| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/00980/И |
| Дугаар | 102/ШШ2017/01499 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/01499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 5 дугаар хороо, 18 дугаар гудамж, 12 тоотод оршин суух, Бага мэргэд ургийн овогтой Энхжаргалын Баяржагал /РД:НД87090772/-ын нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Уран дриллхнг ХХК-ийн байр 1 давхар-3 тоотод байрлах, “Ханбаян” ХХК /РД:5613094/-д холбогдох 15.919.818 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Баяржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр, хариуцагч “Хан баян” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Баяржаргал миний бие 2015 оны 7 сарын 17-ны өдөр Баялаг хотхонд баригдах 40 айлын орон сууцны 19 тоот 40.4 м.кв талбайтай орон сууцны захиалгыг “Ханбаян” ХХК-д өгсөн ба улмаар гэрээ байгуулсан. Би гэрээнд заасны дагуу орон сууцны урьдчилгаа 30 хувь төлбөр болох 12,852,000 төгрөгийг “Ханбаян” ХХК-ийн дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний 2.4-т заасны дагуу орон сууц 2015 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч хүлээлгэж өгөөгүй. 2016 оны 06 сард хүлээлгэж өгөх шаардлага гаргасан боловч санхүүжилт байхгүй гэсэн хариу өгсөн. Уг орон сууц нь 2 давхар баригдаад түүнээс хойш зогссон. Иймд орон сууцны урьдчилгаанд төлсөн 12,852,000 төгрөг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3,065,518 төгрөг нийт 15,919,818 төгрөгийг “Ханбаян” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Баяржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Баяржаргал нь 2015 оны 07 сарын 17-ны өдөр “Баялаг” хотхонд баригдах 40 айлын орон сууцны 19 тоот, 50,4 м.кв талбайтай орон сууцны захиалгыг “Ханбаян” ХХК-нд өгсөн бөгөөд тус компанитай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Э.Баяржаргал гэрээний 3.2-т заасны дагуу орон сууцны үнийн 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 12,852,000 төгрөгийг “Ханбаян” ХХК-ийн Голомт банкны дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гүйцэтгэгч “Ханбаян” ХХК нь гэрээний 2.4-т заасны дагуу орон сууцыг 2015 оны 4 улиралд багтааж захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэвч 2016 оны 06 сард гүйцэтгэгч “Ханбаян” ХХК-ийн захирал н.Чулуунбаатартай утсаар холбогдож гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардсан боловч үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн. Иймд 2015 оны 07 сарын 17-ны өдөр байгуулсан захиалгаар орон сууц бариулах 11 тоот гэрээг цуцалж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 12,852,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3,065,518 төгрөг нийт 15,919,518 төгрөгийг хариуцагч “Хан баян” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ханбаян” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид нийт нэхэмжилсэн төлбөрийн дагуу орон сууц захиалгын гэрээгээр 50,4 м.кв талбай байрны урьдчилгаа 12,852,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин 3,065,518 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь Э.Энхбат гэж хүн хэрэгт авагдсан материалаар 2015 оны 07 сарын 08-ны өдөр Голомт банкнаас 16,000,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг Э.Баяржаргалд 2015 оны 07 сарын 08-ны өдөр зээлийн гэрээгээр өгсөн тухай баримтыг хэрэгт авагдсан. Э.Баяржаргал шууд байрны төлбөр төлөх гэж зээл авсан нь нотлогдохгүй байна. Бусдаас зээл авах, асуудал нь сайн дурын үндсэн дээр үүсдэг. Орон сууц захиалах гэрээтэй хамааралгүй учир гэрээний дагуу үүрэг хариуцлага хүлээхгүй. Голомт банкнаас Э.Энхбат гэж хүн зээл авсан байна. хохирол 3,065,518 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Э.Баяржаргал нь 8,644,500 төгрөг, дараа нь 4,207,500 төгрөг нийт 12,852,000 төгрөг төлсөн. Үүнийг хариуцагч талаас төлөхийг зөвшөөрч байгаа. Гэрээний 8.4-т захиалагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцалбал 10 хувийн торгууль төлнө гэж заасан. Гэрээний 2.4-т 2015 оны 4 улиралд тус байрыг ашиглалтад оруулна гэсэн боловч үүргээ гүйцэтгээгүй тул бид гэрээг цуцалж, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг буцаан олгохыг зөвшөөрч байгаа. Харин хохиролд тооцсон хүү 3,065,518 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Баяржаргал нь хариуцагч “Ханбаян” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын урьдчилгаа төлбөр 12,852,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3,065,518 төгрөг нийт 15,919,818 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч урьдчилгаа төлбөрт төлсөн 12,852,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хохирол 3,065,518 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Нэхэмжлэгч Э.Баяржаргал нь хариуцагч “Ханбаян” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Баялаг хотхон”-д баригдах 40 айлын орон сууцны 19 тоот 50,4 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар 11 дугаартай “Захиалгаар орон сууц бариулах гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 12,852,000 төгрөгийг төлж, хариуцагч орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгөхөөр тохиролцжээ.
Талуудын байгуулсан гэрээний агуулга, нэхэмжлэгчийн орон сууц худалдан авах, хариуцагчийн баригдаж буй орон сууцаа худалдах хүсэл зориг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Улмаар хариуцагч “Ханбаян” ХХК нь орон сууц хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 12,852,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрч мараагүй байна. Харин гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3,065,518 төгрөг шаардсаныг эс зөвшөөрч маргасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч “Ханбаян” ХХК нь орон сууц барьж хүлээлгэн өгөх үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг арилгах, нэхэмжлэгч Э.Баяржаргал өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Э.Баяржаргал нь орон сууцны урьдчилгаа 12,852,000 төгрөг төлөхдөө Э.Энхбатаас 12,852,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж авсан тул зээлийн хүүд төлсөн 3,065,518 төгрөгийг хохиролд тооцож гаргуулна гэж тайлбарласан боловч Э.Баяржаргал нь Э.Энхбатаас 12,852,000 төгрөгийг зээлж авсан, хүү 3,065,518 төгрөгийг төлсөн болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан нотлх баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,065,818 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иймд хариуцагч “Ханбаян” ХХК-иас 12,852,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Баяржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,065,818 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.