Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01186

 

 

 

2017 оны 04 сарын 24 өдөр

 Дугаар 102/ШШ2017/01186

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 46-4 дүгээр байр, 68 тоот хаягт оршин суух Бууч овогт Шаравын Амарбаясгалан /РД: ЦЖ70021072/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6 Б байр 16 тоот хаягт оршин суух Баяуд овогт Цогтоогийн Болдбаатар /РД: УЕ73091351/-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шаравын Амарбаясгалан би Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 46-4 байрны 68 тоотод амьдардаг бөгөөд хэдэн жилийн өмнөөс Б.Ариунгуа гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон, хамтран амьдрах хугацаандаа Б.Ариунгуагийн найз н.Отгонхоролтой танилцаж гэр бүлийн найзууд болсон . 2015 оны 11 дүгээр сарын эхээр н.Отгонхорол нь надтай хамтран амьдарч байсан Б.Ариунгуагаар дамжуулан мөнгө хэрэгтэй байгаа талаар хэлж байсан бөгөөд Б.Ариунгуа надад хэлэхдээ Отгонхорол гадаад улсаас бараа оруулж ирэх гэж байгаа мөнгө нь дутаад бараа нь гааль дээр гацсан байгаа. бараагаа оруулаад ирвэл их ашиг гарах юм, чи байраа барьцаалаад зээл аваад өгчих гэж гуйсан бөгөөд Б.Ариунгуагийн ажлыг дэмжих зорилгоор би урьд нь хэд хэдэн удаа байраа барьцаалж бага хэмжээний зээл авч өгч байсан болохоор этгээд зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Ариунгуа, н.Отгонхорол нар нь Ц.Болдбаатар гэх хүнийг дагуулан ирсэн бөгөөд н.Отгонхорол би энэ хүнээс 40 сая төгрөгийн зээл авахаар болсон гэж хэлсэн. Ц.Болдбаатар хэлэхдээ энэ барьцаалаад байгаа байр чинь Амарбаясгаланийн нэр дээр байдаг юм байна тийм учраас Амарбаясгалнг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулна. Амарбясгалан чамд ямар нэг хохирол байхгүй барьцааны гэрээ хийж байхаар шууд шилжүүлээд авчихвал дээр, би Ариунгуа, Отгонхорол нартай тохирцон байгаа чамд ямарч асуудал байхгүй гэж хэлсэн. Би зээлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, мөнгийг Отгонхорол, Ариунгуа нар авч баярлалаа танд ямар нэг асуудал гаргахгүй гэж хэлээд 2 сая төгрөг өгсөн. Зээлийн гэрээ байгуулагдсаны дараа миний өмчлөлийн / Улсын бүртгэлийн дугаар:Ү-2205023691 Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 хороолол 46 дугаар байр 68 тоот 43,6м2 хоёр өрөө орон сууцыг барьцаална гэж хэлсэн боловч Ц.Болдбаатар барьцааны гэрээ хийхгүй шууд нэр дээрээ шилжүүлж авна гэж хэлээд, худалдах худалдан авах гэрээ хийж, миний орон сууцыг 5 сая төгрөгөөр үнэлэн, шилжүүлэн авсан бөгөөд өнөөдрийн байдлаар н.Отгонхорол Ц.Болдбаатарт төлнө гэсэн мөнгөө төлөөгүй худлаа хэлж цаг авч байгаа бөгөөд миний бие насаараа хурааж хуримтлуулж байж худалдаж авсан орон сууцаа алдах дээрээ тулаад байна. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган шалгуулсан боловч иргэний маргаан байна гэж үзсэн тул шүүхэд хандаж байна. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр байгуулагдсан №000157863 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай, хууль зөрчиж хийсэн хэлцэл, гэрээг хүчингүй болгож миний эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж өмчлөлийг минь сэргээж, миний нэр дээр бүртгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ш.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Болдбаатарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ц.Болдбаатар нь бүрэн хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Амарбаясгалан нь хариуцагч Ц.Болдбаатарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхийг даалгуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Болдбаатарт холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №000157863 дугаартай үл хөлдөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ү-22050223691 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 46 дугаар байрны 68 тоот, 43.6 м.кв талбайтай орон сууцыг Ш.Амарбаясгалангийн нэр дээр бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагч Ц.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбалын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,500 төгрөгийг, хариуцагч Ц.Болдбаатараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.          

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                            М.МӨНХТӨР