| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0031/э |
| Дугаар | 2022/ШЦТ/35 |
| Огноо | 2022-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: С.Баярчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Солонго,
Шүүгдэгч: Ч.Т, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Т-д холбогдох ............................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал маллах ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ч.Т, регистрийн дугаар: /...................... /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Гацай” гэх газар гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Ч.Я-г нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт, хамар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Ц.Я мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэртээ байж байхад өмнө нь саахалт айл байсан Т, Б, О нар ирсэн юм. Тэгээд хоол унд хийгээд байж байтал манай нөхөр 21 цагийн үед аймгийн төвөөс ирсэн. Тэгээд Хараа нэртэй 0.75 литрийн архи задлаад тэрнээс бүгдээрээ хувааж уучхаад манайхаас хойно байдаг ******* гэх айлд очсон. Тэднийд очоод 0.5 литрийн Соёрхол нэртэй архи задлаад’ тэрнээс хувааж ууцгаачхаад буцаад он гарахын өмнөхөн манай гэрт ирцгээсэн. Дахиад 0.5 литрийн архи задалсан. Тэгээд он гарах гээд шампанск задалж уучхаад байж байтал Б, Т нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэгсэн манай нөхөр Т та нар шинэ он гарч байхад айлд ирчихээд хэрүүл хийлээ гээд дургүйцээд байсан. Тэгсэн манай нөхөр Т-тай үхэр ярьж байгаад маргалдсан. Тэгэхээр нь би хэрүүл хийхээ больцгоо. Өнгөрсөн юмыг ярьж яадаг юм гэсэн чинь манай нөхөр хөлөөрөө миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгсэн хамраас цус гараад байсан чинь охин Б цагдаа дуудсан байсан. Манай нөхөр Ч.Т урд өмнө намайг цохиж зодож гар хүрч байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 57-58, 61 хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б ах Т-тай хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд аав Т Т ахыг “Чи хамгийн сайн малыг нь авдаг” гээд байх шиг байсан. Тэгэхээр нь манай ээж Я “болиоч” гэж хэлсэн. Тэгээд аав босож ирээд ээжийн нүүр хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Ээжийн хамраас цус гараад байсан. /хх-ийн 19-20, 63-64 хуудас/,
Шүүгдэгч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн төв дээр байж байгаад орой 20 цагийн үед хөдөө гэртээ харьсан. Тэгэхэд манай гэрт саахалт айл байсан Т, Б, О нар ирчихсэн байсан. Тэгээд бид хэд 0.5 грамттай “Хараа” нэртэй 1 шил архи уучихаад он гарахаас өмнө ******* гэдэг саахалт айлд очъё гээд бид хэд бүгдээрээ тэднийд очоод нэг шил архи ууцгаасан. Тэгээд он гарахаас өмнө буцаад гэртээ ирсэн. Шампанск задалж ууцгаасан. Тэгээд байж байтал Т, Б хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь Т ах надаас хэрүүл өдөөд байхаар нь та хүний мал хариулчихаад сорыг нь аваад байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь хариулганд нь хөлсөө авалгүй яадаг юм гээд байсан. Тэгтэл манай эхнэр Б бид хоёрыг хэрүүлээ боль гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарах гээд хөлөө татаж авах гэсэн чинь доод талд сууж байсан эхнэрийг өшиглөчихсөн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 72-73 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №66 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч Ц.Я-ын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт, хамар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19-20 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ц.Я-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1 хуудас/,
Шүүгдэгч Ч.Т-ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77-81 хуудас/,
Шүүгдэгч Ч.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Т-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ч.Т, хохирогч Ц.Я нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Гацай” гэх газар гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Ч.Я-г нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт, хамар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Гацай” гэх газар гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Ч.Я-г нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт, хамар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Я-ын манай нөхөр Т-тай үхэр ярьж байгаад маргалдсан. Тэгэхээр нь би хэрүүл хийхээ больцгоо. Өнгөрсөн юмыг ярьж яадаг юм гэсэн чинь манай нөхөр хөлөөрөө миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгсэн хамраас цус гараад байсан чинь охин Б цагдаа дуудсан байсан. Гэрч Т.Б-ын Б ах Т-тай хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд аав Т Т ахыг “Чи хамгийн сайн малыг нь авдаг” гээд байх шиг байсан. Тэгэхээр нь манай ээж Я “болиоч” гэж хэлсэн. Тэгээд аав босож ирээд ээжийн нүүр хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Ээжийн хамраас цус гараад байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Ч.Т-ын үйлдлийн улмаас хохирогч Ц.Я-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №24 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ц.Я-ын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Ч.Т-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалТ-тай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ч.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №66 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ц.Я-ын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Гацай” гэх газар гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Ч.Я-г нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт, хамар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Ч.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч П.Адъяасүрэн нь “Шүүгдэгч Ч.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ч.Т нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Т-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Т-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Я нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даавуу 1 ширхгийг устгаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Я нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даавуу 1 ширхгийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ