| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00837/И |
| Дугаар | 102/ШШ2017/01132 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01132
| 2017 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/01132 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны гудамж, Оюуны Ундраа групп ХХК-ийн байр, 309 тоотод оршин байх, Нитро Сибирь Монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Монгол түлхүүр байр, 402 тоотод оршин байх, Давхар тэсрэлт ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 99,169,023.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нитро Сибирь Монголиа ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Давхар тэсрэлт ХХК-тай CBC-HCM/02 тоот Тэсэрч дэлбэрэх бодис худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 181,514 кг, 369,380,990 төгрөгийн үнэ бүхий тэсэрч дэлбэрэх бодис /эмульс/-ийг нийлүүлсэн. Үүнээс гадна манай компани нь хариуцагч компанитай 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ТБ/А/-16/02 тоот Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэгч дэлбэрэх бодис худалдах-худалдан авах гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ТБ/А/-16/03 тоот Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Энэхүү 2 гэрээний дагуу 59,550 кг, 71,049,000 төгрөгийн үнэ бүхий энгийн найрлагатай тэсрэх бодис /ANFO/-г хариуцагчид нийлүүлсэн болно. Дээрх 3 гэрээний нийт 440,429,990 төгрөгийн үнэ бүхий тэсэрч дэлбэрэх бодисыг Давхар тэсрэлт ХХК-д худалдсан болно. Үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргасан Спейшл Майнинг Сервис ХХК-иас төлбөрийг төлөхийг шаардахад тухайн компани 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хооронд 83,521,960 төгрөгийг төлсөн.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05112 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны 1986 дугаар магадлалаар Баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу Спейшл Майнинг сервис ХХК-иас 198,338,047 төгрөгийг гаргуулж Нитро Сибирь Монголиа ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ төлбөр нь зөвхөн худалдах худалдан авах гэрээний дагуу Давхар тэсрэлт ХХК-д нийлүүлсэн барааны төлбөр болно.
Талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн СМС-НСМ/02 тоот Тэсэрч дэлбэрэх бодис худалдах-худалдан авах тухай гэрээ-ний 8 дугаар зүйлййн 8.1-д Гэрээний аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ ... биелүүлээгүй тохиолдолд ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар ажлын хоног тутамд алданги төлнө гэж, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ТБ/А/-16/02 тоот Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис худалдах-худалдан авах гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.2-т Худалдан авагч нь тэсэрч дэлбэрэх бодисын үнийг хэлэлцэн тохиролцсоны дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө. гэж, мөн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ТБ/А/-16/03 тоот Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис худалдах-худалдан авах гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.2-т Худалдан авагч нь тэсэрч дэлбэрэх бодисын үнийг хэлэлцэн тохиролцсоны дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. гэж заасны дагуу тооцсон алданги нь нийт 150,365,448 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн нийт 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги нийт 99,169,023.50 төгрөгийг хариуцагч Давхар тэсрэлт ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Давхар тэсрэлт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн дурдаж буй гэрээнүүдэд заасан дагуу зарим бараа нийлүүлэгдсэн, төлбөр төлөх үүрэг үүссэн боловч Нитро Сибирь Монголиа ХХК, Спейшл Майнинг Сервис ХХК, Давхар тэсрэлт ХХК нарын оролцоотой 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өр авлагыг харилцан суутгах тухай протокол-оор нийт төлбөрийн зарим хэсэг болох 158,569,983 төгрөгийг нэхэмжлэгч талаас Спейшл Майнинг Сервис ХХК-д өгөх өглөгөөс суутган тооцсоноор буюу гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн орон өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар болон үлдэгдэл хэсэг болох 198,338,047 төгрөгийг өр шилжүүлэх замаар тус тус манай компанийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгэж бүрэн дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрч талууд баримтжуулсан байдаг. Өрийг гуравдагч этгээдэд буюу Спейшл Майнинг Сервис ХХК өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэхээр тохиролцсоныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг мөн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар нотолдог.
Үлдэгдэл төлбөр буюу өрийг шилжүүлж авсан Спейшл Майнинг Сервис ХХК нь шүүхээр баталгаажсан нийт төлбөрийг нэхэмжлэгчийн өмнө бүрэн төлж барагдуулсан бөгөөд өр шилжүүлэн авахдаа талууд Анз төлөх талаар тохиролцоогүйг Нийслэлийн давж заалдах шатны шүүх нотолсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нитро Сибирь Монголиа ХХК нь хариуцагч Давхар тэсрэлт ХХК-д холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 99,169,023.50 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талууд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр СМС-НСМ/02 тоот Тэсэрч дэлбэрэх бодис худалдах-худалдан авах тухай гэрээ, мөн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ТБ/А/-16/02 тоот Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис худалдах-худалдан авах гэрээ, мөн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ТБ/А/-16/03 тоот Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис худалдах-худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс тэсэрч дэлбэрэх бодис худалдаж авчээ.
2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нитро Сибирь Монголиа ХХК, Давхар тэсрэлт ХХК, Спейшл Майнинг Сервис ХХК-иуд Өр авлагыг харилцан суутгах тухай протоколыг байгуулсан бөгөөд уг протоколд:
Спейшл Майнинг Сервис ХХК нь Нитро Сибирь Монголиа ХХК-иас бараа нийлүүлсний 158,569,983 төгрөгийн авлагатай, харин Нитро Сибирь Монголиа ХХК нь Спейшл Майнинг Сервис ХХК-ийн охин компани болох Давхар тэсрэлт ХХК-иас 356,908,030 төгрөгийн авлагатай. Дээрх өр авлагыг 2 талын баталгаажуулсан тооцоо нийлсэн актыг үндэслэж Нитро Сибирь Монголиа ХХК-ийн Спейшл Майнинг Сервис ХХК-д төлөх 158,569,983 төгрөгийн өглөгийг Давхар тэсрэлт ХХК-ийн Нитро Сибирь Монголиа ХХК-д төлөх 356,908,030 төгрөгөөс суутган тооцохоор шийдвэрлэв.
Энэхүү шийдвэрлэсний дагуу Давхар тэсрэлт ХХК нь Нитро Сибирь Монголиа ХХК-д 198,338,047 төгрөгийг төлөх өртэй бөгөөд уг өрийг Нитро Сибирь Монголиа ХХК-д төлөх үүргийг Спейшл Майнинг Сервис ХХК хүлээж байна гэжээ.
Нэхэмжлэгч Нитро Сибирь Монголиа ХХК, хариуцагч Давхар тэсрэлт ХХК-иудын хооронд байгуулсан 3 удаагийн гэрээгээр төлбөл зохих төлбөрийн үүргийг Спейшл Майнинг Сервис ХХК нь өөрт шилжүүлж авсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон. гэх заалтад хамаарч байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Давхар тэсрэлт ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг Спейшл Майнинг Сервис ХХК нь өөрт шилжүүлсэн авснаар Нитро Сибирь Монголиа ХХК, Давхар тэсрэлт ХХК-иудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн СМС-НСМ/02 тоот, мөн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ТБ/А/-16/02 тоот, мөн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ТБ/А/-16/03 тоот гэрээ-нүүдийн харилцаа дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч Нитро Сибирь Монголиа ХХК нь дээрх дуусгавар болсон гэрээнүүдийг үндэслэж Давхар тэсрэлт ХХК-иас алданги шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Нитро Сибирь Монголиа ХХК-ийн хариуцагч Давхар тэсрэлт ХХК-иас 99,169,023.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР