Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0539/З |
Дугаар | 221/МА2016/0121 |
Огноо | 2016-02-17 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0121
Д.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 752 дугаар шийдвэртэй, Д.Б-н нэхэмжлэлтэй, Батлан хамгаалахын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/08 дугаар “Томилох, цалинжуулах тухай” тушаалаар “Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-т менежерийн албан тушаалд офицерын орон тоонд энгийнээр томилогдон, уг орон тооны зэрэглэлийн дагуу цалинжин ажиллаж байсан билээ. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын Б/21 дугаар тушаалыг гарахын өмнө “Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ын захирлын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/031 дүгээр тушаалаар надад цалингүй чөлөөл олгосон учир 2 сарын хугацааны сургалтад хамрагдаж байсан. Миний бие сургалтаа болон чөлөөний хугацаа дуусаад 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирснээр 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаалтай танилцаж, ажлаас чөлөөлөгдсөн болохыг мэдсэн. Энэхүү тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх ба үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд, хууль бус захирамжийг хүчингүй болгон миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Батлан хамгаалахын сайдын 2008 оны 65 дугаар тушаалаар баталсан Офицерын алба хаах тухай журмын 3 дугаар зүйлийн 3.2.4-д “Офицерын албан тушаалд энгийнээр томилогдсон иргэнийг офицерын албанд шилжүүлэхдээ тухайн албан тушаалд 6 сараас доошгүй хугацаагаар ажиллуулсны дараа анги, байгууллагын санал, мэргэжлийн газар, хэлтсийн дүгнэлтийг үндэслэн офицер бэлтгэх дамжаанд элсүүлэн суралцуулна. Офицер бэлтгэх дамжааг төгссөн иргэнийг офицерын албанд авч цэргийн цол олгоно. Офицерын албан тушаалд энгийнээр ажиллах хугацаа 1 жилээс хэтрэхгүй байна” гэж заажээ.
Д.Б-н ажиллаж байсан “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ын менежерийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Төрийн алба, түүний ангиллын 3.3.3 дахь заалтад байгаа “төрийн тусгай алба”-д хамаарах бөгөөд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаал томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд иргэн Д.Б-г томилох болон түр чөлөөлөх эрхтэй. Хуулийн энэ харилцаа зөрчигдсөн байна. Тодруулбал, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ын захирал нь Д.Б 2 сарын цалингүй чөлөө олгосон нь хууль бус шийдвэр юм. Мөн иргэн Д.Б нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасан “хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Иймд, миний бие хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд буюу Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9.-д “Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалыг зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг уг албан тушаалтан өөрөө, хэрэв уг албан тушаалтан хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлээгүй бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол сайд тус тус хүчингүй болгоно” гэж заасны дагуу дээрх шалтгаан, нөхцөлийг харгалзан Д.Б-г албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд түүний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 752 дугаар шийдвэрээр: Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дугаар бүхий “Чөлөөлөх тухай” тушаалын Д.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Б-н ажлаас халагдсан 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг хянаж, шийдвэр гаргахдаа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл“ Төрийн өмчит үйлдвэрийн газар нь бие даасан хуулийн этгээд тул тус үйлдвэрийн газрын 2013 онд батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.2-д “байгууллагын батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд иргэнийг ажилд авахдаа ... албаны дарга хүлээн авч судалж шаардлагатай бол санал боловсруулж яамны холбогдох албан тушаалтанд танилцуулсны үндсэн дээр ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх тухай шийдвэр гаргана” гэх мэт Хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтуудыг үндэслэл болгосон нь шүүх хуралдаанд оролцогч талуудын зөвхөн нэхэмжлэгч талд асуудлыг ашигтай байх үндэслэл гаргасан нь шударга бус асуудал гэж үзэж байна.
Учир нь, Батлан хамгаалахын сайдын 2008 оны “Офицерын алба хаах журам”-д заасны дагуу батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын цэргийн орон тоон дээрх албан тушаалд томилогдох хүмүүсийг яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогддог талаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг гаргахдаа энэ талаар тодорхой тусгасан.
Шүүхийн гаргасан энэхүү шийдвэрт дүгнэлт хийвэл “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрийн газарт Д.Б-г анх ажилд томилсон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал нь “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын бүрэн эрхэд хөндлөнгөөс орж хүнийг ажилд авсан буруу шийдвэр байсан, харин Батлан хамгаалахын сайдын 2015 оны Б/21 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэдэг батлагдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанд оролцогч талуудаас гаргасан эрх зүйн акт материалыг хянан судлахдаа нэг талыг хэт барьсан, шүүх хуралдаанд оролцогч иргэдийн төлөөлөгчөөс гаргасан санал дүгнэлтийг шүүхийн шийдвэрт зориудаар тусгаагүй зэрэг хариуцагч талын эрх ашигт ижил тэгш хангаагүй гэж үзэж байна.
Иймд миний гомдолд заасан үндэслэлийг хянан үзэж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 752 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Боос “Батлан хамгаалахын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Батлан хамгаалахын сайдад холбогдуулан гаргажээ.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Д.Б-г “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрийн газарт менежерээр 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс офицерын орон тоонд энгийнээр томилсон байна.
Улмаар Д.Б “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/031 дүгээр тушаалаар өөрийнх нь хүсэлтийг үндэслэн суралцах хугацааны цалингүй чөлөөг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар олгожээ.
Уг чөлөөний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Батлан хамгаалахын сайд “Чөлөөлөх тухай” Б/21 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгч Д.Б-г “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын менежерийн үүрэгт ажлаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байх бөгөөд сайд тушаалдаа “Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн гэж” нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг заасан боловч үндэслэлүүд нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан үндэслэлээс зөрүүтэй, өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актад заасан тэтгэврийн насанд хүрсэн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эсвэл ажил олгогчтой тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл байдал бий болоогүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх үндэсгүй.
Тодруулбал, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд тус газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ерөнхий захирлаас нэхэмжлэгч Д.Б суралцах хугацааны цалингүй чөлөө олгосон байхад түүнийг томилох, чөлөөлөх эрхгүй этгээд болох Батлан хамгаалахын сайд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн бус албан тушаалтны өөрийнх нь санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” заалтыг баримтлан Д.Б-г үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй, зөрчилтэй гарсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх хуулийн нэр, зүйл заалтыг буруу бичсэн, нэхэмжлэгч Д.Б-н ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцоогүй зэрэг алдаа гаргасан байх ба шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан байна.
Иймд, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 752 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын Д-н Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай” гэж, “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын “...03 дугаар сарын 30-ны...” гэснийг “05 дугаар сарын 01-ний” гэж ...........тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр
үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ