Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ДШМ/48

 

Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                                       Н.Энхнаран

  Прокурор                                                            Ч.Мөнхзул

  Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч             Д.Урансувд

  Шүүгдэгч Ц.Нийн өмгөөлөгч                              Ө.Батболд  нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Ү.Одгэрэл, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн төлөөлөгч Д.Нын давж заалдах гомдлоор Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарт холбогдох эрүүгийн 1821000000046 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Цын Н, Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй,  ам бүл 3, ээж, хүүгийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын  дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар 2 жил 4 сар 26 хоногийн өмнө суллагдсан,

Х овогт Бын Б, Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын багийн нутаг гудамжны тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Б овогт Лн Э, Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт,  ам бүл 3,  хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын багийн нутаг  гудамжны  тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Б овогт Цын Н, Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй,  ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын баг гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Х овогт Өийн М, Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын баг  гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн нутаг “Жаварт” гудамжны  тоотод хохирогч Б.Бийг цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Р.Нтай маргаж улмаар пийшингийн ширмээр цохиж, амь насыг нь хохироосон өөрөөр хэлбэл хүнийг онц харгис хэрцгийгээр зодож алсан,

Шүүгдэгч Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нар нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн нутаг “Жаварт” гудамжны тоотод хохирогч Р.Н нь бусдад зодуулсан байдалтай нас барсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч  Ц.Нандин-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Ц.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Нийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Л.Эг 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Ц.Н, Ө.М нарын эрхийг тус бүр  1 жилийн хугацаагаар  хасаж, 450 /дөрвөн зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 17 /арван долоон/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан 17 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нийн цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

6/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялаас хасаж,  72 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

7/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, Ц.Н, Ө.М нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

8/ Шүүгдэгч Б.Б нь 81 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Л.Э, Ц.Н, Ө.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

9/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нэс бусдад учруулсан гэм хорын хохиролд 3483.580 төгрөгийг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Хэнтий аймгийн Батноров суманд оршин суух хохирогч Нт олгож, хохирогчийн төлөөлөгч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, ...шийдвэрлэжээ.

Хохирогчийн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо: “Миний бие Ц.Нд 17 жил 1 сарын хугацаагаар хорих, Б.Бт 1 жилийн хугацаагаар эрх хасах, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, оногдуулсан ял нь хөнгөдөж байна гэж үзэж байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Ялтан Ц.Н нь үхсэн хүнийг үг хэлэхгүй гэж өгсөн мэдүүлэгтээ “...би эхлээд тэр залууг гараараа хэд хэдэн удаа цохисон, яг хэдэн удаа гэдгээ санахгүй байна, тэр залуу ч гэсэн намайг цохих гэсэн боловч онож цохиогүй. Тэгсэн талийгаач залуу энэ муу бандийг алъя гээд гал тогооны өрөөнд байх шүүгээнээс хутга авахаар шургуулгыг нь онгойлгосон. Тэгэхээр нь би пийшин дээр байсан ширмийг аваад талийгаачийн араас толгой руу нь 3-4 удаа цохисон” гэж илэрхий худал мэдүүлэн хүний амь насыг онц харгис хэрцгий аргаар хохироосон үйлдлээ зөвтгөх гэж оролдож байгаа, талийгаачийг буруутгах гэсэн санаатай хийсэн үйлдэлдээ харамсахгүй, гэмшихгүй, ар гэрийнхэнийг нь өрөвдөхгүй байгааг харуулж байх тул ялыг хөнгөдсөн гэж гомдож байгаа юм. Миний ах эхнэр аваагүй, хүүхэдтэй ч болж амжаагүй, гэр бүлийнхээ бүхий л ажлыг хийж явсан хорхойд хоргүй хүн байсан. Цэл залуугаараа муухай алуурчны гарт амь нас эрсэдсэнд бид харамсаад ч баршгүй байгаа. ...Ар гэрийнхэн гомдолтой, оршуулгын зардал бүрэн төлөгдөөгүй байхад хорих ялыг шүүх үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн. Бид амийг амиар л шийдүүлэхийг хүссэн даан ч манай улс цаазаар авах ялгүй болсон тул ядаж бүх насаар нь хорих ял шийтгэх, эсвэл хорих ялын дээд талаар шийдэх байх гэж итгэсэн боловч нийгэмд сөрөг үйлдэл гаргасан хүний хувьд зохимжгүй хөнгөн шийтгэл оногдуулж байх тул хорих ялыг нэмэх нь зүйтэй гэж гомдол гаргаж байна. ...

Ялтан Б.Б нь энэ гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцлийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдсэн тухайгаа мэдүүлж, хэрэг гарснаас хойш удаан хугацаанд нуун дарагдуулсан зэргээс дүгнэхэд талийгаачийг алах гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон гэж ар гэрийнхний зүгээс үзэж байгаа бөгөөд түүнд оногдуулсан ял нь хөнгөдөж оновчгүй болсон тул зохих эрүүгийн хариуцлагыг нь хүлээлгүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна. Хэрвээ Б ахыг минь дуудаж гэртээ аваачиж хамт архидаагүй байсан бол ах маань өнөөдөр инээгээд л явж байх байсан. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар бүгд гэмшиж ойлгоогүй, хүний амийг хөнөөсөн, хөнөөхөд хамт байлцсан, нууж хаацайлсан гэхэд ямар ч гэмшсэн шинжгүй үнэхээр харгис гэдгээ харуулсан. ...Б нь 72 цаг ажил хийгээд л дуусна. Энэ тохирч байна уу. Шүүх хуралдаанаас хойш нэг төгрөгний хохирол нэмж өгөөгүй. Хэд хоногоос өгнө гэж амлаж байсан. Энэ амлалт нь ч ял багасгахад нөлөөлсөн байх. Хохирогч би дэндүү их гомдлоо шүүхэд хэлж ярьж ч чадахгүй шаналж байна. Иймд миний гомдлыг авч хэлэлцэн гэм буруутайгаар хүнийг санаатай алсан гэмт хэрэгтэнд оногдох ялыг хүндрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие ...сургуульд сурч байгаагүй, ямар нэгэн боловсрол эзэмшээгүй. Миний ар гэрийн амьдрал үнэхээр хэцүү, арга ядахдаа л хүүгээ авч Матад суманд айлын мал харж байгаад гэртээ ирэхэд эхнэр Б танихгүй залуутай хэвтэж байхаар нь үнэхээр ухааныг нь олоогүй. Гэсэн хэдий ч би уурлаж бухимдаж хэрүүл маргаан үүсгээгүй байсан. Би өөрийгөө өмөөрч мэдүүлэг өгөөгүй. Надад ч гэсэн маш хэцүү байна. Хохирогч нарын хохирлыг төлье гэсэн сэтгэл надад байлгүй яах вэ. Даанч хүний эрхэнд байгаа болохоор, мөн амьдрал ахуйн хувьд үгээгүй ядуу болохоор хохирол төлж чадахгүй байна. Би өөрийн гэм нүглийнхээ хариуд энэ хохирлыг ялтны хөдөлмөр эрхлээд ч болтугай төлж барагдуулах болно. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч талаас дахин дахин уучлалт гуйж байна. Би ард үлдэж байгаа ээж Х.Х /хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай/, хүү Н.Х /4 настай/ нартаа үнэхээр их санаа зовж байна. Болдог бол цаг хугацааг буцаагаад ч хамаагүй өөрөө зодуулаад гэрээсээ хөөгдөөд яваад өгөх минь яав даа гэж харамсаж сууна. Иймд надад оногдуулсан 17 жилийн ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Н болон түүний ар гэрийнхэн Ц.Н болон бусад хүмүүст оногдуулсан ялыг бага байна. Хуульд заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, хохирол төлбөрөө төлөөгүй байхад Ц.Нд 17 жилийн хорих ял оногдуулаад байгаа нь тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршигт тохирохгүй байна. Ахад нь хүн ёсоор хандаагүй учраас энэ хүнд насан  туршид гомдолтой байна гэж хэлсэн. Хохирлын мөнгө 6 000 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 3 483 850 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн ар гэрийнхэнд өгөхөөр тогтоосон боловч нэг ч төгрөг өгөөгүй. …Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдсон Б.Б, Ц.Н, Л.Э, Ө.М нарт оногдуулсан торгуулийн ял шийтгэл нь тухайн хуульд заагдсан хэр хэмжээнээс багадуулж оногдуулсан байна. Учир нь, худал мэдүүлсэн асуудал нь хүний амь нас хохирсонтой холбоотой асуудал шүү дээ. Б.Бийн хувьд хуульд заасан ялын хамгийн хүнд хэлбэрийг оногдуулсан байгаа боловч түүнээс болж энэ гэмт хэрэг гарсан. Иймээс энэ хүнд эрүүгийн хариуцлага тооцох асуудалд шүүхээс анхаарч өгөөч гэсэн саналыг тавьсан байгаа” гэв.   

Шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Тухайн өдөр Ц.Н мал харж, амьдрал ахуйнхаа төлөө яваад ирэхэд эхнэр нь амь хохирогчтой нэг гэрт 3 өдөр архи уусан байдалтай байхад нь ороод энэ харамсалтай хэрэг гарсан байгаа. Шүүгдэгчийн хувьд амьдралын боломжгүй ядуу зүдүү учраас нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй нь үнэн. Төлнө гэдгээ өөрөө илэрхийлж байсан. Иймээс Ц.Н ял шийтгэлээ багасгах талаар давж заалдах гомдол гаргаагүй. Шүүх хууль хэрэглээнийхээ хувьд 12-20 жил байхад 17 жилийн хорих ялаар шийтгэсэн нь энэ хүний ялыг багадуулсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Ц.Нандин-Эрдэнийн хувьд эхнэр нь өөр хүнтэй хэвтэж байгааг хараад энэ асуудалд холбогдсон байгаа. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 17 жилийн хорих ялаас тодорхой хэмжээгээр хөнгөлж өгөхийг хүсэж байна. Ял шийтгэлээ биеэр эдэлж байгаад, өөрийн хөдөлмөрөөр хохирогчийн ар гэрийг нь мөнгөн төлбөрийн хохиролгүй болгоно” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Нийн хувьд мөрдөн байцаалтын шатанд, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаарх гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Мөн бусад шүүгдэгч нар ч мэдүүлдэг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж дээрх шийтгэлийг оногдуулсан байна гэж үзэж улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 208 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн нутаг “Жаварт” гудамжны 239 тоотод хохирогч Б.Бийг цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Р.Нтай маргаж улмаар пийшингийн ширмээр цохиж, амь насыг нь хохироосон өөрөөр хэлбэл хүнийг онц харгис хэрцгийгээр зодож алсан,

Шүүгдэгч Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нар нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн нутаг “Жаварт” гудамжны 239 тоотод хохирогч Р.Н нь бусдад зодуулсан байдалтай нас барсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Р.Нын цогцост задлан шинжилгээ хийсэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Бийн биед хөнгөн хохирол учирсан талаар үзлэг хийсэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.Ш, С.Р, Ө.Ө, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судласны үндсэн дээр Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарын үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна

Шүүх шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар … оногдуулах хорих ял”-аас 17 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор /30 хоног/ тооцон 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  түүний цагдан хоригдсон 81 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож /648/ эдлэх ялаас нь хасаж, 72 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Л.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ц.Н, Ө.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд хохирогчийн төлөөлөгч Д.Нын “…Ц.Н, Б.Б нарт оногдуулсан ял хөнгөдсөн” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасан нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг хасах ялаас чухам алийг нь хэрэглэхийг заалгүй орхигдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт “нийтийн албанд ажиллах эрх”-ийг хасах ялыг оногдуулахаар, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн  1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг:

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цын Нийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Шүүгдэгч Бын Бийн нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Лн Эийн нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Цын Н, Өийн М нарын нийтийн албанд ажиллах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 450 /дөрвөн зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Нийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                        Ж.ДОЛГОРМАА