Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00862

 

017 оны 03 сарын 28 өдөр

         Дугаар 102/ШШ2017/00862

                             Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41-153 тоотод байрлах, “Жиашидэ” ХХК /РД:5392543/-ийн нэхэмжлэлтэй ,   

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 94 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, Харчин овогтой Баатарын Энхчимэг /РД:КЗ72081001/-т холбогдох 40,103,891 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, хариуцагч Б.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Энхчимэгтэй үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 70 тоот гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 18 хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 орц, 8 давхарын 94 тоот 67.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу “Жиашидэ” ХХК нийт 79,801,400 төгрөгийг төлөх ёстой байсан болно. Үл хөдлөх эд хөрнгө захиалгаар барих тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар 1 м.кв талбайн үнийг 1,190,000 төгрөгөөр тооцсон болно. “Жиашидэ” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан орон сууц барих үүргийг зохих ёсоор, шударгаар хугацаанд бүрэн биелүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд 2011 оны 10 сарын 9-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөр болох нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 37,300,000 төгрөгийг төлсөнд талууд маргахгүй болно. Захиалагч Б.Энхчимэг нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 39,801,400 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээнд зааснаар улсын комисс хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиалагч нь үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ шударгаар биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт заасны дагуу захиалагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой нийт үнийн 0,1 хувийн алданги гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу хууль болон гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй байна. Алданги тооцвол төлбөрийн хугацаа хэтэрсэн нийг 76 хоног /39,801,400 x 0.01 хувь =3980.14/= 302,491 төгрөгийг хууль болон гэрээнд заасны дагуу алдангид төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн зүгээс хариуцагч Б.Энхчимэгт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус бичгээр үлдэгдэл төлбөрөө төлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуулийн зөвлөх Р.Оюунбадам Б.Энхчимэгийн 88092072 тоот утсанд холбогдож Б.Энхчимэгтэй утсаар ярихдаа танайд өмнө нь 4 удаагийн мэдэгдэл бичгээр хүргүүлсэн боловч энэ удаа эцсийн байдлаар гэрээний үүргийг биелүүлж үлдэгдэл төлбөрөө төлнө үү, гэж Б.Энхчимэг хариулахдаа “банкнаас зээл авах тухай бодож л байна одоо яах гэхэв, шүүхийн шийдвэр нь гарна биз дээ” гэж хариуллаа. Б.Энхчимэг өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Б.Энхчимэг нь мэдэгдлийг хүлээн авлаа гэж тус бүрт нь гарын үсэг зурсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлийн хугацаа 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан болно. Иймд Б.Энхчимэгээс үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргийн гүйцэтэлд үлдэгдэл төлбөр болох 39,801,400 төгрөг, алданги 302,491 төгрөг, нийт 40,103,891 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Энхчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Энхчимэг миний бие нь 2011 оны 10 сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 дугаар орц, 94 тоот 67,06 м.кв гэх талбай бүхий байрыг 1 м.кв нь 1,190, 000 төгрөгөөр нийт 79,801,400 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ хийсэн болно. Байрны төлбөрийг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 27,300,000 төгрөгийг 5058124740 тоот данс, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10,200,000 төгрөг 5058124740 тоот данс, 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 40,000,000 төгрөгийн төлбөрийг хийж гэрээний дагуу 39,801,400 төгрөг үлдсэн нь үнэн юм. 2012 онд байрны үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн боловч компанийн хятад эзэн нь цагдаад баригдахгүйн тулд нутаг буцсан гээд хариуцах эзэнгүй 3 жил болсон. Тэр үед мөнгө төгрөгний боломж харьцангуй гайгүй байсан. Өөрсдөө яасан нь мэдэгдэхгүй алга болчихоод үндсэн мөнгөний үлдэгдэл болон алданги гээд мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох, 238.1-д биелүүлэх            хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. 238.2-т аль нэг талын шаардлагыг биелүүлэх хугацаа болоогүй байхад шаардах эрх бүхий тал зөвшөөрсөн бол харилцан шаардлагыг тооцож үүргийг дуусгавар болгож болно. 238.3-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардлагуудыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. 238.4-т хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заажээ. Эдгээрийн 238.1, 238.4-д заасны дагуу надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь бидний эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Энэ хугацаанд Монголчууд сууц өмчлөгчдийн холбоо, гаражийг авахаар хоорондоо маргалдаж, байрны төлбөрийг ч янз бүрийн хүмүүс нэхэмжилж байсан, энэ явцыг харж байсан учраас яг хууль ёсны эрхтэй хүн мөн биш нь тодорхойгүй байлаа. Нэхэмжлэлд заасны дагуу хэд хэдэн мэдэгдэл ирсэн. Хаанаас хэн болох нь мэдэгдэхгүй нэхэмжпэгч мөн эсэх нь мэдэгдэгдэхгүй хүмүүс янз бүрийн бичиг ирүүлэх буюу утсаар ярьдаг байсан. Уулзая гэхээр уулздаггүй байсан. Жишээ нь: Эхний нэхэмжлэлдээ бүр 56,000,000 төгрөгөөр бичсэн байсан. Харин дараагийн мэдэгдэлд гэрээнд заасны дагуу 39,801,400 төгрөгөөр мэдэгдэл ирсэн. Өнгөрсөн 8 дугаар сард утсаар ярьж очиж уулзья гэхэд шүүхэд өгсөн гэж хариу хэлсэн учир уулзах шаардлагагүй болжээ гэж ойлгосон. Дараа нь хуулийн зөвлөх Р.Оюунбадам гэдэг хүн ярьж та нарын өмнөөс мөнгийг чинь төлсөн мөнгөө төл гэж хэлсэн. Өмнө нь ирсэн хүмүүс очиж уулз банктай холбож өгнө гэж ярьсныг нь асуухад захиалагч өөрсдөө банкаа хариуцна гэсэн хариу өгч байсан болно. 2012 онд орон сууцанд оронгуутаа байрныхаа төлбөрийг бүрэн төлөх боломж байсан боловч хариуцах эзэн тодорхойгүйгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг алдагдуулсан тул ямар нэгэн хүү, алданги төлөх боломжгүй болохыг мэдэгдэж байна. Үлдэгдэл төлбөрийг компанитай тохиролцон хуваарь гаргаж төлөх хүсэлтэй байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь Б.Энхчимэгт холбогдуулан 40,103,891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх “Жиашидэ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Баянгол дүүргийн 18 хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхрын 94 тоот 67.06 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь худалдах, хариуцагч Б.Энхчимэг уг орон сууцыг 79,801,400 төгрөгөөр худалдан авах хүсэл зоригоо илэрхийлэн 2011 оны 10 сарын 09-ний өдөр 70 дугаар “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээ” байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-ийн 11-14 дүгээр тал/.

 

Гэрээний дагуу Б.Энхчимэг 79,801,400 төгрөг төлөхөөс 2011 оны 10 сарын 09-ний өдөр урьдчилгаа 37,300,000 төгрөгийг төлж, “Жиашидэ” ХХК нь 2012 онд орон сууцыг Б.Энхчимэгт хүлээлгэн өгчээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл төлбөр 39,801,400 төгрөг, алданги 302,491 төгрөг нийт 40,103,891 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч орон сууцны талбай гэрээгээр тохирсон хэмжээнээс бага, зөрүү 5,117,000 төгрөгийг хасуулна гэж маргасан.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.2, 4.3 дахь хэсэгт зааснаар худалдсан орон сууцны төлбөрийг 2011 онд төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.01 хувиар алданги тооцохоор тохирч, гэрээний төлбөр төлөх хугацаа дууссан байна.

 

Гэрээнд 67.06 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах худалдан авахаар тохирсон боловч орон сууцны талбайтайн хэмжээ 62.76 м.кв гэж марган үнийн зөрүү 5,117,000 төгрөгийг төлбөрөөс хасуулна гэх тайлбар гаргасан боловч талууд гэрээний 1.1-т зааснаар орон сууцны талбайг дотор хананаас тооцож 63.76 м.кв, тагтыг битүүлж 0.5 итгэлцүүрээр тооцон 3.3 м.кв буюу нийт талбайг 67.06 м.кв байхаар тохирч зургаар баталгаажуулсан байна. 

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

 

Б.Энхчимэг нь “Жиашидэ” ХХК-ийн төлбөр төлөх мэдэгдлийг 4 удаа хүлээн авсан, төлбөрийн үлдэгдэл 39,801,400 төгрөг төлөөгүй, орон сууцыг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад гомдлын шаардлага гаргаагүй байх тул тайлбан зөрүү 5,117,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардгагаас хасах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Б.Энхчимэгээс 40,103,891 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энхчимэгээс 40,103,891 төгрөг гаргуулж “Жиашидэ” ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,470 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхчимэгээс 358,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жиашидэ”  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР