Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01280

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01280

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2, Энгельс гудамж, 21-В1 тоотод оршин байх, “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2, Энгельс гудамж, 21-27 тоотод оршин суух, Алаг адуут овогт Бямбажавын Лхамсүрэн /РД: ИУ80010103/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 1,623,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдбаатар, Ч.Сарантуяа, хариуцагч Б.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдбаатар, Ч.Сарантуяа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбооны харьяа 21 дүгээр байрны 27 тоотод оршин суугч Б.Лхамсүрэн нь 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарыг хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,623,900 төгрөгийг төлөөгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй эсрэг санал өгсөн оршин суугчид, гишүүд биелүүлэх үүрэгтэй”, 13 дугаар зүйлийн 13.2.6-д “сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж байна. Түүнчлэн манай сууц өмчлөгчдийн холбооны 380 оршин суугчийн эрх ашгийг хөндөж байна. Иймд хариуцагч Б.Лхамсүрэнгээс 1,623,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Лхамсүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Лхамсүрэн миний бие ямар ч шалтгаангүйгээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй байх ухамсар мөчид хүн биш юм. Би өөрийн төрсөн эгч Б.Амаржаргалын хамтаар 2012 оны 12 дугаар сард “Хос өргөө 2” сууц өмчлөгчдийн холбоог дүрмийн дагуу байгуулан 5-н сар ажиллуулсан. Гэтэл нэг өдөр Ариунболд, Мөнгөнцэцэг тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс гарч ирэн бидний байгуулсан сууц өмчлөгчдийн холбоог хууль бус гээд өөрсдөө хурал зарлан шилжүүлэн авсан. Тухайн үед бид 4,000,000-5,000,000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд зарцуулсан бөгөөд энэ зардлаа шинэ сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулах гэхэд Сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд суутгаж тооцохоор тохиролцсон юм. Иймд “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 1,6 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад энэ төлбөрөө суутган тооцуулах саналтай байна. Б.Лхамсүрэн миний бие Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 21-27 тоот орон сууцнаасаа нүүгээд 2 жил гаран болж байна. Би байраа зарах гэж байгаа бөгөөд шинээр худалдаж авсан хүн нь журмынхаа дагуу сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөх байх гэв.

  

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Лхамсүрэнд холбогдуулан 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,623,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ “... төлбөрийг өмнө сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд зарцуулсан 5,000,000 төгрөгөөс суутгаж тооцно, би байрнаасаа нүүгээд 2 жил гаран болж байна” гэж тайлбарлав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны 27 тоот орон сууцны өмчлөгч нь хариуцагч Б.Лхамсүрэн мөн эсэх,  тухайн орон сууц нь “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.  

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

Нэхэмжлэгч “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагчаас 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжилсэн боловч “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбоо нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан болох нь Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн гарын үсэг бүхий 225 дугаар гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд 2016 оны 3 дугаар сараас хойшхи сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч Б.Лхамсүрэн нь 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрт нийт 333,500 төгрөгийг төлөөгүй нь Төрийн банкны нэхэмжлэх болон сууц өмчлөгчдийн холбооны шаардах хуудас, хариуцагчийн “...төлбөрийг өмнө сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд зарцуулсан 5,000,000 төгрөгөөс суутгаж тооцно, би байрнаасаа нүүгээд 2 жил гаран болж байна” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, тус орон сууцандаа амьдрахгүй байгаа нь хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна үйл ажиллагаа нь доголдолтой байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй. 

 

Иймд хариуцагч Б.Лхамсүрэнгээс 333,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дулаанхаан-50” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,290,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Лхамсүрэнгээс 333,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гурван өргөө 2” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 1,290,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 40,932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,655  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МӨНХТӨР