| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/00915/И |
| Дугаар | 102/ШШ2017/00920 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/00920
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 136 тоотод оршин суух, Боржигон овогтой, Батмөнхийн Анхбаяр /РД:ЦЗ73040209/-ийн нэхэмжлэлтэй Б.Амарзаяаг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Амарзаяа нь Япон улсад байхдаа 2015 оны 4 -5 сарын хооронд нийт 38 000 иенийг нэхэмжпэгч Батмөнхийн Анхбаяр надаас хүүгүйгээр зээлсэн. Гэтэл Б Амарзаяа нь Япон улсад хууль бусаар оршин сууж байсан тул Монгол руу буцсан байсан. Ингээд нэг хэсэг холбоо тасарсан тул би Япон улсад амьдарч байсан түүний танил ахаас нь Монгол дахь утасны дугаарыг нь олж авч Монголд ирэхдээ холбогдоход “одоо банк руу явзж байна. Дансаар чинь шилжүүлэх гэж байна” гэх зэргээр намайг хуурсаар би буцах болоод Япон улс руу буцсан. Намайг Японд байхад миний эгч Б.Таванбаяр нь Б.Амарзаяагийн оршин суух хаягаар гэрт нь очиход энэ хаягт амьдардаггүй гэхээр нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4-р хороолол, 36-р байр 38 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй байсан байна. Гэвч тэр хаягт амьдарч байгаа хүмүүс нь Б.Амарзаяаг танихгүй. Уг байрыг худалдаж авсан гэдэг юм. Иймд хариуцагч Б.Амарзаяаг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ. Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь Б.Амарзаяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны 4-5 сарын хооронд 38,000 иен зээлсэн боловч одоо түүний хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй болсон гэж тайлбарлажээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Амарзаяагийн оршин суугаа газрыг нэхэмжлэгч мэдэх, олж тогтоох боломжгүй, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлагатай болсон байх тул Б.Амарзаяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Болдбаатарын Амарзаяа /РД:ЧЕ84041863/-г эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Болдбаатарын Амарзаяа /РД:ЧЕ84041863/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Амарзаяаг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР
| ||||
| |