбараар 28 300 000 төгрөгийг буцаан авснаа нэхэмжлэгч зөвшөөрч байгаа учраас 68 300 000 төгрөгийн зээлээс 28 300 000 төгрөгийг хасч үлдэх 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч компаниас гаргуулахаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хариуцагч талын зөвшөөрлийн баталж шийдвэрлэхдээ хуулийн нэрийг буруу бичсэнийг залруулан хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд өөрчлөлт орж байгаа учраас улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01781 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” гэж, 2 дахь заалтад 66 000 000” гэснийг “40 000 000” гэж, 3 дахь заалтад “860 238” гэснийг “357 950” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М Д” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА