Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00921

 

  2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00921

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 68 байр, 24 тоотод оршин суух, Гөрөөчин овогтой, Товуудоржын Наранбат /РД:ЧН81011312/-ын нэхэмжлэлтэй М.Мэндбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Наранбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Наранбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Наранбат миний бие өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 48А байрны 879 тоот 26.8 м.кв 2 өрөө байрыг Маша овогтой Мэндбаярт 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сарын 300,000 төгрөг төлөхөөр барьцаа 100,000 төгрөг аван түрээсийн төлбөрийг сар сардаа авахаар гэрээ хийсэн болно. Үүнээс хойш 2017 оны 01 сарын 15-ны хүртэл гэрээний дагуу төлбөрийг өгсөн бөгөөд 2017 оны 01 сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хүртэлх төлбөрөө төлөөгүй, хэл чимээгүй байрнаас эд зүйлээ аваад нүүсэн. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи түрээсийн төлбөрийг удаа дараа нэхсэн боловч “хөдөө ажиллаж байгаа, халамжийн мөнгө авна, зээл авна гэх зэргээр хойшлуулсаар байгаад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш утсаа авахгүй, сүүлдээ утас нь холбогдох боломжгүй болсон. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байрандаа очиж үзэхэд эд зүйлээ аваад байрнаас нүүсэн байсан. Иймд М.Мэндбаярыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Т.Наранбат нь М.Мэндбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

М.Мэндбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Т.Наранбат, М.Мэндбаяр нарын 2016 оны 05 сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, “Монгол шуудан”-ийн мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 5,6 дугаар тал/

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мэндбаярын оршин суугаа газрыг нэхэмжлэгч мэдэх, олж тогтоох боломжгүй, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлагатай болсон байх тул М.Мэндбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Мэндбаяр /РД:УС59092442/-г эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Машагийн Мэндбаяр /РД: УС59092442/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан М.Мэндбаярыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Наранбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР