Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ДШМ/47

 

Б.Зд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                                        Н.Энхнаран

  Прокурор                                                             Ч.Мөнхзул

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      М.Энхтуяа

  Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч              Ө.Батболд    

  Хохирогчийн төлөөлөгч                                       Б.З нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Ү.Одгэрэл, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/206 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын хамтран гаргасан, хохирогчийн төлөөлөгч Б.З нарын давж заалдах гомдлоор Б.Зад холбогдох эрүүгийн 1821000000054 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Б.З, Монгол Улсын иргэн,  регистрийн дугаартай, 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын  дүгээр баг тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Б.З нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ногооны 11-01 тоотод төрсөн эцэг М.Бтай маргаж, улмаар зодож алсан өөрөөр хэлбэл Б.З нь хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Б.Зыг хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/206 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Б.Зыг хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч Б.Зыг 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зад оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зын цагдан хоригдсон 157 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, ...шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/206 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол бичүүлж байна. Шүүгдэгч Б.З нь: “Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшин өөрийгөө зүхэж байгаа бөгөөд та бүхэнд хандахад ч хэцүү байна. Гэхдээ насан туршдаа үйл тамаа үзэж одоог хүрсэн ээжийнхээ сэтгэл, бага балчир охиноо бодож үнэн учраа хэлж, хэргийн зарим хэсгийг эргэн харж ялыг минь бага ч гэсэн багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Төрсөн эцгээ аймшигтайгаар зодож цохиж алсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний тэнэг уур, өөрийгөө хянах чадвараа алдсан сэтгэлийн байдал зэргийг юу ч гэж ярьж тайлбарлах билээ. ...Ер нь аав бол архи ууж байнга л тээртэй байдаг. Бидний болон хүүхдүүдийн дэргэд сонсохын аргагүй муу муухай үгээр ээжийг доромжилж, хааяа цохиж зоддог. Ээж биднээс нуудаг. ...Тэгээд энэ бүх байдал тэр өдөр миний найз нөхдийг орж ирэхэд баярлаж буй мэт хандсанаа муухайгаар хэлээд л эхэлсэн. Би хүн байхад чимээгүй байгаач гэхэд нөгөө муухай зангаа гаргаж эхэлсэн ядаад найзууд гарцгаасан. Үүнд л би гомдсон. ...Дандаа дээрэлхэж, доромжилж байдаг гэсэн юм бодогдсон. Миний хувьд урьд өмнө нь аавыг ямар нэг байдлаар сэтгэл санаа, эд материал, эрүүл мэндийн хувьд дарамталж хүч хэрэглэж хүчирхийлж байсан асуудал огт байхгүй” гэж байна.

Гэр бүлийг хүчирхийлэл үйлдсэн гэдгийг ойлгохгүй байна. Энэ бол тохиолдлын шинжтэй, урьд нь бодож төлөвлөж байгаагүй, тэр өдрийн болсон маргаан хэрүүлээс л болсон асуудал юм. Гэр бүлийн хүчирхийлэл бол байнгын шинжтэй, байнга хүчирхийлэл дарамт учруулдаг, түүний үр дүнд гэж ойлгож байгаа. Мөн санаатай үр дагавар хүссэн хүсэл зоригийн илэрхийлэл байдаг гэж үзэж байна.

Иймд гэр бүлийг хүчирхийлэл үйлдэж бусдын амь насыг хохироосон гэж хүндрүүлэн үзэж байгааг зөвшөөрөхгүй байна. Бусдыг онц харгис хэрцгий аргаар алсан гэж дүгнэж байгааг бас анхаарч үзэхийг хүсэж байна. ...Энэ бүхнээс үзэхэд хэсэгхэн зуурт өөрийгөө хянах чадвараа алджээ гэдэг дүгнэлтэд хүргэж байна. Ер нь сэтгэцийн өвчингүй ч тэрхэн үед биеэ хянах чадвартай байсан эсэхийг ямар үзүүлэлтээр чадвартай байсан гэж үзэж байгаа сэтгэц гэм судлалын эмч нарын дүгнэлт хэтэрхий өрөөсгөл байна. Илүү нарийвчилсан шинжилгээ хийгээгүй гэж үзэж байна. Ар гэрийн хувьд ээж, охинтойгоо үлдсэн. Охин М нь 9 настай, төрүүлсэн эх нь хүнтэй суугаад Улаанбаатар руу явсан, холбоогүй 3 жил болох гэж байна. Энэ бүхнийг харгалзан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хасаж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн төлөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: “...Бид хохирогчийн үр хүүхдийн хувьд аавынхаа төлөө маш их харамсаж байна. ...Дүү Зын эхнэр хэдэн жилийн өмнө хүнтэй суугаад нялх охиноо орхиод явснаас хойш сураггүй байдаг. Дүү маань охиноо харж хандаж асран өсгөж байна. Одоо охин нь өнчрөөд ганц аавыгаа гэдэг хүүхэд хэцүү, гөлийсөн хүн болж байна. Бид чадах ядахаараа учирлаж хэлэх юм. Юу бодож байгаа нь мэдэгдэхгүй, хэлэхгүй, ярихгүй, ухаан орсон хүүхэд хэцүү байдаг юм байна. Ээж минь ч хэцүү байна. Иймд ядаж амьд үлдсэн нь аргагүй яс махны тасархай болохоор ялыг нь багасгаж хөнгөрүүлж өгнө үү гэж гуйж байна. Аав маань архи уудаг, ар гэртээ нэмэргүй, ээжид дарамттай байдаг байсан. Энэ талаар яривал их юм бий. Гэхдээ үхсэн аавыгаа муугаар дурсах хүн чанаргүй юм болно гээд бид юу ч хэлээгүй ээ. Хэдий муу байсан ч аав минь шүү дээ. Дүү минь ял нь багасвал ээждээ, охиндоо эрт харагдах байхаа. Охиноо амьдралд хөтлөх тулах цор ганц хүн шүү дээ. Иймд боломж байдаг бол ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн төлөөлөгч Б.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Дүүгийн маань ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Зын ялыг багасгахад татгалзах зүйлгүй” гэв.

Прокурор Ч.Мөнхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг алсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-аар зүйлчилсэн. Шийтгэх тогтоол үндэслэлтэй, ял шийтгэл тохирсон тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй хүчирхийлэл, түүний үр дагавар гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хасч, үүнтэй холбогдуулан ялыг багасгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Б.З нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын  1 дүгээр баг Ногооны 11-01 тоотод төрсөн эцэг М.Бтай маргаж, улмаар зодож  гавал тархины битүү гэмтэл, их тархины баруун зүүн тал бөмбөлөгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз хэсгийн тархины эдийн няцрал, зүүн талын 3-р хавирганы хоёрлосон хугарал, доод эрүүний хугарал, 2 шүдний хугарал, дагзны няцарсан шарх, баруун зүүн нүд, чихний дэлбээ, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунаас дух руу үргэлжилсэн уруул, эрүүний язарч урагдсан шарх, баруун чихний ар хэсэг, зүүн бугалга, баруун зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зүүн эгэм, зүүн шууны зулгаралт, баруун зүүн гарын бугалга, шуу, сарвуу, цээж, баруун суганы урд хэсэг, зүүн мөр, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн төлөөлөгч Б.З, гэрч Ж.С, гэрч Б.З, гэрч Э.С нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Зын үйлдсэн хэргийн талаарх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Харин анхан шатны шүүх зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алсан гэдэгт үндэслэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаатуулан хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

Учир нь, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, заалтыг тайлбарлахдаа тухайн хуулийн бусад хэм хэмжээний агуулгатай  уялдуулах, улмаар хуулийн хэм хэмжээ хоорондын зөрчил үүсгэхгүй байхад анхаарах нь зүйтэй. Хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг шинээр тодорхойлсон ба мөн “хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж шинээр тусгасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-ын “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн заалтын агуулгыг тогтоохдоо мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хэргийн “байнга” гэх шинж тухайн хэргийн нөхцөл байдалд байгаа эсэхийг харгалзан үзэх шаардлагатай юм. Мөн хуулийн бичвэрээс үзвэл хууль тогтоогч “тодорхой нэг хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдэх” ба “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх хоёр ойлголтыг ялгаа заагтай авч үзсэн гэж ойлгогдохоор байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж” гэж тусгасан бол мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алсан” гэж томъёолоогүй, харин “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж өөрөөр томъёолсон. Иймд чухам ямар нөхцөл байдал дээрх хоёр ойлголтыг ялгаж салгаж чадах тухай асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй.

Гэр бүл нь гэр бүлийн гишүүдийн тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэх ба энэ зарчим Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хуульд тодорхой тусгагдсан. Дээрх зарчимд харшилсан хүч хэрэглэсэн үйлдлийн үр дүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч ба хохирогч хоорондын гэр бүлийн харилцааны тэгш байдал алдагдсан байх нь гэр бүлийн хүчирхийлэл гэх ойлголтыг илэрхийлнэ.

Хэрэгт ийм нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоохгүйгээр зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг алсан гэдэгт үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-аар зүйлчлэх нь гэр бүлийн хамааралтай хүний эсрэг үйлдсэн боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гарсан хэрэг, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан үйлдэгдсэн хэрэг, тэр тусмаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйлдэл хийхдээ хохирогчийн амь насыг хохироосон тохиолдлыг хүртэл хамаатуулахад хүрч болзошгүй ба энэ нь хуулийн жинхэнэ агуулгад нийцэхгүйд хүрнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хэргээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна. 

            Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Б.З, хохирогчийн төлөөлөгч Б.З нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/206 дугаар  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан”, 2 дахь заалтаас “2.8” гэснийг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Зын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР