Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: С.Баатарсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,

Шүүгдэгч: Р.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Б-д холбогдох ......................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Р.Б /РД:.................../.

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 24-04 тоотод иргэн Д.А-ийн толгой руу сандлаар цохиж тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун дух, шанаа, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Р.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед Б-ийн гэрт очсон. Тэнд хоол идээд 2.5 литртэй том пиво 1 ширхгийг 3-уул хувааж уусан. Тэгээд Б, Э хоёртой утсаар ярьсан чинь тэр хоёр Б-ийн гэрт ирэхээр болсон. Тэр хоёр 19 цагийн үед ирэхдээ Б 2.5 литрийн 1 ширхэг пивотой ирсэн. Хэдүүлээ хувааж уучихаад байж байтал Э, Б хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь дундуур нь ороод салгаж байсан чинь Б Э руу сандал аваад шидсэн. Тэгсэн чинь тэр сандал нь миний толгой руу оносон. Тэгээд манай найз С түргэнд дуудлага өгөөд бас цагдаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 36 хуудас/,

 

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би тэр өдөр найз Б, А, Э нарын хамт гадуур гарч пиво уусан. 23 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд 0.75 литртэй харзтай архийг Б манай нөхөртэй хувааж уусан. Э, А нар 1 ширхэг том пиво хувааж уусан. Тэгээд байж байсан чинь Э, Б нар хоорондоо маргалдаад байсан. Би гарч нүүрс мод оруулаад ирсэн чинь А-ийн толгойноос цус гараад байсан. Очоод харсан чинь баруун талын хацраас нь цус гараад байсан. /хх-ийн 12-13 хуудас/,

 

Шүүгдэгч Р.Б  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед найз Э-гийн гэрт очсон. Тэдний  гэрт байж байтал Э хоёулаа Б-ийн гэрт очъё гэсэн. Тэгээд бид хоёр 19 цагийн үед Б-ийн гэрт очсон чинь Б-, түүний эхнэр С, А, Б-ийн хүүхдүүд байсан. С бид хоёр дэлгүүр ороод 0.75 грамтай Харзтай нэртэй архи 1 ширхэг, 2.5 литртэй том пиво 1 ширхгийг аваад гэрт нь ирээд би Харзтай нэртэй архинаас нь Б-тэй хамт 4 хундагыг хувааж уусан. С, А, Э нар нөгөө авч ирсэн том пиво хувааж уусан. 20 цагийн үед С, А, Э бид дөрөв Альфа бааранд ороод нэг нэг шилтэй пиво авч уучихаад 21 цаг өнгөрч байхад Буян-Арвижих гэдэг нийтийн караокед ороод 2.5 литртэй 2 ширхэг том пиво авсан. 22 цагийн үед тэндээсээ гараад буцаад Б-ийн гэрт үлдсэн 2.5 литртэй 1 том пивоо ууцгаасан. Тэгээд байж байтал Э надаас хэрүүл гуйгаад надруу дөрвөлжинд байсан түлээний модноос шидсэн чинь миний нүүрэн дээр оносон. Тэгэхээр нь би гэрийн зүүн талын орон дээр суусан чинь миний сууж байсан сандлыг аваад надруу шидсэн чинь миний зүүн талын бөөрөн дээр оносон. Тэгэхээр нь би тухайн сандлыг буцаагаад шидсэн чинь Аийг оночихсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 51-52 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч Д.А-ийн биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун дух шанаа, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3 Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18-19 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Д.А-ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 44 хуудас/,

 

Шүүгдэгч Р.Б-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54-60 хуудас/,

 

Шүүгдэгч Р.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Р.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 24-04 тоотод иргэн Д.А-ийн толгой руу сандлаар цохиж тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун дух, шанаа, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

Шүүгдэгч Р.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 24-04 тоотод иргэн Д.А-ийн толгой руу сандлаар цохиж тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун дух, шанаа, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.А-ийн Э, Б хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь дундуур нь ороод салгаж байсан чинь Б Э руу сандал аваад шидсэн. Тэгсэн чинь тэр сандал нь миний толгой руу оносон. Тэгээд манай найз С түргэнд дуудлага өгөөд бас цагдаа дуудсан. Гэрч С.Сийн Э, Б нар хоорондоо маргалдаад байсан. Би гарч нүүрс мод оруулаад ирсэн чинь А-ийн толгойноос цус гараад байсан. Очоод харсан чинь баруун талын хацраас нь цус гараад байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч Р.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №36 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.А-ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Р.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №36 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.А-ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Р.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 24-04 тоотод иргэн Д.А-ийн толгой руу сандлаар цохиж тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун дух, шанаа, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Р.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Р.Б өөрөө өөрийгөө өмгөөлж“... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Р.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

Шүүгдэгч Р.Б  нь Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот тодорхойлолт, шүүгдэгч Р.Б-ийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б г 3 /гурав/ сарын хугацаагаар эрхий бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс явахыг хориглож, 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож солихыг шүүгдэгч Р.Б-д мэдэгдэж,      

 

Шүүгдэгч Р.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.А нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал 1 ширхгийг устгаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б г 3 /гурав/ сарын хугацаагаар эрхий бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс явахыг хориглосугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож солихыг шүүгдэгч Р.Б-д мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Р.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.А нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал 1 ширхгийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ