| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/00696/И |
| Дугаар | 102/ШШ2017/00863 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/00863
|
|
|
|
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо 15-37 тоотод оршин суух, Боржигон овогтой, Дамирангийн Батхүү /РД:УС60040507/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Монгол маамуу” цэцэрлэг өөрийн байранд байрлах, “Монгол маамуу” цэцэрлэг ТББ /РД:8131252/-т холбогдох 676,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажилд орсон. Ингээд 2016 оны 05 дугаар сарын цалин 281,000 төгрөг, 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 195,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 200,000 төгрөг тус тус аваагүй болно. Иймд 676,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Батхүү нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Монгол маамуу цэцэрлэг нь 676,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгохоор болсныг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Монгол маамуу цэцэрлэг” ТББ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус цэцэрлэгийн үйлчлэгч Д.Батхүү нь 676,000 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжилсэн цалинг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгохоор болсныг мэдэгдсэн болно” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Батхүү нь “Монгол маамуу” цэцэрлэг ТББ-т холбогдуулан 676,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Монгол маамуу” цэцэрлэг ТББ нь нэхэмжлэлийн шаардлага 676,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч Д.Батхүү зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Батхүүгийн нэхэмжилсэн 676,000 төгрөгийг хариуцагч “Монгол маамуу” цэцэрлэг ТББ нь 676,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,450 төгрөгийг хариуцагч болон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн /2602002965 тоот данс/-аас гаргуулж нэхэмжлэгч Д.Батхүүд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР