Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01321

 

 

 

2017 оны 05 сарын 08 өдөр

 Дугаар 102/ШШ2017/01321

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Хаан банкны подвалд байрлах, “МГЛ ТЕХ” ХХК /РД: 2765675/-д холбогдох,

 

Дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 7,065,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МГЛ ТЕХ” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 09 дүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 4,710,000 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 3 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.

 

Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй бүртгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо.

 

Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан заалтын дагуу “МГЛ ТЕХ” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 4,710,000 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 2,355,000 төгрөг бүгд 7,065,000 төгрөгийг “МГЛ ТЕХ” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 15100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.   

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй 7,065,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “МГЛ ТЕХ” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр болох 4,710,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлсөн, 1,710,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний дотор төлнө. Нэхэмжлэгч нь алданги болох 2,355,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.     

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “МГЛ ТЕХ” ХХК-д холбогдуулан дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 7,065,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “хариуцагч “МГЛ ТЕХ” ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр болох 4,710,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь алданги болох 2,355,000 төгрөгөөс татгалзаж, 1,710,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                            

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч “МГЛ ТЕХ” ХХК-д холбогдох, дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 7,065,000 төгрөг гаргуулахыг тухай иргэний хэрэгт “хариуцагч “МГЛ ТЕХ” ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр болох 4,710,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь алданги болох 2,355,000 төгрөгөөс татгалзаж, 1,710,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                М.МӨНХТӨР