Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 202/ÌÀ2017/00025

 

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2017/00240 дүгээр шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  М ХХК-нд холбогдох,

Орон сууцны талбайн зөрүү 4326500 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 150000 төгрөг, нийт 4476500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч Б.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Б миний бие 32 дугаар байрны 15 тоот 79.7 м.кв 3 өрөө байрыг М ХХК- тай орон сууцны захиалгын гэрээг 2013-09-12-ны өдөр хийж м.кв-ыг нь 850000 төгрөгөөр тооцоолж нийт 67745000 төгрөгөөр худалдан авсан билээ. Уг байр нь 2015 оны 2 сард ашиглалтанд орсон бөгөөд энэхүү хугацаанд оршин суугчдаас барилгын чанар муу, талбай дутуу хэл ам гарч улмаар уг байрны СӨХ-нд хандсанаар 2016 оны 06 сард Улаанбаатар хотын *** ХХК-иас хүн ирж стандартын хэмжилтийг хийхэд манай байрнаас 5,09 м.кв дутагдсан юм. Байрны талбайн зөрүүгийн талаар уг барилгын компанийн эзэн О оршин суугчдаас хэлэхэд талбайн зөрүү байхгүй, наад хэмжилтийн компани буруу хэмжсэн байна, тиймээс ч би талбайн зөрүүг өгч чадахгүй, харин 2 м.кв-ын зөрүү байж болно. Гэхдээ энэ мөнгийг би яг одоо өгч чадахгүй, та нар явдаг газраараа яв гэсэн. Оршин суугч бидний хувьд талбайн зөрүүгийн улмаас банкны зээл төлөлт улмаар дулааны хөлс төлөлт зэргээр давхар эдийн засгийн хохирлыг амсаж хохирч байна. Иймд уг байрны талбайн зөрүү 4326500 төгрөг, талбайн хэмжилтийн төлбөр 150000 төгрөг, нийт 4476500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү гэрээнд Барилгын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 15 дугаар зүйл буюу барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн эрх үүргийн тухай зүйлийг гол болгон гэрээг иж бүрдэл загвар гарган баталгаажуулсан. Манай компани нь Залуус хорооллын орон сууцны захиалга анх авахдаа захиалагч иргэдэд тухайн захиалсан байрны м.кв-ийг тооцохдоо гадна орох үүднээс доторхи бүх талбайг тооцож оруулсан гэдгээ тайлбарлан гэрээг хуудас нэг бүрээр уншуулж танилцуулан хуудас бүрийн дор гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Энэ нь гэрээний 3-5 д заагдсан үндэслэл болно. Мөн гэрээний 6-2-т заасны дагуу иргэн С.Б нь байрны м2-ыг дутуу байна гэсэн боловч С.Б хариу тайлбар өгсөн учир хүлээн зөвшөөрч ашиглаж эхэлсэн. Захиалагч иргэд гэрээний дагуу эхний урьдчилгаа 30 хувийн төлбөрөө өгсөн боловч дараа дараачийн төлбөрийг гэрээний дагуу өгч чадаагүйн улмаас бид барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгахын тулд хөрөнгө босгох бүхий л боломжийг ашиглан 30 айлын 2 орон сууцыг барьж дуусгасан. Банкны байгууллагаас авсан нийт зээл 930 000 000 болсон бөгөөд хүүний зардалд 129 231 845 төгрөг болсон. Залуус хорооллыг барих үед дэд бүтцийн тал дээр төлөвлөгдөөгүй зардлууд гарсан. Иймд манай компани энэхүү гэрээний 3.5, 3.7, 4.2, 4.5 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэжээ. 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3-т зааснаар М ХХК-иас орон  сууцны талбайн зөрүү 4326500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 150000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 84174 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б олгож, шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч М ХХК-ийн захирал Б.О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх нотлох баримтад тулгуурлалгүй, цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Маргаан бүхий орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг 100 хувь төлөөгүй, орон сууц ашиглалтанд орсноос хойш төлбөрийг төлсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн мөнгөөр орон сууцыг барьж байгуулаагүй, түүний өмнөөс ажил гүйцэтгээгүй. Харин нэхэмжлгч нь орон сууцны төлбөрийг орон сууц ашиглалтанд орсноос хойш бүрэн төлснөөр маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдаж авсан. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц ашиглалтанд орохоос өмнө байгуулагдсан тул Ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хэзээ орон сууцны төлбөрийг төлсөн, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хэзээ гарсан зэрэг дээр үнэлэлт, дүгнэлт өгөлгүй тийм баримт байгаа эсэхийг тодруулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тохиолдолд худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдана гэсний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ алдсан. Иргэний хуулийг 189 дүгээр зүйлд зааснаар “талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсний дагуу орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар “гадна хаалганаас доторх бүхий талбай тооцогдоно, харин стандартын дагуу тагтны талбайн 30 хувийг талбайд оруулан тооцно” гэж нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал гомдолдоо орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нь үндэслэлгүй гэжээ. Ажил гүйцэтгэх гэрээний журам зөрчсөн гэдгээрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг баримталсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. 

Тухайн үед нэхэмжлэгч Б м.кв-ын дутууг мэдээд асуухад бид нар стандартын дагуу, зохих журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн учраас санаа зоволтгүй гэж хэлсэн байдаг хэрнээ одоо болохоор Болдбаатарыг орон сууцыг хүлээж авахдаа орон сууцны м.кв-ыг мэдэж байсан гэсэн нь үндэслэлгүй. Гэрээний заалтан дээр MNS:260582009 гэсэн стандартын дагуу барих гэж байсан. Стандартын дагуу барих юм бол бүх талбай ашиглагдах ёстой. Барилгын үйл ажиллагаанд мөрдөгдөх стандартын шаардлагыг зөрчсөн учраас метр квадратын зөрүү гарч ирж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд шийдвэрийг өөрчилж шийдвэрлэх  боломжгүй тул хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв. 

Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. 

Нэхэмжлэгч  С.Б нь М ХХК-нд холбогдуулан орон сууцны талбайн зөрүү үнэ 4326500 төгрөг, талбай хэмжилтийн хөлс 150000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-3/, орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ /хх4-6/, Голден моргон ХХК-ны хийсэн сууцны нийт талбайн хэмжээ, дүгнэлт /хх-10/ зэрэг баримтад үндэслэжээ. 

Хариуцагчаас бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу С.Б байрыг хүлээн авсан тул зөвшөөрөхгүй, гэрээний 6-2-т заасны дагуу  С.Б байрны м2-ыг дутуу байна гэсэн боловч С.Б хариу тайлбар өгсөн учир хүлээн зөвшөөрч ашиглаж эхэлсэн  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн байна. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3-т зааснаар М ХХК-иас орон  сууцны талбайн зөрүү 4326500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 150000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Энэ шийдвэрийг хариуцагч М ХХК-ны захирал Б.О эс зөвшөөрч “...эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан учир шаардлага гаргах эрхээ алдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдол болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Хариуцагч М ХХК-тай  2013-09-12-ны өдөр “Орон сууцны захиалга”-ын гэрээг байгуулж,   

Дорноговь аймгийн Сайншанд сумын  тоот 79,7 м.кв 3 өрөө байрны м.кв-ыг 850000 төгрөг, орон сууцны нийт үнэ 67745000 төгрөг, 2015 оны 2 сарын 18-ны өдөр байр ашиглалтад орсон, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд 2015-03-02-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ нэхэмжлэгчид олгогдсон үйл баримт тогтоогджээ. /хх3-6/ 

Орон сууцыг 2015-02-18-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээж авч, 2015-03-02-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан талаар оролцогчид маргаагүй бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-48/-аар “...32-р байрыг ХП-11-А/12 дугаартай зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дууссан тул байнгын ашиглалтад оруулахыг” зөвшөөрч шийдвэрлэсэн байна. 

Энэ талаар талууд маргаагүй ба харин талууд дээрх гэрээгээр хүлээн авсан орон сууцны талбайн хэмжээ болон гэрээнд заасан орон сууцны  талбай дутуу байгаа талаар буюу ажлын үр дүнгийн доголдлын талаар маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг  нэхэмжлэлээ Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т үндэслэсэн буюу эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргасан гэж үзсэн атлаа эд хөрөнгийн доголдлын талаар хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна. 

Энэ нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй” гэж үзэх ба хэрэгт цугларсан нотлох баримтаар орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заасантай хэрхэн яаж тохирохгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд *** ХХК-ны хийсэн хэмжилт, дүгнэлт нь дээрх байдлыг нотлоогүй ба гагцхүү Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, 32-р байрны 15 тоот орон сууцны талбай ямар хэмжээтэй болохыг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд “Орон сууцны захиалга”-ын гэрээ/хх-4/-ний 3.5-д “Гүйцэтгэгч нь барилгын талбайг барилгын зурагт үндэслэн хэмжиж гаргасан бөгөөд захиалагчийн орон сууц талбай нь гадна хаалганаас доторхи бүх талбай тооцогдоно.  Харин Монгол улсын нэгдсэн стандарт МNS 6058:2009-ын дагуу тагтны талбайн 30%-ыг худалдах байрны талбайд оруулан тооцно”, 6.2 дахь заалт буюу “байрны түлхүүр хүлээн авахдаа гүйцэтгэгч тал, захиалагч тал, хэмжүүрийн талууд байлцаж шавартай хананаас шавартай хананд хэмжилт хийж хэрвээ анхны гэрээнд тусгагдсан үнээс илүү дутуу зөрүү гарвал хоёр тал харилцан зөвшилцөж хохиролгүй болгоно” гэж орон сууцны талбайн хэмжээг хэрхэн тооцох талаар талууд гэрээндээ тохиролцсон байх ба гэрээний энэхүү заалтыг нэхэмжлэгч, хариуцагч нар хэрхэн яаж хэрэгжүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. 

Түүнчлэн анхан шатны шүүх *** ХХК нь орон сууцны талбайн хэмжээг гэрээний дээрх заалтын дагуу хэмжсэн эсэх, энэ нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн доголдол болох эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа *** ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтийг үндэслэн “Орон сууцны захиалга”-ын гэрээ /хх4/ болон гэрээний 3.5 дахь заалт нь  МNS 6058:2009 стандартыг зөрчсөн гэж үзсэн нь дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзнэ.

Хариуцагч буюу гүйцэтгэгч компани нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2009-12-24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал МNS 6058:2009  стандартын 2-р тайлбарыг хэрхэн яаж хэрэгжүүлээгүйг дүгнээгүй, түүний нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарласныг яагаад хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх боловч гэрээнд заасан ажилд буюу орон сууцны талбайн хэмжээ нь тухайн үед мэдэх боломжгүй далд доголдол байсан гэж үзэх үндэслэл, нотлох баримт хэрэгт авагдаагүйн гадна энэхүү доголдол нь эд хөрөнгийг эзэмших ашиглах явцад бий болохгүй учир эд хөрөнгийг хүлээн авах үед мэдэх боломжтой доголдол байх ба энэ талаарх нөхцөл байдлыг тодруулалгүй Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т нийцээгүй байна. 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учир гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84174 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2017/00240 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2.  Монгол Улсын Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84174 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                  Н.БОЛОРМАА