Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

   Нарийн бичгийн дарга                 М.Баярмэнд

   Улсын яллагч                                Б.

   Шүүгдэгч                                        Б.*******

   Хохирогч                                        С.

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 222300000053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эцгийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг ын хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/,

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.*******гийн  эзэмшлийн ******* улсын дугаартай ниссан адван маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч С.той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж  улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, цээжинд өшиглөж зодон  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.*******гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

                                        1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.*******гийн  эзэмшлийн ******* улсын дугаартай ниссан адван маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч С.той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, цээжинд өшиглөж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Б.******* цохисон гэж шууд тусган мэдүүлсэн хохирогч С.гийн “...******* ... жижиг цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн ...ба манай сумын урд талд байдаг морины хөшөөг заагаад өгөөч гэхээр нь машинд нь сууж яваад хөшөөгөө олоогүй тэгтэл ... ******* намайг доромжлоод байхаар нь би түүнийг машин дотор байхдаа нүүрийг нь нэг удаа самардаад гар руу нь нэг удаа гараараа цохисон, өөрөөр түүний биед хүрээгүй. Тэгтэл надад цохиулсныхаа дараа машины урд талаас буюу жолоочийн хажуу талын суудал дээрээс бууж ирээд машины зүүн хойд хаалгыг онгойлгоод миний зүүн талын хавирга руу хэд хэдэн удаа өшиглөөд баруун талын нүд, хамар дайруулаад нэг удаа цохисон. Түүний энэ цохилтоос болоод миний баруун нүд хөхөрч хамар хугарсан. ....” гэсэн мэдүүлгээр, /9-11 дэх тал/

Б.******* С.г цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч А.гийн “...Тэгтэл *******, ******* 2 маргалдаад ******* *******гийн толгой руу хэд хэдэн удаа цохиод хамар руу нь цохичихсон чинь *******гийн хамраас цус гарсан. Тэгээд ******* уурлаад *******ын нүүр рүү гараараа нэг удаа цохиод түлхээд унагаачихсан...” гэсэн мэдүүлгээр / 16-17 дахь тал/

гэрч Ө.ын “...*******, ******* нар маргалдсан. ******* г “Танай ээж чинь янхан ш дээ, танай ээж та хоёрыг шоронд суулгана” энэ тэр гээд маргалдаад байсан. Тэгээд *******, *******г гараараа нүүр рүү нь цохиод авсан чинь хамраас цус гарсан. Тэгээд ******* машинаас бууж ирээд намайг буулгаснаа г 3-4 удаа өшиглөөд гараараа нүүр рүү нь цохичихсон. ... Б.******* нь *******ыг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон, мөн машины хаалга онгойлгож байгаад 3-4 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 000000085 дугаартай “Иргэн С.*******ын биед гавал яс баруун талдаа /баруун хөмсөгний дотор дээд хэсгийн түвшинд/ дух ясны хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн С.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2022 оны 01 дүгээр сарын 20-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн С.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хүнийг цохих болон өшиглөхөд  хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч С.г цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч С.гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Б.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй байна.

Хохирогч шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин 850000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд Завхан аймгийн сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаал, өөрийн эзэмшлийн 5500081065 дугаартай дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд  гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх хиймэл эртхэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”  гэж заасан байна.

Хохирогч С. нь ямар хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй учир шүүх ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг үндэслэн 850000 төгрөг гаргуулах шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Гэвч шүүгдэгч Б.******* нь  хохирогчийн нэхэмжилсэн 850000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч 850000 төгрөгийг төлөх илэрхийллээсээ татгалзсан тохиолдолд хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч нь 2022 оны 01 дүгээр сарын 25-наас 31-ний өдрүүдэд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба эмчилгээний зардлыг шүүгдэгч нөхөн төлсөн нь хэргийн 95 дахь хуудсанд авагдсан баримтаар тогтоогдох байх тул шүүгдэгчийг эмчилгээний зардлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  зааснаар хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн нэхэмжилсэн 850.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон өмнө гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан түүнд  прокурорын саналын хүрээнд буюу 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай

6. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин 850000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч 850000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн илэрхийллээс татгалзсан тохиолдолд хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                             

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.НАНДИНЦЭЦЭГ