| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01636/И |
| Дугаар | 102/ШШ2017/01320 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/01320
| 2017 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/01320 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК /РД: 2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 15-53 тоот хаягт оршин суух, Бүсүүд овогт Ням-Осорын Хишигтогтох /РД: ПЮ86061605/-д холбогдох
Гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 391,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Хишигтогтохнь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Мобиком Корпораци” ХХК-тай “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 8ат$ип§ Оа1аху Л маркийн гар утсыг 275,000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ”-ний 22776686 тоот гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багц үйлчилгээ авсан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна. Дээрхи хуулийн зүйл, заалтын дагуу хариуцагч Н.Хишигтогтох нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, төлөхийг хэд хэдэн удаа шаардсан боловч одоог болтол төлөхгүй байгаа учраас гэрээнд заасан гар утасны төлбөр болон ярианы төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон “Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-нд заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 234,993 төгрөг, “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ”-ний гэрээний 6-р зүйлд заасны дагуу гар утасны ярианы төлбөрийн үлдэгдэл болох 156,661 төгрөг, нийт 391,655 төгрөгийг хариуцагч Н.Хишигтогтохоос гаргуулж өгнө үү гэжээ”
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр миний бие нь хариуцагч Н.Хишигтогтоход холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 391,655 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Н.Хишигтогтоход холбогдуулан гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 391,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлага болох 391,655 төгрөгийг төлсөн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Хишигтогтоход холбогдох гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 391,655 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,400 төгрөгийн тал хувь болох 6,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК -д буцаан олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР