Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00820

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00820

                    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 23/3 дугаар байр, 56 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, Байшинт овогтой Ганболдын Гэрэлтуяа /РД:УХ85032201/-ийн нэхэмжлэлтэй ,       

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 28/1дугаар байр, 27  тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, Цөхрүүд овогтой Цогтгэрэлийн Амарсайхан /РД:ЧК85033012/-д холбогдох тэжээн тэтгүүлэгчид гарсан нэмэлт зардал 32,177,151 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Гэрэлтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачинба, Г.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагч Ц.Амарсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, гэрч З.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Г.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Гэрэлтуяа миний бие 2005 оны 08 сард Ц.Амарсайхантай гэр бүл болж, 2005 оны 11 сарын 11-нд охин А.Эгшиглэнг төрүүлсэн. Ц.Амарсайхантай таарамжгүй харилцаатай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болж улмаар 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 433 дугаар шүүхийн шийдвэрээр бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахдаа охин А.Эгшиглэнг миний асрамжид үлдээн, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Амарсайханаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс охин бид хоёрт ямар нэгэн хувь ногдоогүй. Учир нь Гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр болон шинээр бий болсон хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоос олж авсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг эцэг, эхийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан. Ц.Амарсайхан нь өөрийн охины тэтгэлгийг өгөхгүй жил гаран хугацаа өнгөрсөн тул Г.Гэрэлтуяа миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж тэтгэлгээ авах болсон. Гэрлэлтээ цуцалснаас хойш 3 жил гаран хугацаа өнгөрч байхад Ц.Амарсайхан нь охин А.Эгшиглэнтэй нэг ч удаа уулзах нь битгий хэл утсаар яриагүй. Охин А.Эгшиглэн одоо 6 дугаар ангид элсэн орсон, энэ хугацаанд охины сургалтын төлбөр, хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэх зорилгоор дугуйланд хамруулсан төлбөр, хувцас, хоолны мөнгө, хичээлийн хэрэгслийн мөнгийг миний бие ганцаараа эцэг, эхийнхээ тусламжтайгаар дааж ирсэн би төсвийн байгууллагын ажилтан энэ бүхний төлбөрийг ганцаараа төлж, байнга эцэг, эхээсээ авах хэцүү байна. Ц.Амарсайхан нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн ...” бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсан мэтээр худлаа бичиг баримт үйлдэж, бусдад итгэл үнэмшил төрүүлсээр ирсэн. Өөрийн охиндоо анхаарал халамж тавьдаггүй, эцэг хүнийхээ үүргийг ухамсарлахгүй, охин маань эцгийн хайр энэрэл мэдрэхгүй өсч байна. Ц.Амарсайхан нь тархины өвчтэй унаж татдаг, бөөрний дутагдалтай, түрүү булчирхай шохойжилт өвчтэй гэж бусдад итгэл үнэмшил төрүүлэхийг зорьдог. Ц.Амарсайханыг өөрийн сайн дураар охин А.Эгшиглэнд өөрийн бололцоогоор тусалж, дэмжих байх хэмээн найдлага тавьж өдийг хүрлээ. “Хүүхэд өсгөнө” гэдэг зөвхөн хооллох, ундлах, хувцаслахын нэр биш, тэднийг асран халамжлах, осол эндэгдлээс сэргийлэх, эрүүл мэндэд нь анхаарах, өвдөхөд нь энэрэн асарч сувилах, сургууль соёл, орон байраар хангах, зөв бодол санааг төлөвшүүлэх, хүсэл зоригийг нь сонсох ээлжгүй үүрэгт албыг олон жил Г.Гэрэлтуяа миний бие ганцаар үүрч ирлээ. Бид гэр бүлээ цуцлуулсан тусдаа амьдарч байгаа боловч охин А.Эгшиглэнг асран хамгаалж, тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, боловсрол хүмүүжил олгоход эцэг, эх хоёр нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-д зааснаар тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Бид хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө харилцан адил үүрэг хүлээх ёстой тул бидний охиноос гарсан, гарч байгаа, ирээдүйд гарах зардлын 50 хувийг эцэг Ц.Амарсайханд хариуцуулах, тусламж, дэмжлэг өгч, анхаарал халамж тавихыг даалгуулах хүсэлтэй байна. Охин А.Эгшиглэнгийн дунд сургуульд орсноор түүнд гарах зардал хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөл байдал үүссэн бөгөөд цаашид ч энэ зардал өссөөр байх болно. Гэтэл охины эцэг Ц.Амарсайхан нь 11 жил өөрийн хариуцлагыг эх Г.Гэрэлтуяа надад даалгаж ирсэн нь шударга бус юм. Би төсвийн байгууллагад ажилладаг өдийг хүртэл миний эцэг, эх дээрх ачааллыг хүлээж ирлээ. Миний эцэг, эхэд өөрийн үүргийг өдий хүртэл үүрүүлсээр ирсэн Ц.Амарсайхан одооноос өөрийн үүргээ хүлээх хэрэгтэй. Иймд охин А.Эгшиглэнгийн 2013-2016 онд буюу гэрлэлт цуцлуулснаас хойш эх Г.Гэрэлтуяа миний гаргасан доорх зардлын 50 хувийг охины эцэг Ц.Амарсайхан хариуцах ёстой гэж үзэж байна. Үүнд: Сургалтын төлбөр 2013 21,000,000 201631,000,000, бүртгэлийн хураамж 2013 он 550,000, хоолны мөнгө 2013 он 580,000, 2014 он 680,000, 2016 он 1,117,000, дүрэмт хувцас 366,900, 2015 он 325,500, 188,900, Найрамдал зуслан 2014 он 175,000, карт цэнэглэх 2015 он 20,000, 2016 он 110,000, картын орлого 2016 он 50,000, монтажийн төлбөр 2016 он 100,000 шалгалтын төлбөр 2016 он 210,000, ангийн хуримтлал 2015 он 120,000, хичээлийн хэрэгсэл 2015 он 106,003, амьдрах ухаан 2016 он 195,000, нийт 64,354,303 төгрөг. Хүүхдэд онцгой халамж тавих, туслалцаа үзүүлэх шаардлага байгаа талаар Хүүхдийн эрхийн тухай 1924 оны Женевийн тунхаглал, Ерөнхий ассамблейгаас 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Хүүхдийн эрхийн тунхаглал болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (23,24-р зүйлүүд), Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Хүүхдийн аж байдлын асуудал эрхэлсэн олон улсын болон төрөлжсөн байгууллагуудын холбогдох баримт бичиг, дүрмээр тус тус хүлээн зөвшөөрсөн. Хүүхдийн эрхийн тухай конвенцийп 18 дугаар зүйлийн 18.1-т “...хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийнхоо хэрээр хүчин чармайлт тавина. Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх ...гол хариуцлагыг хүлээнэ. 26 дугаар зүйлийн 26.2-т “Хүүхдийн болон түүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хүмүүсийн нөөц боломж, нөхцөл байдал, хүүхэд өөрөө буюу түүний нэрийн өмнөөс тэтгэмж хүсч гаргасан өргөдөл, холбогдох бусад зүйлийг харгалзан тэтгэмж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ”гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн Хуулийн арван долдугаар зүйлд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж заасан. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2.1-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 26.2.3-т “...түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох”, 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг, эхийн үүрэг хэвээр байна”. 48 дугаар зүйлийн 48.1-т “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно”. 47.2-т “Тэжээн тэтгүүлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсноос тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 6.2.Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ”. 10 дугаар зүйлийн 10.1.1-т "Хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх”; 10.1.2-т “Хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх”; 10.1.3-т "Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөө урьдчилан сэргийлэх, хамгаалах”; 10.1.5-т “Хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах”; 10.1.6-д “Хүүхдийн нэр тор, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах”; 10.1.7-д “хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах", 10.1.8- д “Хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах”, 10.1,9-д “Хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх”, 10.1.10-т “Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах” зэргийг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлсон. Мөн зүйлийн 10.2-т “Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Охин А.Эгшиглэнд гарсан зардал 32,177,151 төгрөгийг эцэг Ц.Амарсайханаас гаргуулах, ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Гэрэлтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачинба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь Ц.Амарсайханаас 32,177,151 төгрөг гаргуулах тухай байгаа. Ц.Амарсайхан нь Г.Гэрэлтуяатай 2005 оны 08 сард гэр бүл болсон. 2005 оны 11 сард охин А.Эгшиглэн төрсөн. Г.Гэрэлтуяа, Ц.Амарсайхан нар цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул 2013 оны 02 сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл цуцлахад шүүхээс охин А.Эгшиглэнг эх Г.Гэрэлтуяагийн асрамжид үлдээж эцэг Ц.Амарсайханаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож шийдсэн. Тухайн шүүхийн шийдвэрээр охин А.Эгшиглэн болон Г.Гэрэлтуяа нарт ногдох хэсгүүд нь оногдоогүй байдаг. 2013 оноос хойш нэг ч төгрөг өгч байгаагүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн. Ц.Амарсайхан эцэг хүнийхээ үүргийг биелүүлээгүй бөгөөд ухамсарладаггүй. Гэрлэлт цуцалснаас хойш Г.Гэрэлтуяа нь хүүхдийн бүх зардлыг өөрөө хариуцаж байгаа бөгөөд төрийн байгууллагад ажилладаг тул зардлыг ганцаараа дааж чадахгүй болсон. Охин 2017 онд 12 нас хүрч анги дэвшин суралцаж дунд сургуульд орсон тул сургалтын төлбөр болон бусад төлбөрийг нь төлж чадахгүй байдалд хүрсэн. Иймд хариуцагч Ц.Амарсайханаас Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг байх үүргийг нь биелүүлж тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа. Ц.Амарсайхан нь тухайн сургуулийг өөрөө судалж, хайж байж оруулсан. Заавал төлбөртэй сургуульд сургана гэж шаардаж байгаад оруулсан. Гэр бүлийн тухай хуультай холбоотойгоор эцэг эх нь хүүхдийн зардлыг адил тэнцүү гаргаж өгөх ёстой гэж заасны дагуу 32,177,151 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Гэрэлтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Амарсайхан, Г.Гэрэлтуяа нар 2005 онд гэр бүл болсон. Тухайн үед Ц.Амарсайхан нь ажилгүй байсан. Би хүмүүстэй ярьж байгаад ашигт малтмал, газрын тосны газар оруулж өгсөн бөгөөд амьдрал нь дээшилсэн. Би гадаад явсан ч Ц.Амарсайхан дагуулж явдаг байсан, өмсөх хувцасыг нь авч өгч байсан. Байр авна гэж явсаар байгаад 24 дүгээр сургуулийн шинэ байранд орсон. Байрны гэрчилгээ гарсан уу гэхэд гараагүй гэж хэлсэн боловч тухайн байрыг өөрийн ээжийн нэр дээр, машиныг өөрийн аавын нэр дээр шилжүүлсэн байсан. Ц.Амарсайхан нь тэтгэлэг төлөх боломжтой. Хэрэгт өгсөн фото зургийг өөрийнх нь эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд боломжтой хүн гэдгийг нотлохын тулд гаргаж өгсөн. Өвчтэй байсан бол бидэнд хэлж болох байсан. Бид эрүүл мэндийн байдлын талаар мэддэггүй байсан. Эцэг хүн өөрийн хүүхэдтэйгээ ямар нэгэн байдлаар холбогдох ёстой байсан. Хүүхдээ баярлуулж үзээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 2013 оноос хойш гарсан охины зардлууд он оноор нь хуваан гаргаж хэрэгт хавсаргасан байгаа гэжээ.

 

Хариуцагч Ц.Амарсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Амарсайхан миний бие охиныхоо төлөө амьжиргааны аливаа зардлыг өөрийн тэтгэмжийн мөнгөөр төлж ирсэн бөгөөд гэрлэлтээ цуцлуулахдаа ч охиндоо зориулан дундын гэсэн өмч хөрөнгө бүхнийг тэдэнд үлдээж, гэрлэлт цуцлуулснаас хойш ч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлж байна Өөрөөр хэлбэл үүргээ үргэлж биелүүлж ирсэн одоо ч биелүүлж байгаа. Харин охины боловсролын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй” олгохоор заасны дагуу жирийн амьдралтай бусад хүмүүсийн адилаар амьдралын боломжиндоо тохируулан харьяаллын дагуу Улсын тэргүүний 24 дүгээр дунд сургуульд суралцуулах бүрэн боломжтой байсан. Хэрэв өндөр төлбөртэй сургуулийн төлбөр төлөөгүйг эцгийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх юм бол жирийн сургуульд хүүхдээ сургаж байгаа, сургуулийн секц дугуйланд суралцуулж хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлж байгаа мянга мянган эцэг эхчүүдийг ч мөн адил үүргээ биелүүлэхгүй байна гэж харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч Г.Гэрэлтуяа өөрийн хүсэл зорилгоор ямар ч хэлцэл, болзолгүйгээр төлбөрийг сайн дураараа төлчихөөд Ц.Амарсайхан надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие нэхэмжлэлийн мөнгийг төлөх үүрэг бий юу, өөрөөр хэлбэл талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн үү? Үүрэг үүсэх үндэслэлийг Монгол улсын Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан байдаг бөгөөд талуудын хооронд аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй, болзол тавигдаагүй тул үүрэг үүсэх үндэслэлгүй юм. Хүүхдийн эрхийн тухай конвенцын 27 дугаар зүйлийн 27.2-т Эцэг эх... хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэжээ. Миний боломж, чадавх бол хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж маань юм. Миний бие 03 настайгаасаа өвчний улмаас тархины хавдартай гэж оношлогдож олон жил эм тариа, антибиотекын эмчилгээг удаан хугацаанд хийлгэж байсны улмаас хоёр бөөрөндөө уйланхай (киста)-ууд үүссэн, идэр залуу насандаа түрүү булчирхай маань шохойжилттой болсон. Дээрх өвчнүүдийн улмаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр “Тархи ба төв мэдрэлийн тогтолцооны бусад хэсгийн хоргүй хавдар" гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж улсаас халамжийн тэтгэмж авч байна. 16 наснаасаа хойш халамжийн тэтгэмж авч байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Ц.Амарсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү 1987 онд гэнэт ухаан алдаж тархины хавдраар өвдсөн. 1992 онд Орос, Хятад, Шанхайд эмчилгээнд явж байсан. Францад эмчилгээнд явж байхдаа зураг авахуулсан бөгөөд тэр нь өнөөдөр хэрэгт авагдаж байна. Ач охин А.Эгшиглэнг 24 дүгээр сургуульд оруулах гэж байсан боловч хадам аав, ээж хоёр нь Олонлог сургуульд бүртгүүлчихээд ирсэн гэж байсан. Г.Ганболдын 09 сарын 01-ний өдөр А.Эгшиглэнг дагуулаад сургууль дээр нь байсан зураг байгаа. Миний хүү ашигт малтмалын газар ажиллаж байхад нь би өглөө болгон сэрээдэг байсан. Миний хүү 10-11 цагийн хооронд унадаг байсан. Ц.Гэрэлтуяа үүнийг мэдэж байгаа. Олон жил эм тариа хэрэглэснээс болж дээшээ доошоо гүйлгэдэг байсан гэдгийг ч мэдэж байсан. Би тэр болгоныг нь цэвэрлэж өгдөг байсан. Машиндаа гадуур болон дотуур хувцсыг олноор авч явдаг байсан. Г.Ганболд хэрэв өвчтэйг нь мэддэггүй байсан бол яагаад даралт бууруулах зорилготой бугуйвч, зүүлт авж өгч байсан бэ. Гэр бүл салах асуудлыг Г.Ганболд, н.Эрдэнэчимэг нар гаргаж ирсэн. Хамгийн анх гэр бүл салалтын нэхэмжлэлийг н.Эрдэнэчимэг өөрөө бичиж гарын үсэг зурсан. Гэр бүл дотор маргах асуудал зөндөө байсан боловч дор бүр нь эвлэрдэг байсан. 2012 оны 09 сарын 03-нд Олонлог сургуульд охинтойгоо уулзах гэж очсон боловч аавтайгаа уулзаж болохгүй гэж хэлсэн гэж байсан. Охины төрсөн өдөр болоод би очих уу гэж ярихад бид хангалуун байгаа гээд утсаа тасалж байсан. Бид уулзах гэж их оролдсон. Тэтгэмжийг бид өгч байсан. Амьд байгаа дээрээ эцэг хүнийхээ үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж байгаа. 33,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид чадлынхаа хэрээр өгч байсан гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Г.Гэрэлтуяа нь Ц.Амарсайханд холбогдуулан тэжээн тэтгүүлэгчид гарсан нэмэлт зардал 32,177,151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. Үүнд:  

 

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 02 сарын 07-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр Г.Гэрэлтуяа, Ц.Амарсайхан  нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас 2005 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн охин А.Эгшиглэнг эх Г.Гэрэлтуяагийн асрамжид үлдээж, эцэг Ц.Амарсайханаар охин А.Эгшиглэнг хуульд заасан хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Гэрэлтуяа нь охин А.Эгшиглэнг 2013-2016 онд "Орчлон" дунд сургуульд суралцуулахад гарсан зардал болох сургалтын төлбөр, бүртгэлийн хураамж, хоолны мөнгө, дүрэмт хувцас, ном, дэвтэр, хичээлийн хэрэгсэл, Найрамдал зуслан, шалгалт, монтаж, ангийн хуримтлал, хичээлийн төлбөр нийт 64,354,303 төгрөгийг төлсөн тул гарсан зардлын 50 хувь буюу 32,177,151 төгрөгийг эцэг Ц.Амарсайханаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ц.Амарсайхан нь суурь боловсролыг төрөөс төлбөргүй олгодог, төлбөртэй сургуульд суралцуулах талаар харилцан тохиролцоогүй, зайлшгүй гарах зардал биш, группд байдаг тул хариуцахгүй гэж маргажээ.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно" гэж, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно" гэж тус тус заасан байна.

           

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх боловч хүүхдийг өөрийн асрамжид байлгаж байгаа эцэг, эх хүүхдэд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-26.2.4-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад төлбөртэй сургуульд суралцуулах ойлголт шууд хамаарахгүй.

 

Өөрөөр хэлбэл Г.Гэрэлтуяа нь гэрлэлт цуцалснаас хойш охин А. Эгшиглэнгийн сургуулийг өөрчлөхдөө ерөнхий боловсролын төлбөргүй сургуульд суралцуулах боломжтой байхад "Орчлон" дунд сургуульд суралцуулсан, ингэхдээ Ц.Амарсайхантай зөвшилцөж хэн нь ямар үүрэг хүлээх талаар харилцан тохиолцоогүй байна. Түүнчлэн тэжээн тэтгүүлэгчид хуульд заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, тогтоогдохгүй байна.

 

            Мөн хэрэгт авагдсан Ц.Амарсайханы Нийгмийн халамжийн дэвтэр, эмчлүүлэгчийн карт, Нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтэр, Даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр Ц.Амарсайхан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан группд байдаг болох нь нотлогдож байна. 

 

            Иймд Ц.Амарсайханаас 32,177,151 төгрөг гаргуулах тухай Г.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан үндэслэлгүй байх тул Ц.Амарсайханаас 32,177,151 төгрөг гаргуулах тухай Г.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,480 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР